Дэлхийг хамарсан цар тахлын аюул олон салбарт нөлөөлж байгаагийн нэг нь спорт. Хамгийн их үзэгчтэй уралдаан тэмцээн хойшилж, тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Спорт клубүүдийн орлого зогсож, шууд дамжуулалтын гэрээнүүд дахин яригдаж, ивээн тэтгэлэг, сурталчилгааны зардал хумигдан спорт бизнесийн салбар тэр чигтээ нуман тулгуурт шахагдав. 1896 оноос эхтэй олимпын наадам 1916, 1940, 1944 онд зөвхөн дайны улмаас л цуцлагдаж байжээ. Хүйтэн дайны айдас 1980, 1984 оны олимпыг зогсоож чадаагүй. Түүнчлэн SARS, Зика вирусийн аюул ч 2004, 2016 оны олимпод садаа болоогүй билээ. Тамирчдын хувьд олимпын циклд тааруулан бэлтгэл сургуулилалтаа маш нарийн төлөвлөдөг. Спорт шинжлэх ухаан болтлоо хөгжөөд буй энэ үед олимп хойшилж, урагшилж буй нь тийм ч таатай зүйл биш. Токио-2020 зуны олимп эхлэхэд сар гаруй хугацаа үлдсэн энэ үед япончуудын олимпийн эсрэг хөдөлгөөн эрчээ авч байна. Тэгвэл цар тахлын үеийн хүнд нөхцөлд зохион байгуулагдах гэж буй Токиогийн олимпын талаар ямар байр суурьтай байгаа бол...
Жүдо бөхийн хүнд жингийн олимпийн хошой аварга Тедди Ринер- "Би заавал ялах ёстой чухал тулаан хийж байна. Тиймээс энэ тулаанд буюу цар тахал хэмээх өрсөлдөгчөө ялах нь хамгийн чухал" гэжээ.
Дэлхийн усан сэлэлтийн мастер Том Дэйли-“Олимп нэг жилээр хойшилсон. Дахиад хойшилбол үзүүлэх амжилт маань буурах нь тодорхой. Гэхдээ хүмүүсийн аюулгүй байдал хамгийн чухал”
2016 оны Риогийн олимпийн 200 метрийн сэлэлтийн мөнгөн медальт Дафне Шипперс- “Токио хотод болох олимпыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлээд "Коронавирусийн эсрэг тэмцэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд олимпийг төлөвлөсний дагуу зохион байгуулж болно"
2019 оны гепатлоны дэлхийн аварга Катерина Жонсон-Томпсон- “Олимп нэг жилээр хойшлох тухай шийдвэр гэнэтийн, зүрх зүсэм боловч зөв шийдвэр байсан. Учир нь, энэ бол хүн бүрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал. Одоо ч дахин хойшлуулахад буруудахгүй"
Таеквондогийн олимпын хошой алтан медальт Жейд Жонс- "Дөрвөн жилийн турш сэтгэл зүрхээ зориулж бэлдсэн боловч олимп хойшилсон. Харин одоо дахин ийм зүйл давтаагдаасай гэж хүсэхгүй байна. Мэдээж, би гэр бүл болон эрүүл мэндээ нэгдүгээрт тавьдаг гэдгээ хэлэх нь зүйтэй байх”
Япон гаралтай, талбайн теннисний од Наоми Осака- “Мэдээж хэрэг, би олимп болоосой гэж хүсч байна. Гэхдээ одоогоор маш чухал асуудлууд яригдаж байна. Миний бодлоор олимпыг зохион байгуулах нь хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй хэрэг. Тэгэхээр сайн хэлэлцэх хэрэгтэй л дээ. Би бол ердөө л нэг тамирчин. Эх оронд минь цар тахал нүүрлэж байна” гэжээ.
"Токио-2020" олимп сүүлийн хоёр жилийн хугацаанд их зүйл үзэж туулж байна. Эхлээд нэг жилээр цуцлагдсан бол одоо галт бамбарын буухиа нь цар тахлын улмаас удаа дараа саатаж байна. Мөн хилийн чинадаас үзэгч авахгүй гэдгээ мэдэгдэж, олимпын наадам үзэгчгүй явах болоод байна. "Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах өртөг хэдийнэ 26 тэрбум ам.доллар давсаныг "Businessinsider" сайт онцолж байна. Тус сайтын судалгаагаар Токиогийн олимпыг нэг жилээр хойшлуулахад Япон нэмж 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Тус улс анх 2020 оны олимпыг 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй зохион байгуулна гэж байв. Гэвч хэдийнэ тооцоолсон зардлаас нь илүү их мөнгө урсчээ. Гэхдээ энэ нь асуудал биш. "Токио-2020" олимп даатгалд хамрагдсан. Юу юунаас илүү Япон цар тахлын үед олимпын наадам зохион байгуулахыг хүсч байгаа. Тус улсын эрх баригчид “Олимпын наадам нь хүн төрөлхтөн цар тахлыг ялсны баяр байх болно” гэж мэдэгдсэн. Мөн ирэх 2022 онд Бээжинд өвлийн олимп явагдана. Тэгэхээр энд мэдээж бүс нутгийн далд өрсөлдөөн явагдаж байгаа юм. Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Хашимото Сэйко, Японы Олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиро тэргүүтэй төлөөлөгчид шагнал гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжим, шагналын тавцангийн загварыг танилцуулсан билээ. Наадмыг зохион байгуулагчид шагнал гардуулах ёслолын ажиллагааг байгаль орчинд ээлтэй байлгахад ихээхэн анхаарал хандуулжээ. Тухайлбал, шагналын тавцангуудыг дахин боловсруулсан хуванцраар хийсэн байна. Мөн 2011 онд газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы зүүн хойд нутаг дахь сэргээн босголтыг илтгэн харуулах үүднээс тухайн үед ашиглаж байсан түр хорогдох байрны үлдэгдэл материалуудыг мөн тавцан бүтээхэд ашиглажээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр туслах сайн дурын 500 ажилтны өмсөх хувцасны хувьд кимоно болон орчин үеийн хувцсыг хослуулсан загвараар бүтээж, өнгийг нь медаль тавих тавцангийн өнгөтэй адил олимпын үндсэн таван өнгийн нэг болох хөх өнгөөр сонгосон байна. Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" олимп, паралимпын наадмын үеэр медаль гардуулах 878 ёслол зохион байгуулагдах бөгөөд эдгээр ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг алдарт хөгжмийн зохиолч Сато Наоки зохиожээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )