Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын хөгжүүлэх 2022 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд дараах дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлжээ.
УИХ-аас 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд төсвийн зарлагыг 14.8 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь, төсвийн алдагдлыг 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувь байхаар баталсан. Тухайлбал, төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлээр 2022 оны орлогыг 13.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон. Энэ нь 2021 оны батлагдсан дүнгээс 1.4 их наяд төгрөгөөр буюу 12 хувиар өсөхөөр тооцсоныг харуулж байгааг тус зөвлөлөөс онцолжээ. Харин Монголбанкны суурь төсөөллөөр төсвийн орлого 12.7 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан орлогоос 500 орчим тэрбум төгрөгөөр бага дүн юм. Цар тахлын эрсдэл буураагүй, эдийн засгийн идэвхжил бэхжээгүй, уул уурхайгаас бусад салбарын өсөлт эмзэг байгаа үед төсвийн орлогын төсөөлөл хэт өөдрөг байж болзошгүй хэмээн дүгнэжээ. Тиймээс Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг бүхэлд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэж үзсэн байна. Цаашид цар тахлын улс орныг улам хамарч, эдийн засгийн байдалд ноцтойгоор нөлөөлснөөр төсвийн орлого буурч, 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд заасан төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө хүрэлцэхгүй байх эрсдэл үүсэхээр байгааг анхаарч үзэх ёстойг зөвлөв.
Төлөвлөгөөний төсөлд тусгагдсан 263 зорилт, арга хэмжээг эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэх замаар цар тахлын сөрөг нөлөө арилаагүй үед төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг сайжруулах боломжтой аж.
Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байдаг. Гэвч улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 263 зорилт, арга хэмжээний 14.4 хувийнх нь санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 17.9 хувийнх нь хөрөнгийн хэмжээг тусгаагүй байгаа нь анхаарал судлаачдын анхаарлыг татсан байна. Цар тахлыг даван туулах, боловсрол, санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгохтой холбоотой зорилт, арга хэмжээнүүдийн 25-аас дээш хувийнх нь санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн хэмжээ тодорхойгүй гэж гарчээ. Иймд санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулах хөрөнгийн хэмжээ нь тодорхойгүй байгаа зорилт, арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийн тооцоог хийж, тусгасны дараа батлах нь зүйтэй гэж үзжээ.
Монгол улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.2 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөлд тусгаад байгаа. Энэ нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилтийн 57 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна гэсэн үг. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, концесс, компани, аж ахуйн нэгжийн санхүүжилт, хандив, тусламж зэргээс эх үүсвэрээс өндөр хамааралтай байгааг илтгэжээ. Улмаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод энэ бүхэнд дүгнэлт хийж үзэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бодлогын арга хэмжээ гэх байдлаар дотор нь илүү тодорхой ангилан цэгцлэх санал гаргасан байна.
Үүнээс гадна хөгжлийн төлөвлөгийн төсөлд тусгасан газрын тос дамжуулах хоолой барихыг хасаж, оронд нь төмөр зам болгох санал болгожээ. Учир нь монголчууд өөрсдөө төмөр замаа 2-3 дахин хямд барьж чаддаг болсон. Түүнд хэрэглэдэг цементээс эхлээд бараг бүх материал, хүн хүч дотоодын нөөцөөс бүрдэж байгаа нь цар тахлын өнөө үед дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээг дэмжинэ. Монголын Зүүн бүс дэх малын өвс тэжээл, газрын тос тээвэрлэх шаардлагатай их баялгийг төмөр замаар хямд тээвэрлэх боломжтой. Чойбалсан хот төмөр замаар Оростой холбогдсон байдаг бөгөөд алсдаа Оросоос түүхий газрын тос авах шаардлагыг харгалзан үзэхийг зөвлөсөн байна. Мөн зэс, газрын тос, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүчний судалгаа, хайгуулыг нэмэгдүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн оролцоог хангаж, дэмжиж ажиллахыг уриалжээ. Хайгуулийн хөрөнгө оруулалтыг 50-100 сая ам.долларт хүргэх шаардлагатай аж. Томоохон компаниуд хайгуулд багагүй мөнгө зарцуулдаг. “Эрдэнэт”, “Рио тинто” зэрэг компаниуд хайгуулыг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа олон удаа хэвлэлээр зарласан. Үүнийг төрөөс дэмжих хэрэгтэйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн судлаачид онцолсон байна.
Сэтгэгдэл ( 3 )
Зөв санаа биш үү, давхар ашигтай ч байж мэдэхээр
-40” хэмийн хүйтэнд халтар Энэтхэгүүдээр нефть дамжуулах хоолой бариулах гээд байгаа учрыг ердөө олсонгүй.Ядахад 40 хэмийн халуунд амьдардаг амьдралдаа ийм төсөл хэрэгжүүлж үзээгүй өөрсдийнхөө хэрэгцээг ч хангаж чаддаггүй улсаар шүү.Бас нэг төр засгийн тэнэг ажил бол 10 аймгийн дулааны станцыг Солонгосуудаар хийлгэх ажил.БНСУ улс 2015 онд нүүрсхүчлийн хийг хязгаарлах Парисын тунхаглалд нэгдсэн улс.ЭНЭ ТӨР ЗАСГИЙН АЖИЛ ОЮУЭРДЭНЭ ГЭЭЧ ДЭЭД БОЛОВСРОЛГҮЙ АМЬТНЫ ХИЙХ ГЭЖ БАЙГАА АЖЛУУД ИЙМЭРХҮҮ
Ха ха .,..ингээд тархи угаалт баригдав аа ..,