Бангладеш, ОХУ-ын биологичид нарийн мөчтэй Leptobrachium төрлийн мэлхийн шинэ төрөл зүйлийг нээж, тэдгээрийн хувьслын онцлогийг тодорхойлжээ. “Journal of Natural History” сэтгүүлд бичсэнээр, энэхүү нээлт тус бүс нутгийн биологийн олон янз байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах юм.
Шинэ төрлийн мэлхий биетэй нь харьцуулахад маш том толгойтой, бүлтгэр том нүдтэй, нүдний зовхи нь тод улаан өнгөтэй, урт мөчтэй гэнэ. Leptobrachium sylheticum мэлхий бусад ижил төрлөөсөө эрүүний доод хэсэг дэх тод улаан толбо болон бусад нарийн биеийн бүтэц, өнгөөр ялгаатай гэнэ. Түүнчлэн, эрдэмтэд молекул генийн аргаар энэхүү мэлхий генийн дарааллын хувьд бусад төрлөөсөө ялгаатай тул цоо шинэ төрөл зүйл болохыг нотолжээ.
Өдгөө Leptobrachium төрлийн 38 зүйл мэлхий Хятадын өмнөд хэсэг, Мьянмар, Энэтхэгийн зүүн хэсэг, Их Зондын арлууд болон Филиппинд амьдардаг байна.
Бангладеш нь хүн амын өндөр нягтшил, хотжилтын улмаас биологийн олон янз байдлыг судлах ирээдүйтэй улсад тооцогддоггүй байна. Ихэнх байгалийн экосистем алдагдсан нь биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлжээ. Тиймээс тус улсад үлдээд буй цөөхөн ширэнгэн ойн биологийн олон янз байдлыг хадгалан үлдэхийн тулд судалгааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж Москвагийн улсын их сургуулийн профессор, хоёр нутагтан судлаач Николай Поярков үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )