Замын-Үүдэд зангирсан асуудлыг шийдэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Замын-Үүдийн байдал эл хуль ч, хил гарах гэсэн ачааны авто машины урт цуваа үүсчээ. Монгол Улсын урд хил, үүд хаалга энэ боомтод уг нь өдийд ёстой л түм түжигнэж бум бужигнаж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байдаг сан. Дэлхий дахиныг хамарсан энэ цар тахал ганц Хятад,  Монголын хилийн боомтуудыг ч биш улс орнуудын хилийн боомтуудын хөл хөдөлгөөнийг хумиад байгаа билээ.

Урьдын сайхан цагт  Замын-Үүд боомтоор хүнс, гутал, хувцас, барилгын материал гээд зүсэн зүйлийн бараа бүтээгдэхүүн ачсан авто машинууд, цүнх, гахай чирсэн хүмүүсийн цуваа хөвөрдөг байв.

Аюулт цар тахлын улмаас өнөөдөр тэр бараа бүтээгдэхүүний урсгал, хөл хөдөлгөөн татарч, энэ бүхнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ аль хэдийнэ өсчихсөн. Үнийн энэ өсөлт өнөөдөр олон сараар хөл хорионд ажилгүй суусан халаас нимгэн иргэдэд хатуухан нударга болон бууж байна. Үүнийг дараах жишээгээр тайлбарлая. Нэг кг элсэн чихрийн үнэ өнөөдөр 200 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд цайны боов, боорцог гээд гурилан бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Мөн арматур болон барилгын материалын үнэ нэмэгдэхэд орон сууцанд орох бодолтой, орох гэж байсан өрх бүлийн боломж салхинд хийсч мөрөөдөл болон үлдэж байна. Аливаа зүйлийн үнэ өсөх хэрээр иргэд худалдан авалтаа багасгаж хэмнэлтийн горимд шилжинэ. Бүсээ чангална. Үүний цаана өнөө л ажлын байр, цалин хангамжийн асуудал хөндөгдөх нь гарцаагүй. Улам лавшруулж харвал сульдсан эдийн засаг үнийн өсөлтөд нэрвэгдэж сөхөрч унана гэсэн үг.   Үнийн энэ өсөлтийн гол учиг, зангилаа нь өнөөдөр Замын-Үүд боомтод байна. Энэ боомтоор орж ирэх, экспортод гарах ачаа эргэлтийн хурд саарсан явдал нь хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга орон сууц гээд бүхий л зүйлийн үнийг өсгөөд буй юм. 

Замын-Үүд боомтод өнөөдөр ачааны 2000 орчим автомашин урд хөршийн хил нэвтрэх ээлжээ хүлээн зогсч байна. Урд хөрш рүү өдөрт ачааны 130 орчим   автомашин л хил нэвтэрч төрөл бүрийн  бараа бүтээгдэхүүн  татан авч буй юм. Тэгэхээр нэг автомашинаар сардаа нэг удаа л хил нэвтэрч тээвэр хийнэ гэсэн үг.

Үүнээс шалтгаалж тээврийн зардал огцом, бүр огцом нэмэгджээ. Тухайл­бал,  Эрээнээс Замын-Үүдэд ачаа татаж ирэхэд өмнө нь 2500-3000 юань байсан бол өнөөдөр 7000-8000-д хүрчээ.

Харин Улаанбаатар хот оруулах бол урьд нь 14-15 мянган юанийн ханштай байсан. Тэгвэл өнөөдөр  45-50 мянган юань болж өссөн хэмээн орон нутгийн иргэд ярьж байна. Ачаа тээврийн зардлын энэ өсөлтийг Эрээнээс бараа бүтээгдэхүүн явуулж буй худалдаачин төлөхгүй. Ачаагаа хүлээн авч буй иргэн, аж ахуйн нэгж ч бас халааснаасаа гаргахгүй. Бараа бүтээг­дэ­хүүний үнэ нэмэгдэх замаар зөв­хөн эцсийн хэрэглэгч буюу  жирийн ир­гэд  бидний нуруун дээр ирж шингэж буй юм. Ийм учраас Засгийн газар, УОК-оос удаа дараа ажлын хэсэг гарч Замын-Үүд боомтод  очиж ажилласан. Үүний үр дүнд өдөрт хил нэвтрэх ачаа­ны автомашины тоо хоёр дахин нэмэгджээ.

УОК-оос томилогдож тус боомтод  байр­лан ажиллаж буй ажлын хэсгийг Бат­лан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахалж байна.  Энэ ажлын хэсэгт БХЯ, ЗТХЯ, МХЕГ, ГЕГ, ЦЕГ, орон нутгийн удирдлагууд, ачаа тээврийн жолооч нарын холбоод багтаж хамтран ажиллаж асуудлыг шийдэх гарц гаргалгааг олж байгаа юм.

Тус ажлын хэсгийн ахлагч Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Бидний шийдэх гээд байгаа энэ асуудал бол нэг ёсондоо манай улсын нийгэм,  эдийн засагт туссан өвчин шүү дээ. Тэгэхээр бид оношоо зөв тавьж  таарсан эмчилгээ хийх ёстой. Ингэж асуудлыг шийдэж өвчнөө илааршуулна. Замын-Үүд бол онцгой бүс. Энэ бүсийг бид ногоон байлгаж байж цар тахлын хүнд үе, эдийн засгийн хямралыг даван туулах болно. Иймд ажлын хэсэг болон ард иргэд бүгд хичээж ажиллах учиртай. Өнөөдөр орон нутагт хөрөнгө мөнгө, хүн хүчний дутагдал байна. Гэсэн хэдий ч бид гар хумхиад, зовлон тоочоод сууж болохгүй. Хүссэн, хүсээгүй асуудлаа шийдэх л ёстой” хэмээсэн билээ.

Замын-Үүд бол яах аргагүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт гол нөлөө үзүүлдэг боомт. Энэ боомтын үйл ажиллагаа зогсвол манай улсын эдийн засгийн хөдөлгүүр доголдоно гэдгийг  дээрх ачаа тээврийн зардлын өсөлт, автомашины түгжрэл, хүмүүсийн хөл хөдөлгөөний байдал тодоос тод шууд  хэлээд өгч байна.

Ажлын хэсгээс ачаа тээврийн жолооч нарыг бөөгнөрүүлэхгүй байх бодлого баримталж авах арга хэмжээ,  шийдвэрээ хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал, Хятадын талд 54, Монголын хилийн зурваст мөн тооны жолооч байрлаж бусадтай хавьталд орохгүй, халдвараас сэргийлэх хамгаалалтын битүү цагаан хувцастай өдөр бүр ажиллаж байна. Мөн Замын-Үүдээс бусад орон нутаг, Улаанбаатар хотыг зорих ачаа тээврийн автомашиныг Шаргын овоо гэдэг газарт аваачиж өгдөг  өртөөчлөн явдаг жолооч нар бий. Ингэж өртөөчлөн явахад ачааны нэг автомашин 3-4 гар дамжиж эзэндээ эргэж ирэх бөгөөд түүн дээр ачсан бараа бүтээгдэхүүн зах зээлээ сая нэг юм зорьдог  ажээ.

 

Өөрөөр хэлбэл, Замын-Үүд болон хилийн зурваст олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлах нь тус боомтыг ногоон бүс болгон барих гол аргын нэг юм. Үүнээс гадна ажлын хэсгээс хэрэгжүүлэх бас нэг гол бодлого, шийдвэр нь хил гарахаар цуван зогсч буй  ачаа тээврийн автомашинд цахимаар   дарааллын дугаар олгоно. Ингэснээр тухайн ачааны автомашины эзэн цахим бүртгэлээс өөрийн тээврийн хэрэгслээ хаана байгаа, хэд хоногийн дараа хил нэвтрэх, хэдийд очиж ачаатай автомашинаа авах зэрэг асуудлыг цахимаар хянах боломж бүрдэх юм.  Мөн  хойно, урд нь ямар,  ямар тээврийн хэрэгсэл байгаа, өөрийнх хэд дүгээрт дугаарлаж буйг ч бүрэн харж болох аж. Хамгийн гол нь ачаа тээврийн хөөсөрсөн зардлыг бууруулах асуудал ч бас үүнд багтаж байгаа юм. Учир нь хилээр нэвтэрч буй автомашины эздэд ачаа тээврийн зардлын үнэ хөөсрүүлж өсгөхгүй байх хатуу шаардлага тавина. Хэрэв үнэ хөөргөдвөл автомашиныг нь дахиад хил нэвтрүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авах бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн урдуур, хойгуур авто машин дараалал  дайруулаад оруулчихлаа гэсэн хэл ам, хардлага сэрдлэг ч арилна гэсэн үг. Учир нь цахим бүртгэлд орсон тул хэний авто машин хаана, хэддүгээрт дугаарлаад явж буйг өдөр бүр цахим сүлжээгээр нээлттэй хардаг, хянадаг  болно. Ийм цахим систем хэрэгжсэнээр дараалал дайраад  автомашин орж ирлээ гэхэд хэн, хэзээ оруулав гэдэг нь буух эзэнтэй, буцах хаягтай тов тодорхой харагдах юм. Энэ бүх хараа хяналт зөвхөн тухайн автомашины эзэнд ногдоно. Тэр хүн цахимаар бүгдийг нь хянаж өнөөдөр дараалалд зогсч буй автомашинуудад ямар хөдөлгөөн гарч буй мэдээллийг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр хялбархан хараад сууж байх боломж бүрдэх юм.

Ийм эмх цэгцэнд орсноор Хятадын талд өдөрт нэвтрүүлэх ачааны авто машины тоог нэмэх асуудлыг нүүр бардам тавих нөхцөл бүрднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хятадын тал “Эрээн ногоон бүс, танай талаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэх аюул байгаа учраас өдөрт хил нэвтрэх  автомашины тоог нэмэгдүүлэх боломжгүй” гэсэн асуудал тавьж буй гэдэг. Байдал ийм байхад ачаа тээврийн авто машины жолооч нарын холбооны зарим нөхөр цахим систем нэвтрүүлж дугаар олгох, эмх цэгцэнд орохыг  эсэргүүцэж хэл ам хийх  хүмүүс ч бас  байна.

Нутгийн зарим иргэний ярьж буйгаар тэр хэл ам хийж буй нөхдүүд өөрсдөө таваас дээш машинтай гэнэ. Эмх цэгцгүй, ачаа тээврийн үнэ хөөсөрсөн хэвээр байх нь тэр хэдэн хүнд л ашигтай, бусад жолооч  тэднийг дагаж намирхаас илүүтэй автомашин нь хэзээ хил нэвтрэх нь тодорхой байхыг хүсч байгаа хэмээсэн юм. Ой мод урттай богинотой гэдгийн адилаар   олны дунд хувийн эрх ашгаа бодсон, зөвхөн амиа хичээсэн хүмүүс  байж л таараа. Ийм ч учраас ямар ч ажил хийсэн элдэв шүүмжлэлд өртөх нь жам ёсны зүйл. Шүүмжлэлээс айгаад олонхийн эрх ашгийг хөсөрдүүлж цөөнхийн санаанд нийцэх нь улсын, төрийн бодлого биш. Ийм ч учраас УОК-оос томилогдож Замын-Үүд боомтод ажиллаж буй ажлын хэсгийнхэн шийдвэртэй алхам хийх, бодлого хэрэгжүүлэхээ зарлаад байгаа юм. Орчин үед технологи хөгжсөн байхад түүнийг ашиглаад өөрт, өрөөлд ч амар байдлаар асуудлыг шийдэж яагаад болохгүй гэж. Үр дүнд нь  Замын-Үүд ногоон бүс болж өдөрт хил нэвтрэх ачаа тээврийн авто машины тоо нэмэгдэх боломж бий. Хятадын талтай тохиролцож чадвал Ногоон бүс-Ногоон бүс хоорондоо  ачаа эргэлтийн хэмжээгээ нэмэх нь цаг хугацааны асуудал болох юм. Хамгийн гол нь Замын-Үүдэд зангирсан асуудлаа яаралтай шийдэх нь ажлын хэсгийн нэн тэргүүний зорилго болоод байна.

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар албаны хүмүүсээс авсан тодруулга хүргэж байна.

Н.Пүрэвдорж: Тээвэрчдийн  байгууллага нь очер бичээд явж байгаа тул маргаантай асуудал гараагүй

Замын-Үүд сумын Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагч ахмад

-Нутгийн иргэд олон машин задгай талбайд дугаарлуулж байгаль экологи сүйтгэж байна гэсэн гомдол гаргадаг гэсэн.  Нөхцөл байдал ямар байна вэ?

-Замын-Үүд суманд одоогоор 2000 орчим тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлэх гээд  дугаарлаад зогсч  байна. Үүний 384 нь чөлөөт бүсийн хашаанд, үлдсэн 1500 гаруй нь гүний гаалийн хашаанд дугаарлаад байгаа. Ерөнхийдөө Хятадын талаас өдөрт  100 тээврийн хэрэгсэл хүлээж авна гэснээс болж энэ бөөгнөрөл, хүндрэл үүссэн.  Эдгээр авто машиныг дугаарлуулах том талбай байхгүй учраас эрүүл газар машинуудыг байрлуулсан. Энэ нь байгаль орчинд хор хөнөөл үзүүлж байгаа гэж иргэд үзэж буй юм.

-Нэг автомашин хэдий хугацааны дараа хил нэвтэрч байна. Хил нэвтрэх дараалалд ачааны автомашиныг яаж оруулж байгаа юм бэ?

Нэг машин дунджаар нэг сар орчим дугаарлаж байж хил нэвтэрч байна. Хил нэвтрэх тээврийн хэрэгслийг Шаргын овоон дээр хүлээн авч байгаа. Жолооч нь тэнд машинаа үлдээгээд буцдаг. Тэндээс сэлгээний жолооч  аваад Замын-Үүдэд оруулж ирж задгай талбайд дугаарлуулдаг. Хятадын хилээр нэвтрэх дугаар нь болсон ачааны автомашиныг  Чөлөөт бүсийн хашаанд оруулж ирж байршуулдаг. Чөлөөт бүсэд тусгаарлагдсан 54 жолооч бий тэд хил нэвтрэх автомашиныг 0 цэгт хүргэж өгдөг.  Тэгээд Хятадаас мөн тооны жолооч ирж аваад хил нэвтрүүлж байгаа.

-Тухайн автомашины эзэн өөрөө явахгүй учраас очер дайрлаа гэсэн асуудал гаргадаг уу?

-Үгүй. Бид очер дугаарыг АТҮТ, цагдаагийн байгууллага, тээвэрчдийн холбоод хамтарч хяналт тавиад зохицуулдаг. Төлөөллийн байгууллага нь оролцоод очер дугаараа бичээд явж байгаа тул ямар нэг маргаантай асуудал гараагүй.

А.Сакен: Гааль дээр ачаа бараа саатсан асуудал байхгүй

Замын үүд дэхь Гаалийн газрын бүрдүүлэлтийн газрын ахлах байцаагч

-Урд хөрш рүү хил нэвтэрч ачаа тээвэр автомашин маш олон байна. Харин  өнөөдрийн байдлаар гаалийн ажил  ямар байдалтай байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гаалийн бүрдүүлэлтийн ачаалал ерөнхийдөө гайгүй.  Өдөрт  “Е-транс” терминал дээр дунджаар 120 тээврийн хэрэгсэл, 1,4 тэрбум төгрөгийн татварын орлогын бүрдүүлэлт орж  ирж байна.  Харин  нөгөө талд авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор гээд өөр терминал  бий. Тэнд  ойролцоогоор  өдөрт 15 машин,  зуун сая төгрөгийн  гаалийн бүрдүүлэлт хийгдэж байна.  Шинэ бүтээн байгуулалтаас болж  хоёр терминал нийлж ажиллаж байгаа учраас үдээс хойшдоо хүмүүсийн бөөгнөрөл үүсэх гээд байдаг тал бий. Үүнээс  бусдаар бол дажгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

-Гааль дээр нэлээд хэмжээний ачаа бараа түгжирсэн гэж  яригдаад байгаа тэр асуудал юу болж байна вэ?

-Гааль дээр ачаа бараа саатсан асуудал  байхгүй. Энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой асуудал юм.  Хоёр улсын хоорондын ачаа тээвэр, татан авалттай холбоотой л түгжрэл байгаа.

-Цар тахлын үед иргэд, ААН-ын үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон.  Энэ нь гаалийн орлого бүрдүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Одоогийн байдлаар энэ оны  хагас жилийн төлөвлөсөн орлого биелсэн. Харин хоёрдугаар улиралд тасалдаад явж байна. Энэ нь өнгөрсөн  дөрөвдүгээр сард хил хаагдаж хөдөлгөөн  зогссонтой холбоотой. Хятадын тал ачаа тээврийн автомашин хүлээж аваагүй. Үүнээс  шалтгаалж орлого бүрдүүлэлт 50 хувиар тасарсан. Гэхдээ  хоёрдугаар улиралд орлого тасалдсан боловч хагас жилээрээ биелсэн байгаа.

"Монголын Мэдээ" сонин /2021.06.30. Лхагва. №086 (5491)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huts(103.142.76.38) 2021 оны 07 сарын 01

umnu 1000-n mashin orj irdeg bsan gee bizde? odo 120 geher chini buugnurul uuseel bgam bishu?

0  |  0
Заагч(202.9.47.22) 2021 оны 07 сарын 02

Хог хужаагаас хог вирус татахаа болье.

0  |  1
Зочин(66.181.186.175) 2021 оны 06 сарын 30

УИХ аас тусгай ажлын хэсэг гаргаж ажиллуулаачээ уйдсан ажилгүй юмнууд морины шүд үзнэ гэж байхаар Монголд хэрэгтэй юм хиивэл таарна зүгээр ачаагаа авч чадахгүй яая гэж байхад

1  |  0
Top