Нүүрсний тээвэрт бус “С” зөвшөөрөлд түгжрэл үүсэх нь

2021 оны 08 сарын 04

Гашуунсухайт, Ганцмодны боомтоор Монгол Улсын эдийн засгийг тэтгэх экспортын гол урсгал явдаг. Олон мянган хүний амьдрал ахуйг залгуулж, улсын төсөвт ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлдэг нүүрсний салбарт ачаа тээврийн эргэлт хийхгүй бол санхүүгийн түгжрэл ч бий болох нь тодорхой харагдана. Энэ чиглэлд Монгол Улс далайд гарцгүйгээс гадна хараахан төмөр замаар холбогдож амжаагүй юм. Гэтэл Хятадын талаас ачаа тээврийн машины тоог ихээхэн хэмжээгээр хасан, хязгаарлалт тавьжээ. 

Өнөөдрийн байдлаар тус боомтод ачаа тээврийн 200 орчим компанийн 19 мянган ачааны автомашин тээвэрлэлт гүйцэтгэдэг байна. Үүнийг Монгол Улсын Автотээврийн үндэсний төв хоёр улсын гэрээ хэлэлцээрт заасан дагуу хууль дүрмийн дор зохицуулан явуулдаг. Гэхдээ үүнийг Монгол Улс дан ганцаар шийдэх асуудал биш учраас гол төлөв Хятадын талын саналд тулгуурлан гэрээ хэлцэл байгуулдаг гэх шүүмжлэл ч дагадаг. Тодотговол, энэ удаад ч БНХАУ-ын Засгийн газар улиралд Ганцмодны боомтоор 6000 автомашин нэвтрүүлэх шаардлага тавьсан байна. Тиймээс тус боомтод ачаа тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, жолооч нарын дунд үймээн дэгдэж байгаа бололтой. Хамгийн гол нь “С” зөвшөөрөл авах гэж жинхэнэ дайн дэгдээж таарна.

Энэ тухай албаны хүнээс тодруулахад “Манай Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан Автотээврийн хэлэлцээр гэж бий. Энэ хэлэлцээрийн хүрээнд ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгодог. Энэхүү зөвшөөрөл нь улс хоорондын ачаа тээврийн автомашин гурван сарын хугацаанд олон удаа нэвтрэх зөвшөөрлийн бичиг юм. Гэтэл БНХАУ-ын талаас улиралд 6000 “С” зөвшөөрөл олгох, нэвтрүүлэх, шаардлага тавьсан учраас үүнийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй” хэмээв.

Манай улс Хятад улстай долоон боомтоор хиллэх бөгөөд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг Ганцмодны боомтоор гаргадаг. Тэгэхээр бидэнд том асуудал тулгарч байна. Тухайлбал тус боомтод ажиллаж байсан жолооч нараас зөвхөн 6000 жолооч нэвтрэх эрхтэй болж байгаа учраас үлдсэн 13 мянган жолоочоо яах вэ. Тодхон жишээ дурдахад иргэн ачаа тээврийн компани байгуулан, ихээхэн хэмжээний зээл тавьж, ачааны автомашин худалдан авснаа нүүрс тээвэрт явуулж байгаа нь бодит дүр зураг. Ийм аж ахуйн нэгж, иргэн олон байгааг бид мэднэ. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ гээд асуудал бий.

Нөгөө талаар үүнийг дагасан авлигын асуудал ч дэгдэх магадлалтай. Өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн тус боомтод ачаа тээврийн “С” зөвшөөрөл авахын тулд  Автотээврийн үндэсний төвийн алба хаагчид 100 мянган ам.доллар өгсөн хэрэг шалгагдаж байсан. Гэтэл өнөөдөр зөвшөөрлийн тоо гурав дахин багассан учраас авлигын сүлжээ ажиллаж таарна. Үүнийг хэрхэн таслан зогсоох, анхаарах вэ гэх асуудал ч гарна.

Мөн тус боомтод ачаа тээвэр эрхэлдэг 200 орчим аж ахуйн нэгжийн 19 мянган автомашины хэд нь эрх мэдэлтнүүдийнх байв. Манай нөлөө бүхий эрхмүүдийн ачаа тээврийн компаниуд байдаг гэх албан болон албан бус мэдээлэл байдаг. Нэр бүхий хүмүүсийн жагсаалт ч байдгийг энд дурдаад яахав. Тэгэхээр зөвшөөрлөөс хасагдаж үлдэх аж ахуйн нэгжүүд хэнийх байх вэ. Эгэл борчуудын ачаа тээвэр эрхлэх үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж мэдэх юм. Энэ тал дээр Монголын төрөөс тодорхой ажил зохион байгуулахгүй бол олон мянган жолоочийн ар гэр, амьдрал ахуйд хүнд цохилт болно. Хятадын Засгийн газартай дахин зөвшилцөх ч юм уу, ажилгүй болж байгаа аж ахуйн нэгж, жолооч нарыг эдийн засгийн өөр эргэлтэд оруулах зэрэг гарц хайхаас өөр аргагүй. 

Үүнийг хөндөхийн зэрэгцээ мэдээлэл өгөх үүднээс зарим зүйлийг дурдах нь зүйн хэрэг байх. Нэгэнт хоёр улсын гэрээ хэлэлцээр дор болж байгаа зүйлийг Автотээврийн үндэсний төвд шууд нялзаах боломжгүй юм. Харин энэ нөхцөл байдалд тулгуурлан тулгамдаад байгаа зарим асуудлаа шийдвэрлэнэ гэж байна. Юуны өмнө тус төвөөс зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага Автотээврийн үндэсний төвөөс тавьж байгаа тодорхой шаардлага, шалгуурыг давсан байх ёстой гэнэ. Тэрхүү шаардлага, шалгуурыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Тус төвөөс тавьж байгаа хамгийн эхний шаардлага бол жолооч нар амрах байртай байх. Хэрэв өөрийн хөрөнгө, мөнгөөр кэмп барих боломжгүй бол түрээсээр ч болов жолооч нар амрах байртай байх ёстой гэсэн эхний шаардлагыг тавьжээ. Тэрхүү кэмп нь жолооч нарын ая тухыг хангасан, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь шаардагдах бүхий л зүйлтэй байхаас гадна автомашины бүрэн бүтэн байдлыг хангах талаас засварын газартай байх ёстой гэсэн хэд хэдэн шалгуур тавьжээ. Үнэнийг хэлэхэд урьд өмнө ийм шаардлага тавьдаг ч биелүүлдэг аж ахуйн нэгж маш цөөн байв.

Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан 5.22 тоот эрсдлийн үнэлгээг тогтоолгосон байх бөгөөд мэргэшсэн жолооч байх шаардлага тавьжээ. Тэрхүү хуудсаар тухайн аж ахуйн нэгжийг их, дунд, бага гэсэн эрсдлийг нь тогтоодог байна. Үүнээс шалтгаалж тухайн аж ахуйн нэгжид олгох “С” зөвшөөрлийн тоог тогтоож байгаа аж. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар "Өнгөрсөн жилээс эрсдлийн үнэлгээ тогтоодог болсон. Тэрхүү эрсдлийн үнэлгээгээр тухайн компани тээвэрлэлт хийхэд ямар эрсдэлтэй байна гэдгийг нь тогтооно. Хэрэв бага эрсдэлтэй байвал осол, аваар гарах нь бага л байна гэсэн үг. Эрсдлийн үнэлгээг хийсний дараа тодорхой шалгуурыг тавина. Тухайн аж ахуйн нэгжийг эрсдлээс нь шалтгаалж зөвшөөрөл олгоно. Тухайлбал, 100 машинтай компанид эрсдлээс нь шалтгаалж, 30, 50, 70, 80 хувьд нь олгох жишээтэй" гэлээ. Эрсдлийн үнэлгээ тогтоож эхэлсэн цагаас хойш аваар осол чамгүй буурсан үзүүлэлт ч байгаа гэдгийг салбарынхан дуулгаж байв.

Ингэхээр урьд өмнө нь замбараагүй олгодог байсан ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгоход тодорхой хэмжээний шалгуур, шаардлага хангасан байх ёстой болж байна. Бас нэг зүйл байгаа нь хувиараа ачаа тээврийн автомашинтай иргэнд “С” зөвшөөрөл олгох боломжгүй болж байгааг онцоллоо. Тэгэхээр тухайн жолооч заавал ямар нэгэн аж ахуйн нэгжид харьяалагдсан байх ёстой бөгөөд тэрхүү аж ахуйн нэгж нь тухайн жолоочийнхоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, жолоочийн даатгал зэргийг төлдөг байхаас гадна татварын ямар нэгэн өргүй байх ёстой аж. Өмнө нь тамга, гэрчилгээнээс өөр зүйлгүй, ямар нэгэн кэмп, засварын газаргүй, хувь жолооч нартай гэрээ хийж тээвэрлэлт болгоноос нь татаас авдаг компани цөөнгүй байсан. Тэдний хувьд жолоочийн аюулгүй байдал, амралт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал чухал биш байв. Энэ мэт эмх замбараагүй байдлаас үүдэн Гашуунсухайтын замд осол аваар цөөнгүй гардаг байсныг бид мэднэ.

Одоо тэгэхээр 6000 зөвшөөрөл хэнд очих вэ. Шалгуур давсан даваагүй эрх мэдэлтнүүдийн компанид очих магадлал өндөр болж байна. Яагаад гэхээр бодлогоор өндөр шалгуур тавьж байгаад “борчууд”-ыг цензурдах магадлалтай. Уг нь нүүрс тээвэрт түгжрэл үүслээ, хэд хоногоор дугаарлаж байна гэдэг байв. Харин одоо “С” зөвшөөрөлд түгжрэл үүсэх нь тодорхой болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top