Шөнө хагаслаж зорьсон газраа хүрснийг хэлэх үү, нар ханын толгойд буутал унтжээ. Хаяа шуусан гэрийн ханаар шагайж харвал хачин сайхан говь нутаг нүд баясгах нь тэр. Ямархан үзэмж төгс байгаль вэ. Говь нутгийн гоё сайхан гэж үүнийг л хэлэх байхдаа хэмээн өөрийн эрхгүй бодогдов. Энэ зуур гэрийн гаднаас дөрөв, таван настай болов уу, хөөрхөн шар хүү орж ирснээ “Та зам боомтын талаар мэдээлэл бэлтгэж байгаа хүн үү” гэж хэвлүүхэн асууж байх юм. Хариуд нь “Тиймээ, чи яаж мэдэв” гэтэл “Манай аав ээж, ах эгч нар л тэгэж ярихыг сонссон юм. Тэр боомтын зам тавигдвал манайх бууцгүй болно гэсэн. Тэгэхээр би дуртай тоглоомоо тоглохгүй, бүр төрсөн өдрөө ч тэмдэглэж чадахгүй болно байх” гэх нь тэр. Яагаад гэж асуутал “Миний төрсөн өдөр бууцанд буухаар болдог байхгүй юу. Бас би шагайгаа бууцандаа очихоороо л тоглодог юм. Харин боомт баригдаад зам дагуу уурхай нээгдвэл манай бууц бас миний тоглоомууд алга болно гэсэн” хэмээн ярих энэ хүүг Төрбаяр гэдэг аж.
Төрсөн бууц шороогоо хамгаалах чин хүсэл тээж буйгаа ярих хүү цэрэгт яваад ирсэн ахынхаа дурсамжийн цомгийг үзүүлж, ах шигээ том болоод эх орноо хамгаалах мөрөөдөлтэй явдгаа ч нуулгүй хуучлах.
Балчирхан насандаа баймгүй холыг бодож яваа хүү ийм их бодолд дарагдах болсон шалтгаан нь төрж өссөн өлгий нутаг Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь удахгүй уул уурхайнхны хөлд нэрвэгдэж болзошгүй аюул нүүрлээд байгаа болохоор тэр.
Хариуцлагагүй уул уурхайн хөлд хамгийн их нэрвэгдэж, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдал, онгон дагшин уул савдгаа ухуулж дуусч буй аймаг бол Өмнөговь. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн ихэнх суманд уул уурхайн лиценз олгогдож, олборлолт хийгдсэн байдаг. Үүний уршгаар говийн гүний усны нөөц багасч, булаг шанд ширгэж, нэн ховор ан амьтны тоо толгой цөөрч, цөлжилт эрчимжив. Үндсэндээ тус бүс нутгийн эко систем бүрэн алдагдахад хүрээд буй.
Аймгийн хэмжээнд уул уурхайнхны шуурганд өртөөгүй багахан газар байгаагийн нэг хэсэг нь Хүрмэн сум. Харамсалтай нь, үлдсэн энэ жаахан бүс нутагт хилийн боомт нээх нэрийдлээр Ашигт малмалын газраас олгогдсон лицензүүдийг “амилуулах” хүсэл шуналтай этгээдүүд байсаар байна. Тэд “Цагаандэл уул-Өлзий” хилийн боомтыг нээх ажлыг эрчимжүүлэхээр улайрч эхэлсэн нь ил цагаандаа гарах болов. Шинэ боомт руу төлөвлөсөн замын транс дагуу 38 ширхэг ашигт малтмалын лиценз байна гээд бод.
Тэгэхээр энэ боомтыг ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуй нэгжүүд л нээхийг эрмэлзэж буй нь тодорхой юм. Хамгийн харамсалтай нь дээрх ашиглалтын лицензийн дийлэнх нь жижиг нүүрсний ордууд. Эдгээр жижиг ордууд нээгдээд эхэлбэл Өмнөговь аймгийн хэмжээнд говийн онгон төрхөөрөө үлдсэн сүүлчийн газар нутаг сэндийчлэгдэж, талхлагдах нь тодорхой. Тэгээд ч Өмнөговь аймгийн хэмжээнд хоёрын хоёр боомт байхад дахин нэг боомт нээж, “баялгаа урсгах” нь байж боломгүй зүйл. Боомт нээгдээд хөгжил ирдэг, боомт нэмээд аялал жуучлал дагуулдаг гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Одоо байгаа “Цагаан хад”, “Гашуун сухайт” боомтын байж байгааг хар. Ийм л болохоор нутгийн уугуул иргэд, учир мэдэх хүмүүс шинээр боомт нээхийг эсэргүүцдэг гэнэ. Тиймээс энэ нутгийнхан эвлэн нэгдэж, эх болсон байгаль дэлхийгээ, төрж өссөн төрөлх нутгаа онгон дагшнаар нь үр хойч, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх нэгэн зорилго доор нэгдээд байгаа аж. Тэдний төлөөлөл болсон зарим иргэн манай сонинд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ: МАНАЙ СУМЫН МАЛЧДЫН ИХЭНХ ӨРХ ЗУНЖДАГ ГАЗАРГҮЙ БОЛНО
Хүрмэн сумын Жанжин багийн малчин Ч.Чулуунцэцэгтэй ярилцлаа.
-Сумын уугуул иргэний хувьд “Цагаандэл уул-Өлзий” хилийн боом¬тын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сумын малчид бидний хувьд энэ боомт нээхийг шууд эсэргүүцдэг. Нутгийн маань ард иргэд ер нь л тийм бодолтой явдаг. Манайх шинээр баригдана гээд байгаа боомтын замын хажууханд байдаг малчин айл. Өмнөх хоёр боомтынхоо бодит байдлыг харахад дахиад шинэ боомт баригдвал ялгаагүй л гэж бодож байна. Манай Жанжин багийнхан бол тэр чигтээ эсэргүүцэж байгаа.
-Шинэ боомтыг чиглэн нүүрс тээврийн хатуу хучилттай зам тавигдаж эхэлбэл ойр орчмын хэчнээн малчин өрхийн бэлчээр, усны асуудал хөндөгдөхөөр байна вэ?
-Олон олон. Ганцхан Жанжин багаас л гэхэд яг манайх шиг замтай ойрхон нутагладаг 50 гаруй малчин өрх бий. Яг тэр зам тавигдана гээд байгаа Бор тээг гэдэг нутгаар бол манай сумын айлуудын 50 хувь нь зунждаг газар юм шүү дээ.
-Тэгэхээр маш олон өрх айлын бэлчээр нутгийн асуудал хөндөгдөж байгаа юм байна. Шинэ боомт барих асуудлаар холбогдох газар нь нутгийн иргэдтэй уулзалт танилцуулга хийж байсан уу?
-Миний мэдэхээр нэг удаа уулзалт хийсэн. Тэр үеэр янзын сайхан зам барина, Аялал жуучлалыг хөгжүүлнэ гэж ярьж байсан. Гэхдээ анзаараад судлаад байхад үндсэн зорилго нь өөр л юм билээ. Шинэ боомт руу чиглэн зам дагуу маш олон уурхайн лиценз бий гэсэн. Тэр лицензүүдийг л ашиглах арга саам юм болов уу гэж бодогдох болсон. Угаасаа энэ замыг барих нь малчин өрх бидэнд маш их хохирол дагуулна. Амьжиргааны гол эх үүсвэр болсон малын бэлчээрийг маань хоёр хувааж, булаг шанд ширгээх эрсдэл бий болох нь тодорхой. Манай аймгийн бүх л сум уурхайнхны хөлд ингэж л нэрвэгдэж байгаа. Бидний таньж мэддэг, манай сумын гаралтай арай дээхнүүр албан тушаалтай, бизнесмэн улсууд “Цагаандэл уул-Өлзий” боомт нээгдэнэ гэх сураг гарснаас эхлүүлээд л зам дагуу лиценз аваад байгаа гээд дуулдаад л байгаа.
-Та хэд энэ боомтын талаар төрд төлөөлж суугаа төрийн түшээддээ хандаж, санал хүсэлт явуулж байсан уу?
-Явуулсан, явуулсан. Манай аймгаас нутгийнхаа иргэдийг төлөөлж, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ гэсэн хоёр хүн УИХ-д суугаа шүү дээ. Н.Наранбаатарт бол сонгогдохоос нь өмнө хэлж байлаа. Сонгогдохоор ирэхдээ ”Шинэ боомтыг нээлгэхгүй талаар ажиллана“ хэмээж байсан удаатай. Тэгэж л ард иргэдийн саналыг авсан шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо ганц үг дуугарахгүй л байгаад байгаа юм. Ер нь Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ хоёрыг УИХ-д сууж байгааг ч бараг харсангүй. Телевизээр огт гарахгүй, харагдахгүй. Таг чиг л байх юм. Нутгийн иргэд бид чинь тэднийг энэ асуудал дээр хөөцөлдөж, шинэ боомт бариулахгүйн төлөө тэмцэнэ гэж найдаж, хүлээж сууна даа.
-Зарим хүмүүс зам тавьснаар нутаг орны хөгжилд хэрэгтэй гэх юм. Таны бодол?
-Шинэ боомт хүртэлх энэ замыг тавиулахгүй л байхыг хүсэж байна. Би түрүүн хэлсэн, зам дагаад маш их лиценз олгогдсон тухай. Энэ бүх лиценз энэ зам тавигдахаар “амь орж”, олборлолт хийгдэх нь ойлгомжтой. Тэр цагт манай сумын байгаль экологийн асуудал хүндэрч, малчин иргэд бидний үеэс үе дамжин өвлөгдөж ирсэн газар нутаг маань сүйднэ гэж бодохоор тэмцэхгүй байхын аргагүй.
Н.БОЛДБААТАР: БООМТ НЭГДВЭЛ НӨХӨЖ БАРШГҮЙ ХОХИРОЛ УЧИРНА
Хүрмэн сумын Жанжин багийн малчин Н.Болдбаатар “Боомт нээгдээд зам явбал манай энэ бүс нутгийн ховор эмийн ургамал, нэн ховор ан амьтан устаж үгүй болно. Яг энэ зам дагуу байрлах “Бор тээгийн худаг” орчмоор цулбуур өвс гэж ховор ургамал ургадаг. Мөн Сайншанд цохиогийн хэц дагуу загасгал гэдэг ургамал буй. Цаашлаад ховор ан амьтан болох хар сүүлт, хулан байна. Дандаа л сүргээрээ амьдардаг. Хэрвээ энэ зам бий болж хүнд даацын машин явбал нөхөж баршгүй гарз хохирол сүйрэл болох болохоор эсэргүүцнэ. Малчин бидний ирээдүй хойч төрөлх нутагтаа амьдрах боломж ч болох нөхцөл үүсээд байна.
Ц.БУЯННЭМЭХ "НУТГАА УУЛ УУРХАЙНХАНД ТАЛХЛУУЛАХГҮЙ ШҮҮ"
“Өсөж төрсөн нутгаа уурхайнханд ухуулахгүй” хэмээн ярих энэ хүн бол Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн малчин Ц.Буяннэмэх юм.
Тэрбээр “Малчид зам боомтын эсрэг нэгдэж цуглаад байна. Манай багийн нийт малчдын 80 гаруй хувь энэ боомтын зам дагуу байдаг. Хүрмэн сумын нутаг дэвсгэрийг говийн онгон төрхийг агуулсан дэлхийд ганц үлдсэн нутаг гэдэг. Ийм нандин ховор сайхан нутгаа уул уурхайн хөлд талхлуулахгүй шүү. Эцсийн эцэст бидний хойч үед эх орон нь л хэрэгтэй. Тэр цагт хамаг үржил шимт газар шороо, уул усаа булшилчихсан байж болохгүй биз дээ. Тиймээс бид тэмцэнэ. Тууштай эцсийг нь хүртэл явна” гэв.
Т.ӨНӨРБААТАР: МАЛЧДЫГ ГАЗАР ШОРООТОЙ НЬ ҮЛДЭЭГЭЭЧ
Жанжин багийн малчин Т.Өнөрбаатар “Энэ боомт замын ажлын талаар сонсоод байхад эх үүсвэрийг нь Бадраа, Бат-Эрдэнэ хоёр л тавьсан байдаг юм билээ. Тэр улсууд одоо хоёулаа төрд гарсан байгаа. Гаргасан шийдвэрээ цуцлах хэрэгтэй байна. Энэ хоёр хүнээс хүсмээр байна. Хятадтай хийсэн яриа хөөрөөгөө цуцалж өгөөч. Малчдыг газар шороотой нь үлдээгээч” гэв.
Ц.ЗАГДСҮРЭН: МАЛ БАЙЖ МОНГОЛ УЛС ӨӨДӨӨ ХӨГЖИЖ ДЭВЖИХ ЁСТОЙ
Хүрмэн сумын Тулга багийн малчин Ц.Загдсүрэн “Биднийг газар нутагт минь амар тайван онгон дагшин байгальдаа малаа хариулаад явахад минь туслаач. Гуйж байна. Энэ асуудал бол малчин бидний амин судастай шууд холбоотой. Уух устай, бэлчээрлэх ургамалтай, буух бууцтай байх шийдвэрийг төрөөс гаргана гэж горьдож байна. Манай аймгийн хоёр гишүүн онцгой анхаараач. Сонгууль болохоор сайн хүн, сайхан төрийн түшээ болоод ирдэг шигээ баймаар байна. Төрд гарсан түшээддээ хандаж хэлэхэд бидэнтэй ирж уулзаж, говийн энэ үлдсэн жаахан газрыг маань хамгаалаад өгөөч. Эцэг өвгөд минь эртнээс “Монголд ямар ч төр тогтносон мал бол төрийн өмч” гэж ярьж ирсэн. Малыг төрийн өмч байлгахын тулд газар нутгаа л хамгаалах хэрэгтэй. Малчин байж мал байна. Мал байж Монгол Улс өөдөө хөгжиж дэвжих ёстой.
* * *
Хэрвээ “Цагаандэл уул-Өлзий” хилийн боомт нээгдвэл зам дагасан уурхайн жижиг ордууд онгон дагшин уул, усыг аюулд хүргэх нь тодорхой юм. Шинээр нээхээр санаархаж буй хилийн боомтын бүс нутагт Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон, Ханхонгор сумдын газар нутгийн байгалийн гайхамшигт зүйлс байрладаг ба энэ бүгд устах аюулд орохыг ч үгүйсгэхгүй.
Өмнийн говийн энэ л бүс нутаг өөрөө дэлхийд ховор, говь цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Тус бүс нутгийн хойноос урагшаа 225 квадрат километр сунаж байрласан талбайд Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо зэрэг хэц, уул нурууд хөндлөн байрладаг байна. Тэр дундаа Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал, эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтайг түүхч, газарзүйч нарын ном товхимолд тэмдэглэсэн байдаг.
Мөн дээрх бүс нутгаар улаан, цагаан гоёо, цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, гурван янзын ортууз, заг хайлаас зэрэг 180 гаруй төрлийн ургамал бут сөөгүүд ургадаг. Зөвхөн говийн зөөлөн хөрсний шимээр л ургадаг энэ бүх ургамал уурхайн хөлд нэрвэгдэх аюул ойрхон байгаа юм. Улмаар дээрх ургамлаар идээшилж амьдардаг дархан цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт гэх мэт найман төрлийн ан амьтны амьд орших үндэс суурь ч ганхахгүй гэх баталгаа алга. Цаашлаад тухайн бүс нутагт тоологдсон есөн төрлийн шувуу, 11 төрлийн мэрэгч, найман төрлийн хэвлээр явагч амьтад ч уул уурхайн дуу чимээ, тоос шроонд дарагдаж, дүрвэн дайжих аюул нүүрлэж ч болох юм. Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийд үлдсэн хамгийн сүүлчийн онгон дагшин газар нутгаар Хүрмэн сумын бүс нутгийг хэдэн жилийн өмнө нэрлэж байсныг санаж буй биз ээ. Өмнөговьд хөндөгдөөгүй, ухагдаагүй газар нутаг тун ховор. Ганцхан үлдсэн энэ бүс нутагтаа гар хүрэхгүй, байгалийн онгон дагшин байдлаар нь аваад үлдэхэд яагаад болохгүй гэж. Үнэндээ “Цагаан дэл уул-Өлзий” боомт, түүнийг тоссон хятад, Монгол эзэдтэй уурхайнууд говийн эмзэг зөөлөн хөрс, нэн ховор ургамал, газар нутаг, хүн, амьтан амьдрах нөхцлийг дахиж хэзээ ч сэргэхгүйгээр устгах нь тодорхой. Цувралаар нийтэлж буй сурвалжилгынхаа дараагийн дугаарыг Өмнөговь аймгийн Номгон сумаас бэлтгэн хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Нэгд сэтгүүлчдийг мэргэжлийн хувьд уурхай, байгаль экологи, худалаа үйлчилгээ, хүнс гэх зэргээр дагнан сургамаар байна. Хоёрт хөдөө уурхайгаар хэсэг бүлгээр нь сургалжлагад яюуулж баймаар байна. Тэднийг улс төрийн, намын ямар нэг хамааралгүй байлгамаар байна. Тэднийг , шударга байдалд чин үнэнээр зүтгэх ёсзүйд сургаж хэвшүүлмээр байна.
Нутгийнхаа баялгийг зарж, байгаль ус нутгаа сүйтгэж амьдардаг Өмнөговийн уурхайн эзэд одоо савраа татах цаг болсон шүү.
Ene olon uul uurhaigaa boliochee.oyutolgoi erdenet 2 bhd l mglchuudad hangalttai .
Би Хүрмэн сумын уугуул иргэн байна. Монголын газрын зураг дээр урагш түрэн орсон тэр хэсэг бол энэ сайхан онгон байгаль бүхий нутаг юм. Иймд Монгол хүн бүр Монголын онгон говиос дагшин хэвээрээ хадгалагдан үлдсэн ганц говио уул уурхайд талхлуулахгүй байхад дуу хоолойгоо өргөхийг уриалж байна. Хууль мэддэг, эрх мэдэл нь байгаа бүхэн энэ насандаа том буян үйлдэж, тэмцэлд нэгдээрэй. Малчиддаа туслаарай. Би нэгдэхэд бэлэн Утас 88059013
Энэ эх орондоо эзэн нь болж төрсөн юм бол эфсээ хүртэл тэмцэх болноо