Дээд айлд адуу морьдын туурай тачигнаж, ард түмэн чуулав уу гэлтэй чимээ шуугиан хадна. Хөдөө байсан хүүхдүүд нь ирсэн бололтой. Нэмээд хөгшин хөвөө олон зочдоор хөл даруулж дээ. Зурагт нь хангинаж, зурагтныхаа дуунаас давах гэж хоорондоо хээр хөдөө байгаа мэт хөөрөлдөх нь ч сонсогдоно.
Үе үе өвгөн хүн найтааж, хааяа балчир хүүхдүүд инээлдэх аж. Амьдрал буцалж байна аа. Аяга таваг хангинах, халбага сэрээ харших ч энүүхэнд. Хоол нь болж байгаа бололтой. Усанд орж, хувцсаа угаах нь бүр ч андашгүй. Крантны ус гоожоод л, ванны ус цалгиад л, угаалгын машин хүнгэнээд л явчихна.
Айл бүхний амьдрал өөр, өөрийн чимээ шуугиантай. Харин хажуу айл архины хэрүүлтэй. Эхнэр нь үе үе цойжин бууна аа. Эр нөхөр нь ч мөчөөгөө өгөхгүй. “Чамаас саллаа, сайхан амьдрахыг чинь харна аа” гээд л хаалга савах эмэгтэй хүний хахирган дуу овгосхийтэл цочооно. Тун удахгүй л хэдхэн хоноод эвлэрчихсэн, хамтдаа дуулж хуурдчихсан, найз нөхдөө тойруулчихсан тас тас хөхрөх нь сонсогдоно.
Тэднийх бяцхан хүүтэй. Үргэлж л жаахан хөлнийхөө тавхайг гялалзуулан товор товор гүйх аж. Яг л зүрхэн дээгүүр минь мөр үлдээгээд явчих шиг бойтогны хонх нь жингэнээд хайр асгаад ирнэ. Баяр бахдалаар дүүрэн сонсдог миний хамгийн дуртай “хөгжим” бол энэ. Аав, ээж нь тэрхүү товор товор хөлийг хорьж хааяа таван салаа боов өгч уйлуулахад нь би амин голоосоо өмөөрч өмөлздөг сөн.
Манай байрны хана нимгэндээ биш. Миний сонор сэргэгтээ энэ бүхнийг олоод сонсчихно. Номын ажилдаа шамдсан миний эргэн тойронд нам гүм ноёлж, гэрт ялаа нисэх сонсдом анир гүмийг эвдэн хөршүүд маань л амьдралын олон өнгийг ийнхүү мэдрүүлдэг. Айл бүхний жаргал зовлон өөр, өөр ч амьдарч буй агаар, хүсэл, мөрөөдөл адил юм даа. Би ч гэсэн хэзээ нэгтээ хөлд даруулж, хөөрч дуулж яваагүй гэж үү.
Сэтгэгдэл ( 0 )