Манай орон байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогддог. Эрдэс хүдрийг баяжуулах, боловсруулах арга технологиуд тухайн эрдэс хүдрийн шинж чанараасаа ихээхэн хамаардаг аж. Энэ тухай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдсийн технологийн лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) Э. Отгонжаргалтай ярилцлаа.
-Байгалийн баялаг, эрдэс түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд дээгүүр тооцогддог. Харин улсын хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нийт газар нутгийн хэдэн хувьд олгосон байдаг юм бол?
-Манай улс одоогийн байдлаар 6 сая.га талбайд 2600 орчим тусгай зөвшөөрлийг олгосон гэсэн мэдээ бий. Энэ нь нийт газар нутгийн 3.9%-ийг эзэлнэ. Эдгээрийн 1700 орчим нь ашиглалтын, харин 900 орчим нь хайгуулийн лицензтэй. Бидний хувьд Эрдэнэт, Оюу толгой зэрэг томоохон уулын баяжуулах үйлдвэрүүдийн баяжмалуудаас гадна төмрийн хүдэр, жонш, цайр гэх мэт үнэт, өнгөт, ховор эрдэс хүдэр, шатах ашигт малтмал, баяжмалаа экспортлож байж дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг бүрдүүлдэг.
-Ашигт малтмалын талаар уншигчдад ерөнхий ойлголт өгөөч. Шинж чанараасаа хамаарч эрдэс хүдрийн баяжуулалт харилцан адилгүй байх боломжтой юу?
-Ерөнхийдөө ашигт малтмал нь байгаль дээр хий, шингэн, хатуу төлөв байдалтай байдаг. Эдгээрээс хатуу ашигт малтмалыг төмөрлөг, төмөрлөг бус, шатах гэсэн гурван бүлэгт дахин ангилна. Эрдэс хүдрийг баяжуулах арга технологиуд нь тухайн эрдсийн гарал үүсэл болон ордын бүтэц, найрлага, шинж чанараас шууд хамаардаг. Тодруулбал хувийн жин, эрдсийн гадаргуу, физик-химийн шинж чанар, соронзон чанар болон цахилгаан дамжуулах чанар, бүр цаашлаад эрдсийн ширхэглэл хүртэл нөлөөлдөг. Хувийн жин ялгаатай хоёр эрдсийг гравитацийн аргаар баяжуулна. Үүний нэгэн жишээнд алтны шороон ордын хүдрийг баяжуулах процесс орно. Хэрэв тухайн эрдэс соронзон шинж чанартай бол соронзон баяжуулалтын аргаар агуулгыг нэмэгдүүлнэ, төмрийн хүдрийг энэ аргаар баяжуулна. Харин гадаргуу нь үл норгогдох шинж чанартай бол флотацийн аргаар авах жишээний. Манай Эрдэнэт, Оюутолгой, өөр бусад жоншны үйлдвэрүүд энэ аргыг ашиглаж байгаа.
-Төмөрлөг ашигт малтмалын нэг болох хар төмөрлөгийн үйлдвэрлэл манай улсад ямар түвшинд байна вэ?
-Манай улс төмрийн хүдэр, баяжмалаа экспортлоод арав гаруй жил болж байна. Статистик тоо баримтаас харахад манайд төмрийн нийт 250 орд, илэрцтэйгээс 25 ордод нь геологи хайгуулын нарийвчилсан ажлууд хийгдсэн байдаг. Тэдгээрийн 17 ордын нөөц нь 430 сая тонн гэж тогтоогдсон. Ерөнхийдөө төмрийн хүдрийн орд, илрэлийн нийт тойм нөөцийг 5.5 тэрбум тонн гэж үздэг юм. Үнэндээ Монгол улс хар төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийн бусад улс орны хөгжлөөс нэлээдгүй хоцрогдсон. Тиймээс Төмөртэй, Төмөртолгой зэрэг төмрийн томоохон ордуудаа түшиглэн хүдэр, баяжмалаа боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байна. Чанартай металл эдлэл гаргаж авахын тулд мэдээж эхлээд маш сайн судалгаа шинжилгээний ажил хийх нь зүйтэй. Сайн судалгаа бол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол үндэс суурь гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
-Танай хүрээлэнд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийгдэв үү. Үр дүнгээсээ сонирхуулаач?
-Сүүлийн 4 жилийн хугацаанд манай лабораторит төмрийн хүдрээс төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн судалгаа нэртэй шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжлээ. Төслийн хүрээнд Төмөртэй, Төмөртолгой ордуудын баяжмалд зөвшөөрөгдөх хэмжээнээс их хэмжээгээр агуулагдаж байсан хүхрийн агуулгыг бууруулах баяжуулалтын аргыг туршин стандарт төмрийн баяжмал гарган авсан. Цаашлаад нүүрстөрөгчийн дутуу ислээр шууд ангижруулах дэвшилтэт технологи боловсруулснаар 100 кг 65% агуулгатай төмрийн баяжмалаас 84%-ийн төмрийн агуулгатай 76.8 кг жинтэй ангижруулсан төмөр гарган авсан үр дүнг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөөд байна.
-Ангижруулсан төмөр гарган авах ямар аргууд байдаг вэ. Тэдгээр аргуудыг хаана ихэвчлэн ашиглаж байна?
-Төмрийг шууд ангижруулах олон аргууд бий. Уламжлалт аргаас гадна Мидрекс, Хил, Хоганес, Стип-Рок, Хит Фаст зэрэг аргууд байдаг. Ерөөсөө ангижруулагчаар нүүрстөрөгчийн дан исэл (CO), устөрөгч (H2), метан (CH4), эдгээрийн хольц, эсвэл бал чулуу, нүүрс зэргүүдээс алиныг нь ашиглаж байна, ангижруулах реакторын зориулалт ямар байна гэдгээс шалтгаалж дээрх аргууд нь өөр өөрийн онцлогтой технологи бүхий нэршилтэй болсон байдаг. Сая дурьдсан аргуудаас Мидрекс процессыг өндөр биш худган зууханд эсвэл боловсруулсан байгалийн хий ашигладаг ретортын зууханд явуулдаг ба Иран, Хятад, Энэтхэг, Орос, Канад, АНУ зэрэг улс орнуудад хэдийнээ нэвтэрсэн дэвшилтэт технологи юм. Харин манайд, жишээлбэл, Бэрэн группын Хөх ган ХХК нь уламжлалт аргаар төмрийн хүдрийг ангижруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани нь жилдээ 40000 тн төмрийн хүдрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулж, үйлдвэрийн хоёрдугаар шугам нь 30000 тн 92-98%- ийн агуулгатай шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Монгол улсын ЗГ-ын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолд Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлэх гэж тусгаж өгсөн нь энэ чиглэлийн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байгаа юм.
-Төмрийн хүдрийг боловсруулахад өөр төрлийн нэмэлт шаардлагатай байдаг. Тэр нэмэлт метал нь монголдоо байсаар атал гаднаас импортоор авдаг тухай яригдсан. Яагаад?
-Төмрийн хүдэр, баяжмалыг боловсруулахад манган (Mn)-ыг нэмэлтээр хийж өгдөг. Учир нь манган нь ферроманган хэлбэрээр гангийн үйлдвэрлэлд ган хайлуулах үед түүнээс хүчилтөрөгчийг зайлуулах, гангийн шинж чанарыг сайжруулах зорилгоор ашиглагддаг. Мөн ширэм үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг үйлдвэрлэлийн ач холбогдолтой металл юм. Манай улс дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах манганы хүдрийн нөөцтэй боловч түүнийг олборлох, баяжуулах үйлдвэр бүрэн хөгжөөгүй тул манганыг импортлон ашигладаг. Манайд хэд хэдэн манганы илэрцүүд байгаагаас Говь-Алтайн хотгорын Шар түрүү голын манганы илрэлд манган 30% хүртэл агуулагддаг бол Баянхонгор аймгийн Жаргалант сумд орших Мэхэтийн төмөр-манганы илрэл нь төмрийг 55-56%, манганыг 9.54-16.86%-иар агуулж байгааг тогтоосон байдаг. Эдгээр ордуудыг ашиглаж, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулбал манайд төмөрлөгийн үйлдвэр хөгжих боломжтой л доо.
-Таны ярианаас төмөр, манган хоёр бол салшгүй холбоотой гэж ойлголоо. Манганы талаар хийгдсэн судалгааны ажлууд хэр байдаг вэ?
-Манай оронд манганы 30 орчим илрэл тогтоогдсоны ихэнх нь өмнөд, баруун ба хойт Монголын бүсэд тархсан байдаг. Тэдгээр нь манган ба төмөр-манганы эрдэслэг бүрэлдэхүүнтэй байна. Сайхан гол, Мохойн хар, Эрдэнэцогт, Туул гол болон Налайхын гэх мэт илэрлүүд тогтоогдсон. Одоогийн байдлаар ашиглалтын хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй манганы 4 орд байгааг АМГТГ-ын тайланд тусгасан байгаа.Тэдгээрийн нэг болох Унагадын манганы ордын хүдрийг баяжуулах технологийн судалгааг бид явуулж, манганы ордыг түшиглэн жилд 200 мян.тн хүдрийг баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг боловсруулсан байгаа. Цаашдаа энэ ажил үргэлжлэн хийгдэнэ.
-Газрын ховор элементийн хүдрийг баяжуулах технологийн судалгааг танай лабораторит бас хийсэн гэж сонссон. Энэ судалгааны талаар сонирхуулаач?
-Сүүлийн жилүүдэд ГХЭ-ийн эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан түүний хүдрийг баяжуулах, боловсруулах туршилт шинжилгээний ажлууд гадаад, дотоодын судлаачдын судалгааны ажлын гол цөм болсоор байгаа. Газрын ховор элементүүд нь тухайн хүдрээсээ шалтгаалж харьцангуй бага хэмжээгээр агуулагддаг хэдий ч түүний эдийн засгийн ач холбогдол, дэвшилтэт технологийн үндсэн түүхий эд болдог зэрэг давуу талууд нь түүнийг баяжуулах, боловсруулах шаардлагыг нэмэгдүүлж байна л даа. Манай лабораторит Өмнөговийн Хотгор болон Мушгиа худаг ордуудын газрын ховор элементийн хүдрийг баяжуулах туршилт судалгаа хийгдсэний дүнд Хотгорын хүдрээс 12%-ийн, Мушгиа худгийн хүдрээс 26 хүртэлх хувийн агуулгатай баяжмал гаргаж авсан. Тэрхүү баяжмалыг цаашид боловсруулж газрын ховор элементийн нийлбэр исэл агуулсан бүтээгдэхүүн гарган авах судалгааг хүрээлэнгийнхээ Органик бус химийн лабораторийн судлаачидтай хамтран явуулсан.
- Залуу эрдэмтний хувьд таны бодлоор ашигт малтмалын боловсруулалтын салбарын хөгжлийн хурдасгуурыг ер нь юу гэж харж байна вэ?
-Өнөөдөр манай улсад нэн тэргүүнд анхаарах зүйл бол гадагшаа урсаж буй эрдэс баялгийг хэрхэн яаж эх орондоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангах вэ гэдэг асуудал байна. “Эрдмин” ХХК шиг зэсийн исэлдсэн хүдрээс 50 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж, 120 орчим ажилтан, албан хаагчдыг ажлын байраар хангаж дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагшаа бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх чадамж бүхий үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй болов уу. Хаягдал хөнгөн цагаан, хартугалга, электрон барааны хаягдал зэргээ гадагшаа хэдэн арван мянган тонноор нь зөөхийн оронд хаягдал төмрийг жижиглэн боловсруулж барилгын төмөр бетон бүтээц, иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн хийдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр шиг хэд хэдэн үйлдвэртэй болж байж өнөөдөр бид хөгжил дэвшил, технологи, аж үйлдвэрийн 4-р хувьсгал ярих болчихоод байна л даа. Түүнчлэн бүтээлч сэтгэлгээтэй залуусыг өндөр хөгжилтэй гадаад улс орнуудад бодлогоор бэлтгэж, мэргэжлийн баяжуулагч, технологич, инженерүүд бүхий эл салбарт ажиллах бололцоотой хүний нөөцтэй болох шаардлагатай. Цаашлаад бэлтгэгдсэн залуус маань эх орондоо эргэн ирж, ажиллаж амьдрах орчин нөхцлийг нь бүрэн бүрдүүлэх хэрэгтэй л гэж бодож байна.
- Та өөрийн судалгааны ажил болон хариуцан ажиллаж байгаа лабораторийнхоо одоогийн хийж буй ажлын талаар товч танилцуулахгүй юу?
-Би 2012 онд БНСУ-ын Кумогийн Үндэсний технологийн их сургууль (Kumoh National Institute of Technology)-д “Removal Characteristics of Oxyanionic Metals by Fe-Mn Layered Double Hydroxide and Double Оxide” сэдвээр химийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Докторын судалгааны ажлаараа төмөр болон манганы оксид агуулсан байгалийн гаралтай давхар үет шаварлаг материалыг зохиомлоор синтезлэж шинэ исэлдүүлэх чадвар бүхий ион солилцогч материалыг бий болгосноор байгаль орчин болон хүнд хортой оксиметал анионуудыг шингээж хоргүйжүүлэх боломжийг бий болгoсон юм. Харин манай Эрдсийн технологийн лабораторит одоогоор дээр дурьдсан төмөр, манган, газрын ховор элементийн хүдрийг баяжуулах технологийн цуврал туршилтууд хийгдэж байгаагаас гадна сүүлийн үед нэлээдгүй анхаарал татаж эхэлж буй литийн хүдрийг баяжуулах технологийн туршилт судалгааг эхлүүлээд байна. Үр дүн нь удахгүй гарах байхаа. Эцэст нь Монгол улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна. Иймд судлаач залуус бид мэргэжилдээ эзэн байж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан жинхэнэ 21-р зууны оюунлаг залуусын үлгэр дуурайлал болон хөгжлийн түүчээ болцгооё гэж хэлмээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mundag bn tur zasag demjmeer yum