30 тэрбумыг босгосон гэх IHC койны өнөөдрийн арилжаа ба ЭРСДЭЛ

2021 оны 09 сарын 13

 

“Зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Иргэд зохицуулалтгүй шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа эрсдэлээ бүрэн дүүрэн тооцох хэрэгтэй” гэсэн албан ёсны байр суурийг санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас илэрхийлсээр байгаатай зэрэгцэн IHC койны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр /2021.09.13/ оройны 23.00 цагаас  зохион байгуулагдах гэж байна.

Анхдагч зах зээлийн арилжаагаар 30 тэрбум төгрөг босгосон хэмээн мэдэгдсэн “ИX БИТ” XXК”-ийн зүгээс  Coinhub, DAX, Trade.mn, CompleX гэсэн дөрвөн бирж рүү тус бүр 25 тэрбум койн буюу нийт 100 тэрбум IEO заxиалгын IHC койныг шилжүүлсэн гэсэн мэдээллийг сошиал хуудсаараа өгөөд байгаа.

Мөн тэд арилжаанд оролцогчдод хандан санхүүгийн ухаалаг шийдвэрүүдийг гаргаж, өндөр эрсдэл хүлээн арилжаанд оролцолгүй, урт хугацааны хөрөнгө оруулагч хандлагатай байхыг уриалжээ.

Тэгэхээр арилжаанд оролцохоор хүлээж буй иргэдийн хувьд койн санал болгогчид ч, санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд ч эрсдэл өндөр гэдгийг сануулсаар байгаад анхаарал хандуулах нь хэрэгтэй юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ:

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэдгийг олон нийтэд удаа дараа сэрэмжлүүлж, анхааруулсан. 2021оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, олон нийтэд зориулж нийтдээ 14 удаагийн зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан.

 Гэсэн ч зарим иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох сэдлийг ашиглаж залилан, луйврын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байх эрсдэлтэй тул хүн бүр хөрөнгө оруулах шийдвэрээ сайтар тооцоолж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүн бөгөөд уг байгууллагатай мэдээлэл байнга солилцож, гаргасан анхааруулга, хийж хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байна.

Виртуал хөрөнгийн хувьд зохицуулалтгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ тул эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө хүлээх юм. Койн, криптовалют гаргасан этгээд дампуурах, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ямар нэгэн албан ёсны баталгаа гаргаагүй бол Та  оруулсан хөрөнгөө алдана л гэсэн үг. Харин хувьцаа, бонд зэрэг нь хууль, эрх зүйн орчны хүрээнд зохицуулалттай буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны хохирогч болсон тохиолдолд авах арга хэмжээ болон хаана хандаж шийдвэрлүүлэх, татан буулгах, төлбөрийн дараалал тогтоох, хэн хэрхэн хариуцах зэрэг харилцаа тодорхой байдгаараа ялгаатай.

“Памп энд Дамп” буюу өөрөөр хэлбэл үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах схем нь олон улсад виртуал хөрөнгө, криптовалют дээр ихэвчлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү санхүүгийн луйврын хэлбэр нь хүмүүсийн хурдан баяжих сэтгэлгээнд суурилан богино хугацаанд өндөр ашиг амладаг. Ийнхүү иргэд өндөр ашиг хүртэх итгэлтэйгээр өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулснаар алдах нь элбэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэл болох хувьцаа, бондтой огт адилгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй учир үнийн савалгаа ихтэй байдаг. Биткойны өндөр савалгаанаас үүдэн их хэмжээний мөнгөө богино хугацаанд алдсан бодит кейсүүд маш олон. Үүнээс гадна, виртуал хөрөнгө нь бодит хөрөнгөөр баталгаажаагүй, ямар нэгэн бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Иймээс Та хөрөнгө оруулалтын шийдвэрээ ухаалгаар гаргаж, боломжтой бүхий л эрсдэлийг тооцож үзэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Ийгл” телевизд өгсөн ярилцлагадаа “Монголбанкны байр суурь маш тодорхой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Ард иргэд сүүлийн үед гарч буй койнуудад их хэмжээний хөрөнгө оруулж, худалдан авч байна. Монголбанк энэ тал дээр байнгын анхааруулга гаргаж байгаа. Иргэд эдгээр койнууд болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэж үзэж байна.

Тиймээс Монголбанк зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцохыг зөвлөж байна. Хэн нэгэн хүн 100 төгрөгөөр койн авлаа гэж бодъё, тэр хүн өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр гэх мэт. Тэгэхээр энэ процесс хэзээ нэгэн цагт дуусна л гэсэн үг.

Койн гаргаснаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх процесс явагдаж байна. Гэхдээ хөрөнгө татан төвлөрүүлэх үйл явц нь ардаа хэд хэдэн зохицуулалттай байдаг. Виртуал хөрөнгийн тухайд одоогоор ямар нэгэн зохицуулалт байхгүй. Зохицуулалттай зах зээл буюу бонд, компанийн хувьцаа зэргийн ард үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж байгаа буюу бодит үнэ цэнээр илэрхийлэгддэг. Криптовалют, койны хувьд ямар нэгэн бодит үнэ цэнэ байхгүй. Харин амар хялбар аргаар, хурдан хугацаанд мөнгө олох гэсэн хүмүүсийн сэдэл байна. Энэ олон хүний сэдлийн нийлбэр нь криптовалют, койнд хөрөнгө оруулах иргэдийн сонирхлыг нэмэгдүүлж байгаа. Бодит үнэ цэнэгүй, хийсвэр зүйлд хөрөнгө оруулснаар иргэд оруулсан хөрөнгөө алдах өндөр магадлалтай” гэсэн байр суурийг илэрхийлсэн.


Тодотгоход, анхдагч зах зээлийн арилжаагаар 20 орчим мянган хэрэглэгчийн халааснаас гарч, IHC-ээр солигдсон 30 тэрбум төгрөг  яг хаана, хэнд  байршиж байгаа вэ гэдэгт арилжааны дараа  хяналт тавих хууль эрх зүйн орчин Монгол Улсад байхгүйг бид өмнө нь мэдээлж байсан. Таны оруулсан мөнгө хаана байгааг та ч, би ч, Монголбанк ч, Санхүүгийн зохицуулах хороо ч мэдэхгүй. Койны эзэд л мэднэ гэдгийг  хоёрдогч зах зээлийн арилжааны өмнө сануулахад  илүүц болохгүй байх.

“Монгол Улс удахгүй криптовалют, койнуудын арилжааг зохицуулсан хуультай болох учраас энэ чиглэлийн арилжаа цаашид хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгчид үр өгөөжөө хүртэх болно” гэсэн агуулгатай мэдээллүүд гарч байгаа.

Тэгвэл  хүлээлт дагуулсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслөөс харахад, хууль батлагдан гарлаа ч,  иргэд, хэрэглэгчид криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах, хохирох ЭРСДЭЛ ХЭВЭЭРЭЭ байх юм.

Криптовалют, койнуудын арилжааг зохицуулна гэсэн ойлголтыг нийгэмд дагуулаад буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол Улсын Их Хурал батлах гэж буй нь ФАТФ-ын Саарал жагсаалттай холбоотой юм.

Учир нь, Монгол Улс 2020 оны  аравдугаар сарын 24-ний өдөр Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас  гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн.

Түүнчлэн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг харвал хуулиар зохицуулах үндсэн асуудал нь үүнтэй холбоотой байна.


 

 ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ГОЛ АСУУДЛУУД:

 

  • ФАТФ-ын зөвлөмж 15-ын дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, бүртгэгдсэн этгээдэд хяналт тавихтай холбоотой харилцаа

 

  •  Виртуал хөрөнгийн үйлчилгээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бий болгох

 

  • Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд Виртуал хөрөнгөтэй холбоотой үүсч болох эрсдэлийг заавал тусгах тухай хуульчлах замаар хэрэглэгчийг хамгаалах

 

 

ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАМААРАХГҮЙ АСУУДЛУУД:

 

 

 

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болзошгүй ЭРСДЭЛ

 

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ хэлцлээс үүсэх МАРГААН

 

  • Виртуал хөрөнгө эзэмшигчийн хохирлыг БАРАГДУУЛАХ

 

  • Виртуал хөрөнгийн ханшийн хэлбэлзэл, үнэ цэнэ унах, алдаатай болон залилан мэхлэх гүйлгээнээс учрах ЭРСДЭЛ зэргийг хуулиар ЗОХИЦУУЛАХГҮЙ

 

Хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар ийм л зохицуулалтын орчин тусгагдаад байна.

Виртуал хөрөнгөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд нь Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дараах үндсэн шаардлагуудыг заавал хэрэгжүүлж байх шаардлагатай байдаг аж.  Үүнд:

 

  • Сэжигтэй гүйлгээ, арилжааны тохиолдлыг мэдээлэх;

 

  • Хэрэглэгчээ таньж мэдэх;

 

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулах зэрэг байна.

 

Тэгэхээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар  энэ чиглэлд үйлчилгээ үзүүлэгчдийг Санхүүгийн Зохицуулах Хороо бүртгэлжүүлж, дээрх гурван шаардлагыг тухайлан тавина.

Харин нийгэмд хүлээлт үүсгээд байгаачлан энэ зах зээлд хөрөнгө мөнгөө оруулсан хэрэглэгчдийн эрх ашгийг шууд хамгаалахгүй. Хохирох эрсдэл байгаа шүү гэдгийг нь хуулийн хүрээнд хэрэглэгчдэд сануулах шаардлагыг үйлчилгээ үзүүлэгчдэд тавихаар тусгаж өгчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хувьд  криптовалют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд, цахим мөнгөний аль ч шинжийг агуулдаггүй.  Өөрөөр хэлбэл цахим мөнгө, криптовалют нь хоёр тусдаа ойлголт юм. Гэвч иргэдийн хувьд койн, криптовалютыг цахим мөнгөтэй ижил гэж ойлгож, хүлээж авдаг нийтлэг алдаа байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anhaaraltai bai.(141.101.99.251) 2021 оны 09 сарын 13

Hedhen sergelen tolgoitoi luivarchid Mongolchuudiin genen teneg Bas shunalyg ni ashiglaad baahan mungu orj avaad arilaad ugnu. Tegeed uldsen munguu alsdan humuus ni usee zulgaagaad uldehguin tuld humuus mini ajil hiij, bodit amidralaar amidraasai.

0  |  0
зочин-2(64.119.24.90) 2021 оны 09 сарын 13

Байдлыг харж байхад луйвардах ажиллагаа явагдаж бна л гэж ойлгогдсон. Монгол шиг ядуу оронд цаг нь болоогүй юм биш үү. Иймэрхүү мэдээлэлд хууртагдах нь өнгөрсөн. Ажилгүй хүний арга ядсан ажиллагаа л гэе.ккк

0  |  0
Top