-Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцлаа-
-Нийтээрээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт ярьж байгаа энэ үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс эдийн засгийн чиглэлээр баримтлах бодлого, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Их ч зүйл ярьсан. Ер нь манай төр, хувийн хэвшил эдийн засгийн сэргэлтэд бэлэн байж чадаж байна уу?
-Юу түрүүнд цар тахлын дараах гэдэг нэр томьёоллыг их болгоомжтой хэрэглэх хэрэгтэйг сануулмаар юм. Өнөөдөр дэлхий дээр хэн ч цар тахал хэзээ дуусахыг хэлж чадахгүй байгаа. Цар тахал хэдийд намжиж дуусна гэсэн тооцоолол загвар гаргаж чадаагүй байна. Гаргасан ч олон нийтэд ил хэлж чадахгүй хэмжээнд байгаа. Дараах үе гэдэг өөрөө тодорхой бус байгаагийн илрэл. Тэр тусмаа КОВИД-19 цар тахлын дельта болон бусад хувилбарын дэгдэлт өндөр байгаа энэ үед постковид буюу цар тахлын дараах гэдэг томьёоллыг ашиглаж, сайн цаг ирж буй мэт хандаж болохгүй. Тиймээс цар тахлын үеийн эдийн засаг гэдэг нэр томьёогоо ярьж хэрэглэх ёстой юм болов уу.
-Та судлаачийн хувьд эдийн засгийн байдал бүрхэг хэвээр байна гэж хэлэх гээд байна уу?
-Эдийн засгийг задлан шинжлэхдээ хоёр талаас нь авч үздэг. Нийлүүлэлт талаасаа аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар гэх мэтээр эдийн засгийн өсөлтийн мэдээлэлд тусгадаг. Нөгөө талаас эцсийн ашиглалтын аргаар буюу эдийн засгийн нийт эрэлтээр эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргадаг. Эрэлт дотор хамгийн чухал хэсэг нь өрхийн эцсийн хэрэглээний зардал. Дараа нь Засгийн газрын хэрэглээ, гадаад худалдааг авч үзнэ. Дэлхий нийт Кейнсийн онолд тулгуурлан эдийн засгийн нийт эрэлтийг ингэж судалдаг. Монголын эдийн засгийг эхний хагас жилээр аваад үзэхэд, нэг л тайвшруулах маягтай үзүүлэлт хэлж байгаа. Эдийн засаг сэргэж, 6.3 хувиар өссөн гэдэг. Яг үнэн хэрэгтээ ингэж бодож болохгүй. Өнгөрсөн I улиралд эдийн засаг 15.7 хувийн өсөлттэй гарсан. Гэвч II улиралд эргээд хасах гарсан. Ерөнхийдөө хагас жилийн дүнгээр сайн сайхан тэлэлт гараад, энэ хандлагат 2021 оныг дуустал үргэлжлэх юм байна гэж ойлгож, бодож болохгүй. Энэ өсөлтийг яг задлаад үзэхээр, өрхийн эцсийн хэрэглээний зардал буурсан. Өөрөөр хэлбэл, өрхүүд хэрэглээгээ танаж эхэлсэн. Өрхийн зарлага сүүлийн 2-3 улирал дараалан хасах заасан шүү дээ. Ингээд үзэхээр Монголын эдийн засаг 2021 оныг дуустал тогтвортой хөгжиж чадах эсэх нь эргэлзээтэй. Тэр тусмаа цар тахлын дельта хувилбар Монгол төдийгүй дэлхий дахинд хүчтэй дэгдэж буй нөхцөлд. Цар тахлын мутаци тодорхой хэмжээгээр тэлэх гэж байсан эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Хэдийгээр Монголд сүүлийн саруудад үйлдвэр, үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлсэн ч III болон IV улиралд хүсэж, хүлээж байсан үр дүнг өгч чадахгүй байх. Гэхдээ оны эцэст 5-6 хувийн эерэг өсөлт гарах байх гэсэн өөдрөг хүлээлттэй байна.
-Одоогийн нөхцөлд 5-6 хувийн өсөлт гэдэг боломжийн үзүүлэлт сонсогдож байна. Гэхдээ энэ өсөлт зүгээр нэг бий болчихгүй байх?
-Их олон зүйлээс шалтгаална. Эдийн засаг, эрүүл мэнд хоёрыг хэр зэрэг зөв зохицуулан, удирдаж чадаж байна гэдэг маш чухал. Шийдвэр гаргагчид төр, хувийн хэвшлийн түншлэл уулзалт хийсэн нь зөв зүйл. Бизнес эрхлэгчдэд эерэг хүлээлт үүсгэж байгаа нь өөрөө сайн хэрэг. Гэхдээ яг ярьсан зүйлийнхээ дагуу ажиллах уу гэдэг бас томоос том асуултын тэмдэг. Тухайлбал, Ерөнхийлөгч яг зарлиг гаргах уу. Бүтэн өдөржин хоол ундгүй сууж харагдана лээ. Үүнийхээ үр дүнг гаргах уу. Ерөнхий сайд хуулийн төсөл санаачилна гэж байна. Ганцхан хуулиар асуудлыг цогцоор нь шийдэхгүй. Харилцааг зохицуулж байгаа нэг л хэлбэр. Засгийн газарт өөрийн эрх мэдэл, арга хэрэгсэл бий. Засгийн газар гадаад худалдаан дээр гэхэд л юу хийх юм. Монгол Улс ирэх зууны турш уул уурхайн түүхий эддээ найдах уу. Эдийн засгийн бүтэц, тэр дотроо уул уурхай 90 хувь, бусад нь 10 хувь гэдэг байдлаар яваад байх уу, үгүй юу. Хэд хоногийн өмнө болж өнгөрсөн уулзалт үр дүнтэй байлгая гэвэл, Засгийн газар экспортыг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийг Монголбанктай хамтран хийх ёстой. Засгийн газар тогтоол гаргах хэрэгтэй. Энэ мэтээр тодорхой хурал, цуглааны үр дүнг үзэхийн тулд хийх ажил их байна. Үүнийг л олон нийт, бизнесийн салбарынхан хүлээж байгаа. Иргэдийн хувьд асуудал маш хүнд байгаа шүү дээ. Өрхүүдийн орлого өсөхгүй байна. Зарлагаа хумиад эхэллээ. Дээр нь инфляц гэдэг мангас толгойгоо өндийлгөлөө. Ялангуяа хүнсний, өрхийн хэрэглээний бүтцэд ордог голлох бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг муутгаж эхэллээ. Энэ бол маш муу үзүүлэлт. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ үүнд онцгой анхаарал хандуулах ёстой. Бидэнд нэг дутагдал байдаг. Том, том мега төсөл их ярьдаг болсон. Гэтэл эдийн засагт хамгийн гол анхаарал хандуулах гурван багана байдаг. Өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг, гадаад эдийн засаг гэсэн гурван баганаа хамгийн түрүүнд шинжилж харах ёстой. Гео эдийн засаг ярьдаг мөртлөө энэ гурав салбарыг дутуу хараад байна. Нөхцөл байдлаа энэ мэт дутуу хараад байвал, жилийн эцэст эдийн засаг хасах гарахыг ч эрсдэл байгаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад худалдааг хөнгөвчлөх асуудал юу болж байгааг Гадаад харилцааны сайдаасаа асуух ёстой
-Сүүлийн хоёр жилд гадаад худалдааны нөхцөл хүндрэлтэй байсаар ирлээ. Энэ нь хэрэглээнд тулгуурласан эдийн засагтай бидэнд маш хүчтэй нөлөөлөөд байх шиг?
-Миний түрүүнд дурдсан экспортын дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Бүх судалгаа шинжилгээ нь бэлэн бий. Монголбанк санхүүжилтийн механизмыг нь бүрдүүлчихсэн. Санхүүжилт хийгээд явж байгаа. Засгийн газарт 2018 оны “Монгол экспорт” гэсэн ажилладаггүй хөтөлбөр байгаа. Тэр хөтөлбөрийг амь оруулах хэрэгтэй. Импорт талдаа ч алдаатай зүйл их бий. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортоо бууруулъя гэдэг бол алдаатай бодлого. Импорт чөлөөтэй яваг. Харин импорттой өрсөлдөх үйлдвэрүүд өөрсдийн хүчээр, зах зээлийн жамаараа шалгарах ёстой. Импортыг орлох үйлдвэрийг төр санаачлах биш хувийн хэвшил өөрөө санаачлан ажил хэрэг болгосон тохиолдолд үр өгөөжөө өгдөг. Засгийн газрын санаачилсан наранцэцэгийн тосны үйлдвэр дампуурсан саяхны бэлэн жишээ байна. Мөн гадаад худалдаан дээр зөвхөн эерэг тэнцэл яриад, импортыг хумих нь сайн гэдэг алдаатай бодлого байна. Нео меркантилизм буюу меркантилизмын шинэ алдаатай үзлийг Дональд Трамп хэрэгжүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн. Трампын худалдааны зөвлөх Петер Наварро гэдэг нөхөр үүнийг хэлж өгөөд, гадаад худалдааны баланс барих арга хэмжээ авсан. Гэхдээ энэ бол эцсийн зорилго биш экспорт олон салаалж, төрөл хэмжээгээрээ өрсөлдөх ёстой. Импорт чөлөөтэй байх нь ард иргэдийн аж амьдралд хэрэгтэй. Гэтэл үндэсний үйлдвэрийг хамгаалах нэрээр тариф нэмээд эхэлбэл, нийгэмд ёс суртахуунтай огт хамаагүй буруу авир төрх үүсэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, төрийн тэр чигт үйл ажиллагаа явуулбал салбарын холбоод, бизнесийн төлөөлөл бүр эрх ашгаа импортын бодлогод тусгахын хүснэ шүү дээ.
-Яг өнөөгийн нөхцөл ямар арга хэмжээ авбал Монголд тохиолдоод байгаа тээврийн хүндрэл, хил гаалийн гацаанаас гарч чадах бол. Импортын бараа бүтээгдэхүүний хомстол инфляцыг өдөөж, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөөд эхэллээ. Монголчууд нийт хэрэглээнийхээ 80 хувийг гадаадаас авч байгаа шүү дээ?
-Хамгийн сүүлийн статистик судалгаагаар импортын бараа бүтээгдэхүүний инфляцад үзүүлэх нөлөө 50 хувьтай байна лээ. Энэ бол гадаад худалдааны чөлөөт урсгал тасалдсан буюу нийлүүлэлтийн гинжин хэлхээнд саатал үүссэн асуудал. Олон улсад үүссэн энэ саатал тээвэр зууч, худалдааг хөнгөвчлөх олон улсын бодлогыг хөндөөд эхэлж байна. Нөхцөл байдал хүндрэх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хил дээр очиж хүн загнасан. Гэтэл худалдааг хөнгөвчлөх асуудал юу болж байгааг Гадаад харилцааны сайдаасаа асуух ёстой. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод худалдааг хөнгөвчлөх асуудлыг цогцоор нь тусгасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд саад болж буй бичиг баримтуудыг цөөлөх бол манай дотоод асуудал. Өнөөдөр Монгол Улс экспорт хийхэд 12, импортод 12 төрлийн бичиг баримт шаардаж байгаа. Хил дээр хоёр дарга нь хахууль авч байгаад шоронд орсон байгууллагыг байлгах ямар шаардлага байгаа юм. Засгийн газрын тогтоолоор тэр хүмүүс ажиллаж байгаа. Хил дээр байгаа төрийн тэр олон байгууллагыг татан буулгах хэрэгтэй. Дотооддоо л шалгадаг юм байгаа биз. Хилийн цэрэг машин шалгах ямар хэрэгтэй юм. Бусад улс оронд гадаад худалдааны цахим нэг цонх гэж байдаг. Монголд үүнийг хийхэд 10 орчим сая ам.доллар орох тооцоо байдаг. Хятадууд хүртэл хийгээд өгье гээд байгаа. Дээр нь тээвэр логистикийн асуудал байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компани, холбоод үгээ хэлсэн. Манай тал өөрсдөөсөө хамаарах эдгээр асуудлыг хийсний дараа Хятадын талтай эдийн засгийн дипломатын аргаар ярих ёстой. Хятадууд үүнд саад хийхгүй. Харин ч Монгол Улстай хийх худалдаагаа өргөжүүлэхийг дэмжинэ. Манайхан нэг улстай хэтэрхий их худалдаа хийх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэдэг. Энэ гадаад худалдаанд нөлөөлж байгаа гол зүйл биш. Эцсийн дүндээ Монголын экспортын өрөөсгөл бүтэц үндэсний аюулгүй байдалдаа нөлөөлөөд байгаа юм. УИХ, Засгийн газрын гишүүд үнэхээр л Монгол Улсын хөгжилд санаа зовж байгаа бол экспортын өрөөсгөл бүтцийг одооноос эхлэн зөв голдиролд нь оруулахын төлөө ажиллах ёстой. Үүнийг хэн гардаж хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ерөнхийд нь Засгийн газар гэж хаяглаж болно. Гадаад харилцааны яамны мэргэжлийн дипломатчид гадаад худалдааны нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Тэгэхээр гадаад худалдаагаа сайжруулахын тулд Гадаад харилцааны яамны дэргэд экспортыг дэмжих агентлаг байгуулах шаардлагатай. Олон улсын туршлага нь ийм юм.
-Хил гааль, тээвэр зэрэг бараг бүх асуудлаа шийдвэрлээгүй байж транзит Монгол Улс болно гэж зарлаад байгаа шүү дээ?
-Транзит монгол гэдэг нэр томьёо одоогоос 20 жилийн өмнө гарсан юм. Монголын хөгжлийн нэг гарц нь энэ хоёр том зах зээл дунд транзит улс болох явдал байдаг. Жижиг эдийн засагтай улсын хувьд Евразийн транзит тээврээс хожоо олох нь чухал. Үүний тулд олон чиглэлийн төмөр замаар холбож болно. Харин барьсан төмөр зам бүр ашгаа өгдөг байх ёстой. Ил тод байх ёстой. Төмөр замын төслөөр мөнгө угаадаг, иддэг байж болохгүй. Энэ бүхнийг ил тод болгосны дараа транзит монгол гэнэ. Монголчууд өнөөдөр гео эдийн засаг яриад л байна. Үр дүн алга. Мөрөөдөх сайхан, зөв. Монголчууд худалдаачин үндэстэн байх ёстой, зөв. Гэхдээ бодит байдлаа ярих ёстой. Эхлээд өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг, гадаад эдийн засгаа бодох хэрэгтэй байна.
Өрхийн эдийн засгаа бодолцож 2022 оныг төлөвлөх хэрэгтэй
-Өрхийн эдийн засаг хүнд байна. Бизнесийн салбар бол бүр тодорхой. Харин төсвийн бодлого хаашаа яваад байна вэ?
-Төсвийн орлого яаж бүрдэж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талдаа зарлага нь нийтэд тэгш хуваарилагдаж чадаж байна уу гэдэг асуудал бий. Хэтэрхий олон улаан булан, соёлын ордонд мөнгө хийгээд байна уу. Эсвэл ирээдүйд үр өгөөжөө өгөх хөгжлийн төсөл хөтөлбөрт зарцуулж байна уу гэдгийг анхаарах ёстой асуудал. Төсөв гэдэг зөвхөн алдагдал гэдэг тооны асуудал биш юм. Алдагдлыг яаж санхүүжүүлж байгаа нь өөрөө асуудал. Хуулиараа Монголбанкнаас санхүүжүүлж болохгүй. Түүнчлэн Манайд олон жил оршсон механизм сонгуулийн тогтолцоотой шууд холбогдож байгаа. Сонгуулийн жижиг мажоритар тогтолцоогоор сонгогдсон УИХ-ын гишүүд хулгана хөеөгөө зөөдөг шиг зүйл хийдэг. Гишүүн бүр өөрийн сонгогдсон тойрогт байшин барилга барихыг эрмэлздэг. Үр дүнд нь нутгийн захиргааны байруудыг хар. Бараг л хааны ордон шиг болсон байгаа биз дээ. Гэтэл дэд бүтэц, төрийн үйлчилгээ нь дампуурчихсан. Энэ бүгд төсвийн зардлын асуудал. Монголчууд соёлын ордон барьснаараа бол аль хэдийнэ соёлтой ард түмэн болчихсон. Уг нь соёл гэдэг чинь гудамжинд шүлсээ хаяхгүй байхаас эхэлдэг.
-Төсвийн бодлогын хувьд сүүлийн хоёр жил улс төрийн сонгууль таарлаа. Цар тахал ч нүүрлэлээ. Эдгээрийн нөлөөгөөр төрийн хайр халамж төсөв дээр хэт өндөр ачаалал үүсгэсэн. Сүүлдээ монголчуудын 80 хувь нь халамжаар амьдрах хүртлээ хавтгайрлаа. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Бүх зүйл ард түмний төлөө хийж байгаа мэт харагдаад байгаа шүү дээ. Хөдөлмөрлөж буй иргэдийн халааснаас гарч буй халамж өөрөө нөхцөлт мөнгөн шилжүүлэг байх ёстой. Хүн гэдэг амьтан зүгээр өгөөд л байвал тэжээврийн сэтгэлгээнд ордог. Тэжээврийн биш болгохын нийгмийн халамжаас хүртэж буй иргэдийг хариуцлага хүлээлгэдэг агуулгыг барих ёстой. Халамжаас хөдөлмөр рүү гэдэг уур амьсгал үүнтэй нийцэж байгаа. Цар тахал эхлэхээс хоёр жилийн өмнө буюу аль 2018 оны судалгаагаар монголчуудын 80 хувь нь халамж авч байгааг гаргаад ирсэн. Үүнтэй ажилгүйдлийг холбон, ажилгүйдэл нэгдүгээр асуудал гэж зарлаад байдаг. Гэтэл хөдөлмөрийн дутуу эрхлэлт гэдэг үзүүлэлтээр үүнийг илэрхийлэх ёстой. Миний үзэж буйгаар төр засгийн хувьд нэгдүгээр асуудал бол ядуурал. Ядуурал маш өргөн хүрээтэй учраас үндэсний хэмжээний тусгай хөтөлбөр гаргаж тэмцэх ёстой. Монгол Улс 2030 он гэхэд ядуурлыг эцэслэх зорилт тавьчихсан. Есөн жилийн дотор үүнийг хийж чадах уу. Тогтвортой хөгжлийн зорилтын хамгийн эхний заалт хэрэгжихгүй гэсэн үг. Дээр нь дундаж давхарга анги давжаа байна. Уг нь чинээлэг дундаж давхаргыг бий болгох шилжилт тасралтгүй бөгөөд хурдацтай явж байх ёстой. Үүнийг миний түрүү хэлсэн өрхийн эдийн засгийг дэмжих бодлогод тусгадаг.
-Өнгөрсөн хугацаанд ажлын байрыг хамгаална, өрхийн амьжиргааг дэмжинэ гэж олон их наяд төгрөг зарцуулсан. Тэдгээр арга хэмжээ цар тахлын үеийн хамгаалалт чадав уу. Цаашид үр нөлөө нь яаж гарах бол?
-Авахаас өөр аргагүй арга хэмжээнүүд болсон. Иргэдийн орлого тасарч, ажлын байрны хомстол үүсэх нөхцөл бүрдээд байсан үед бизнесүүдийг дэмжсэн. Гэхдээ учир дутагдалтай. Том үзүүлэлтээрээ өрхийн хэрэглээний зарлага буурснаас харахад, тэдгээр дэмжлэг хангалттай биш байна гэсэн үг. Бизнесүүдэд зээл өгсөн боловч хүртсэн хэсэг нь хэдэн хувь билээ. Цар тахал нэг хэсэгт нь хүчтэй нөлөөлж, нөгөө хэсэгт нь зөөлөн тусна гэж байхгүй шүү дээ. Цар тахлын хугацаанд албан бус салбарынхан огт дэмжлэг авч чадаагүй. Малчдыг оруулаад тооцвол 180 орчим мянган иргэнд албан бус секторт хамаарч байгаа. Тэд бүгд цар тахлын нөлөөллөөр хаалгаа барьсан. Энэ мэтээр яривал 10 их наядын хөтөлбөр нийтийг хамарч чадаагүй. Цаашдаа нийтийг хамруулах хэрэгтэй. Одоо бизнесүүдийг аварч байгаа гурван хувийн хүүтэй зээл, репо санхүүжилтийг шууд зогсоочиж болохгүй. 2022 онд эдийн засгийн тэлэлт бий болгохын тулд 10 их наядын хөтөлбөрөө үргэлжлүүлэн эдийн засаг, эрүүл мэндийн салбартайгаа уях хэрэгтэй. Өнөөдөр нэг сайхан зүйл хийчихлээ гээд орхивол том эндүүрэл болно. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан ойлгож байгаа байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэж байгаа байх. Эдгээрийг бодож 2022 оныг төлөвлөх хэрэгтэй.
-Ирэх 2022 онд өрхийн эдийн засгийг дэмжих, бизнесийн салбараа бодсон, ирээдүйд үр өгөөжөө өгөх төсөв батлах хэрэгтэй гэлээ. Үүнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Монголд тэр хэмжээний нөөц бололцоо үлдсэн үү?
-Төсөв нь өөрөө хүний нүүр царайтай байвал болно. Өрхийн амьжиргааг бодсон, бизнесийг дэмжсэн, хөрөнгө оруулалтаа харсан байвал зөв. Төсвийн бодлого богдын боов боорцог таардаг шиг байж болохгүй. Тэр үүндээсээ халамжаас хөдөлмөр рүү гэдэг бодлого ирэх 2022 онд үр дүнгээ өгөх байх. Уул уухайн бус экспортыг дэмжих бодлого үр дүнгээ өгөх байх. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого ч үр дүнгээ өгөх байх. Мега төслүүд хэрэгжих байх. Энэ дотроо өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг, гадаад эдийн засаг гэсэн гурван баганаа анхаарах байх гэж найдаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )