Их Британид үүсээд буй шатахууны хомсдлоос үүдэн шатахуун түгээгүүрийн газар зодоон болсон тухай “The Sun” хэвлэл мэдээлжээ.
Шатахуун авахаар дугаарлаж байсан мотоциклын жолооч автомашины жолоочтой муудалцан, нударга зөрүүлсэн байна. Удалгүй зодоонд жолооч нар оролцож, олныг хамарсан бужигнаан болжээ.
Их Британи сүүлийн хэдэн сар ачааны тэрэгний болон шатахуун тээвэрлэх автомашины жолооч дутагдсаны улмаас хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдолд ороод байгаа юм. Их Британийн Засгийн газар ард иргэддээ хандан шатахууны нөөц хангалттай бий гэж анхааруулж байгаа ч хүмүүс их хэмжээгээр шатахуун худалдан авах болжээ. Үүнтэй холбогдуулан шатахуун түгээгүүрийн газрууд нэг хүнд 30 фунт стерлингийн түлш олгох хязгаарлалт тогтоосон байна.
Түүнчлэн, Их Британийн эрх баригчид цэргийн алба хаагчдын дунд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тухай тус улсын эрчим хүч, аж үйлдвэрийн яамны мэдээлжээ.
“Times” сонины мэдээллээр, шаардлагатай үед цэргүүдийг шатахуун тээвэрлэх автомашины жолоочоор дайчлахаар ажиллаж байна.
Энэхүү “Эскалин” гэж нэрлэсэн ажиллагааг нөхцөл байдал хүндэрвэл эхлүүлэх гэнэ. Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллесын мэдэгдсэнээр, цэргүүд тусгай бэлтгэл хийж, тээврийн ачааллыг бууруулахад туслах аж.
Түүнчлэн, ажиллах хүчний хомстлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Их Британийн Засгийн газар гаднын ачааны тээврийн таван мянган жолоочид богино хугацааны виз яаралтай олгох шийдвэр гаргажээ.
Үүнтэй зэрэгцэн, ачааны тэрэгний жолооч нарыг жолооны шалгалт давтан өгөх шаардлагаас чөлөөлжээ. Эн сарын 27-ноос арванхоёрдугаар сарын хооронд дуусах жолооны үнэмлэхийн хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл автоматаар сунгасан байна.
Британийн газрын тосны томоохон компаниуд шатахууны нөөц хангалттай байгаа тухай мэдэгдэж, хэд хоногийн дараа эрэлт тогтворжино гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )