Пакистаны шүүх Лахор хотын ерөнхий боловсролын сургуулийн захирал эмэгтэйг бурхныг доромжилсон гэж үзэн, цаазын ял оноожээ.
Энэтхэгийн PTI агентлагийн мэдээлснээр, шүүгдэгч Салма Танвир зөнч Мухаммед сүүлчийн зөнч биш, өөрийгөө дараагийн зөнч гэж мэдэгдэж байжээ. 2013 онд Пенжаб мужийн шүүх орон нутгийн хуврагийн гомдлын дагуу Танвирын эсрэг хэрэг үүсгэжээ. Танвирын буруутайг нотлохын тулд найман жилийг зарцуулсан байна. Энэ бүх хугацаанд Танвир хоригдож байжээ.
Ялын дээд хэмжээг оноохдоо шүүх Пенжаб мужийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дүгнэлтийг мөн харгалзан үзсэн байна. Тус хүрээлэн Танвирыг эрүүл гэж дүгнэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэрэг хүлээх чадваргүй гэж мэдэгдэн, шүүхийн шийдвэрийг давж заалдахаар зэхэж байна.
Пакистанд бурхныг доромжлох нь хүнд гэмт хэрэгт тооцогдож, хатуу шийтгэл ногдуулсаар иржээ. 1980-аад оны эхээр Пакистаны дарангуйлагч асан, генерал Мухаммад Зиа уль Хакын үеэс шийтгэлийг чангатгаж, цаазын ял оноох болжээ. 1982 оноос хойш бурхныг доромжилсон хэргээр нийт 1742 хүнийг шийтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )