Монгол Улсад жилд дунджаар харвалт болон зүрхний шигдээс өвчинөөр таван мянга орчим хүн, хорт хавдараар дөрвөн мянга орчим, осол гэмтлээр гурван мянга орчим хүн нас бардаг байна. Харин өнөөдрийн байдлаар хоёр жилийн хугацаанд коронавирусээр 1.3 мянган хүн нас баржээ. Эдгээр нас барсан хүмүүсийн 80 хувь нь суурь өвчтэй хүмүүс байсан аж. Өнөөх л чихрийн шижин, зүрх судасны архаг өвчтэй, хорт хавдартай хүмүүс юм.
Эрүүл хүн коронавирусээр өвчлөөд үхэх магадлал нэг хувьд ч хүрдэггүй гэнэ. Гэтэл хорт хавдар, зүрхний шигдээс болвол таны үхэх магадлал 50 хувиас дээш байдаг ажээ. Дээрх өвчнөөр нас барагсдын тоо ковидоор нас барсан хүмүүсээс хэд дахин илүү байна. Тэгэхээр монголчуудын амь насанд заналхийлж байгаа аюулт өвчин нь чухам аль нь болж таарах вэ. Олон мянган иргэдийн амь насыг аван одож буй аюулт өвчлөлийг төр засгаас төдий л тоохгүй, түүний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байна.
Хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс зэргээр өвчлүүлдэг суурь шалтгаан нь таргалалт байдаг. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хавдар үүсгэгч хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон, чипс гэх мэт зүйлс үүнд багтдаг байна. Үүнийг хүн бүхэн мэддэг хэдий ч өөрсдөө болон үр хүүхдүүддээ өгч, тогтмол хэрэглэсээр байдаг.
Бид нэг жилийн хугацаанд хэдэн арван мянган хүнийг ээлж дараалан авч явдаг дээрх өвчнүүдийэ эсрэг өдөр тутамдаа тэмцэж, өөрсдийгөө хамгаалж байх учиртай. Өвчилсөн хойноо амьдрах гарц хайж, хандивын аян зохион байгуулж байхаар урьдчилан сэргийлэх, таргалалттай тэмцэх нь чухал. Эрүүл саруул байна гэдэг нь хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн асар том үүрэг хариуцлага билээ.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )