СУРВАЛЖИЛГА: УЛААН БҮС болсон өрхийн эмнэлгийн НЭГ ӨДӨР

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа салбар бол эрүүл мэндийн салбар. Ковид-19 халдвараар өвдсөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нөхцөлгүй болж, эмнэлгийн орны хүрэлцээ дээд цэгтээ хүрч, зарим иргэд эмнэлгийн шалаар хэвтэж, арай ядан эмчилгээ авч буй.

Өчигдрийн байдлаар /2021.10.12/ улсын хэмжээнд нийт 72.846 халдвар авсан байгаагаас ердөө 19.826 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 53 мянган хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлж байна.

Улмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ч ачааллаа дийлэхгүйд хүрч, сайн дураар ажиллах хэн нэгнийг хайсаар байгаа билээ.

Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид хэрхэн ажиллаж байгаа талаар Чингэлтэй дүүргийн 5-р хорооны “Энэрэнгүй үйлс” эрүүл мэндийн төвөөс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ

11:30 цаг Өрхийн эмнэлгийн хаалгыг татав. Эмнэлгийн давчуухан коридорт хана дагуулан байрлуулсан цагаан сандал дээр хүн суух зайгүй байлаа. Халдвар хамгааллын дэглэм баримтлах битгий хэл зай барих ямар ч нөхцөл, боломж энд алга.

Гурван өрөөнд гурван эмч зэрэг үзлэг хийж байв. Мөн дархлаажуулалтын өрөө ч тусдаа байх аж. Гэвч энэ жижигхэн байранд хүн зөрөх зай дэндүү хомс.

Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт, томуугийн вакцин, ковидын үзлэг оношилгоо болоод бусад төрлийн үзлэг, эмчилгээ гээд энэ жижигхэн газарт хийх ажил, үйлчлүүлэх хүн тун олон.

Эмнэлгийн ажилчид 12:00-13:00 цагийн хооронд цайндаа ордог. Урт өдрийн дундах хэсэгхэн хормын амралтыг ажилчид хамтдаа сууж, халуун хоол идэнгээ өвчтөнүүдийнхээ талаар ярилцана.

13:00 цаг Өрхийн эмнэлгийн ажилчдын цайны цаг дуусаж, ажилдаа шамдан орцгоов. Эмч нар өдөр өдрөөр ээлжлэн үдээс хойш ковидийн халдвар авч, гэрийн хяналтад орсон хорооны иргэдийг үзэж, эмийн багц тараадаг аж. Өнөөдөр үзлэг хийх эмч бол их эмч М.Нандинзаяа байлаа. Түүнтэй хамт үзлэг хийх шаардлагатай, дуудлага өгсөн таван өрхөөр оров.

Ажилдаа гарахын өмнө бэлтгэлээ хангалаа. Монголын улаан загалмайн нийгэмлэг гэсэн бичигтэй жижиг улаан цүнхэнд эмийн багц, даралтын аппарат, чагнуур, зөөврийн эмийн сан гэх мэт маш олон зүйл багтаж аж.

Насанд хүрсэн хүний эмийн багц

Хүүхдийн эмийн багц

Өрхүүдээр орохоор явах замд эмчтэй цөөн хором ярилцав. Чингэлтэй дүүргийн 5-р хороонд өнгөрсөн есдүгээр сард 200 орчим хүн халдвар авчээ. Харин одоогийн байдлаар халдвар авч, гэртээ эмчлэгдэж буй 124 хүн байгаа аж.

Өрхийн эрүүл мэндийн төвийн ажил 8.30 цагаас эхэлдэг. Их эмч М.Нандинзаяагийн хувьд өглөө ирээд шинээр халдвар авсан иргэдийн бүртгэлийг оруулдаг байна. Үүний дараа томуугийн вакцин хийх бяцхан үрсийг үздэг. Энэ ажлын дараа хаалганых нь цаана дугаарлан суух иргэдийг нэг нэгээр нь үзэж, шаардлагатай бол эмчилгээ хийдэг байна.

Үд хүртэл тэд амсхийх завгүй ажиллаж, хорооны иргэддээ үйлчилдэг. Харин 13:00 цагаас хойш батлагдсан иргэдийн гэрээр орж, үзлэг эмчилгээ хийдэг.

Чингэлтэй дүүргийн 5-р хороонд “Тэди” худалдааны төвөөс  Баянбүрдийн тойрог хүртэлх хэсэг харьяалагддаг. “Ойрхон болохоор үзлэг хийх айлууд руугаа алхаад явчихдаг юм” хэмээн эмч хэлж байлаа.

Тухайн өдөр бүртгэлд орсон айлууд руу утсаар холбогдож, боломжтой бол эргэн тойрны хэн нэгнийг нь ирж авахыг зөвлөж, боломжгүй бол эмч өөрөө очиж эмийн багцаа тараадаг байна. Ингээд түүнтэй хамт таван өрхөөр оров. М.Нандинзаяа эмч жижиг тэмдэглэлийн дэвтэрт очих айлынхаа хаягийг дараалуулан бичсэн байх бөгөөд хамгийн эхэнд 15-р байр хэмээн бичсэн байлаа.

Дуудлагын дагуу өвчтөнөө үзэхээр ирэхэд хаалгаа онгойлгохгүй эсвэл бие маань зүгээр болчихлоо, үзүүлэхээ болилоо гэх тохиолдол их гарч байгаа

Өрх 1: 

15-р байрны голын орцын хонхыг дарж, тав орчим минут зогслоо. Гэвч ямар ч хариу байсангүй. Улмаар дуудлага өгсөн иргэн рүү залгасан боловч утсаа авсангүй. Эмчийн хэлж байгаагаар дуудлагын дагуу үзэх гээд ирэхэд хаалгаа онгойлгохгүй эсвэл “Бие маань зүгээр болчихлоо, үзүүлэхээ болилоо” гэх тохиолдол их гарч байна гэнэ. “Зорьж ирсэн өвчтөнөө үзэлгүйгээр буцаж байсан тохиолдол нэлээд байгаа” хэмээн ярилаа.

Өрх 2: 

Энэ байранд дуудлага өгсөн хоёр айл байгаа аж. Эхний айл хаалгаа онгойлгоогүй тул дараагийн айлын хаалгыг татав. Энд гурван хүүхэдтэй ганц биш ээж байдаг аж. Энэ талаар эмч “Анх ирэхдээ хүүхэд маань өндөр халуураад байна гэж ирсэн. Улмаар шинжилгээ аваад эерэг гарсан байгаа. Зургаа хоногийн дараа ойрын хавьтал болох хоёр дүүгээс нь шинжилгээ авахад эерэг гарсан. Ээж нь бол өмнө нь халдвар аваад эдгэсэн. Хүүхдүүд нь халдвар аваад долоо хонож байна. Энэ хугацаанд гурав дахь удаагаа ирж үзлэг хийж байна” гэлээ.  

Ханиалгах нь уушги өөрийгөө цэвэрлэж байна гэсэн үг

Өрх 3: 

Энд айлд халдвар авсан нэг иргэн бий. Тэрбээр хоолны дуршил нь буурч, ус уусан ч бөөлжиж байгаа гэнэ. Эмчийг үзлэг хийх хугацаанд нэлээд ханиалгаж байлаа. Эмч өвчтөний даралтыг үзэж, амьсгалыг нь чагнав.

Харин халдвар авсан иргэн бидэнд ямар нэгэн хариулт өгөхийг хүссэнгүй.

Тус айлаас гараад эмчээс ханиалгаж байна гэхээр хүнд туссан гэсэн үг үү гэхэд М.Нандинзаяа эмч “Уушги өөрийгөө цэвэрлэх гээд байна. Цэр тогтсон байгаа бол түүнийгээ гаргах гээд байна гэсэн дохио. Огт ханиалгахгүй хүмүүс бол аюултай” гэв.

Илүүдэл жинтэй хүнд өвчин хүндэрсний дараа зовуурь илэрдэг

Өрх 4:

Энд дунд эргэм насны бага зэргийн илүүдэл жинтэй залуу байдаг. М.Нандинзаяа эмч “Энэ айлд хоёр дахь удаагаа орж үзлэг хийж  байна. Халдвартай иргэн эмнэлгээс өгсөн эмчилгээний багцыг хэрэглэхээс гадна нэмэлтээр дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж байна. Илүүдэл жинтэй хүмүүс аливаа өвчин тусахад архаг болох гээд байдаг. Зовуурь нь архагшсан хойно илэрдэг. Илүүдэл жинтэй хүнд өвчин нь хүндэрсний дараа зовуурь илэрдэг гэсэн үг” гэлээ.

Өрх 5:

Бидний очсон сүүлийн айл мөн л хаалгаа тайлсангүй. Улмаар хүлээж зогссоны эцэст аргагүй эрхэнд  буцлаа.

М.Нандинзаяа эмч өмнө нь эмнэлэг дээрээ ганцаараа ажилладаг байжээ. Тухайн үед ажлын цагаа дуустал эмнэлэгтээ үзлэг, эмчилгээ хийж, ажлыг цаг дууссаны дараа өрхүүдээр ордог байжээ. Одоо эмч нар нь нэмэгдээд ажлын ачаалал харьцангуй бага болсныг тэрбээр хэлж байлаа. Энэ талаараа “Өмнө нь ганцаараа ажилладаг байх үед 10 цагийн үед тардаг байсан. Харин одоо 7 цагийн үед тардаг болсон. Би гурван настай хүүтэй. Ажлаа тараад ороход хүү маань хаалганы үүдэнд ээжийгээ хүлээсэн янзтай зогсож байдаг. Тиймээс ажил тараад гэр лүүгээ яардаг. Үзлэг хийхдээ хүн үзэлгүй орхисон байх вий гэж санаа зовоод гэртээ очоод тухайн өдрийн үзлэг хийсэн хүмүүсийн мэдээллийг нягталж, шалгадаг” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top