Хүн бүр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг байх. Харамсалтай нь хэрхэн яаж хүрэхээ тэр бүр мэддэггүй юм шиг. Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй болсон хүмүүсийн цөөнгүй хэсэг нь “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам маш энгийн байдаг. Зүгээр л хадгал. Тэгээд хөрөнгө оруулалт хий” хэмээн зөвлөдөг. Харин үүнийг хэрэгжүүлэхэд хүмүүсээс тодорхой хэмжээний золиос шаарддаг болов уу. Амархан байсан бол хүн бүхэн баян болно шүү дээ.
Өнөөдөр монголчуудын дийлэнх хувь нь цалингаараа аж, амьдралаа залгуулдаг. Гэвч олсон цалингийнх нь 36 хувийг Засгийн газар авдаг билээ. Амьдрал, ахуйдаа жижиг, сажиг зардал гаргах болгонд НӨАТ гээд 10 хувийг мөн л авдаг. Харин зоогийн газар орвол хотын татвар гээд нэг хувийг нэмж авна. Банкинд мөнгөө хадгалуулж олсон хүүнээс татварт дахиад л 10 хувийг өгдөг. Байр, машин авсан ч татвар төлнө. Энэ бүхний эцэст улсаас иргэддээ эрүүл мэнд, аюулгүй байдал, тэтгэврийг амладаг. Гэхдээ бодит байдал дээр энэ нь амалсан шигээ байдаг эсэх нь эргэлзээтэй.
Хүмүүсийг бухимдуулдаг бас нэг зүйл нь инфляц. Харин санхүүгээ тэлж, эдийн засгаа өргөжүүлэхийн тулд зөв хөрөнгө оруулалт хийвэл 10 хувийн л татвар төлнө. 36 хувь биш 10 хувь юм. Тухайн компани ашигтай ажиллавал хөрөнгө оруулалт хийсэн мөнгө тань хоёр, гурав дахин, бүр түүнээс ч их хувиар өсөх магадлалтай байдаг.
Америкийн судлаач Насим Талеб хэлэхдээ “Хамгийн хортой гурван төрлийн донтолт бол херойн, сахартай ундаа, сарын цалин юм” гэж хэлсэн байдаг. Тиймээс дан ганц цалингаа авахаас гадна түүнийг зөв зохистой зарцуулж, тодорхой хувиар нь хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн хувьд баталгаатай болох боломжтой.
Магадгүй зарим хүмүүс мөнгөнд тийм ч их ач холбогдол өгдөггүй байж болох юм. Гэхдээ ямар ч тохиолдолд учирч болох эрсдэлд бэлэн байх нь чухал билээ. Мөнгө хүний бүх асуудлыг шийдэж чадахгүй. Гэхдээ мөнгөтэй холбоотой бүх асуудлыг шийдэж чаддаг.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )