Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.10.18) болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулалтын цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэгдүүлэх, борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэх, ялангуяа алслагдсан байршилтай борлуулалтын цэгт түлш хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах нь зүйтэй байгааг онцоллоо.
Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан. Гэтэл энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ.
Нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.
Хариуцлага тооцох механизмийг чангатган ажиллахаас аргагүй нөхцөл байдал үүсэж байгааг Хотын дарга тодотголоо.
Эмнэлэгт 6727, гэрээр 27107 хүн эмчлүүлж байна
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна.
Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаагийн дээр нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин гурав дахь буюу нэмэлт тунд нийслэлчүүдийн 12.9 хувь нь хамрагдсан. Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдагсдын тоо хангалтгүй байгаа тул явуулын багийг ажиллуулж байгаа.
Оюутны байруудад явуулын баг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож, бүгд вакцинаа хийлгэсэн. Мөн 12 байгууллагын 942 хүнд, гэрээр 1509 хүнд, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин тарьсан. Томуугийн вакцинд нийт хүүхдүүдийн 98.7 хувь, жирэмсэн эхчүүдийн 94.5 хувь хамрагдаад байна гэдгийг мэдээллээ.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаар өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч байгаа бөгөөд аравдугаар сарын 15-ны өдөр л гэхэд 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй аж.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжсэн бол цэцэрлэгийн 120 бүлэг, сургуулийн 273 бүлэг цахимаар хичээллэж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )