Номын сангаа цэгцэлж байтал “Багануур дүүрэг” гэсэн бичигтэй алтан шаргал үзэг гарч ирэв. Гүн галуутайн нутагт Болор цом наадам ноднин нижгэр болсон билээ. Ховд нутгийн найрагч Б.Жамбалдорж “Жамын цас” шүлгээрээ түрүүлээд хүн бүхний сэтгэлд жаргалын цас бударч асан үе. Монголын утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн гал голомт, өөжин өлгийд ирээд сэтгэл нэн баясаж, сэрхийн хэдэн мөрт ийнхүү будруулж явлаа.
“Гүн Галуутайн нутгаар гүймэн гүймэн будантай
Гүйгээд очихын цагт гүн хүндэтгэлт түмэнтэй
Нацагдоржийн нутгаар намс намс салхитай
Наадамлаад буцахын цагт найраг, дууны уянгатай”
Дэгжин шаавай бүрх малгайтай, дан тэрлэгтэй их зохиолч хаш чулуун гаансаар тамхилангаа алсыг ширтэн суугаа хүрэл баримал хөшөө Багануур дүүргийн төв талбайд сүндэрлэн буй. Болор цомын өмнө үлээвэр найрал хөгжимчид сүрт дуугаа эгшиглүүлж наадмыг зорин ирсэн хүндэт зочид их зохиолчийн гэгээн хөшөөнд цэцэг өргөх ёслол эхэлж асан цаг.
Ёслолд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Б.Догмид, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах Зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав тэргүүтэй зочдоос гадна Болор цомд оролцохоор ирсэн найрагчид, нутгийн ард түмэн хуран чуулсан байлаа. Тэр л үед нэгэн үл таних залуу надад энэ хүү алтан шаргал үзгийг бэлэглэсэн юм.
“Хүүе” гэхийн завдалгүй л мөнөөх залуу агаарт замхрах шиг алга болчихсон. Би түүнийг Нацагдоржийн сүнс байсан мэтээр төсөөлөн бодож, мөрөөдөн итгэхийг хүсдэг болохоор энэ үзгийг чухам нандигнан хадгалжээ. Надад илгээсэн найрагчийн үзгээр олон шүлэг бичнэ ээ.
Сэтгэгдэл ( 0 )