"Өвчтөнийг 4-5 хүн дагах нь халдвар тархах эрсдэл үүсгэж байна"

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.10.22/ цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ. 

Энэ үеэр Улсын III төв Эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир "Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд олон эрүүл мэндийн байгууллага өндөр ачаалалтай ажиллаж байгаагийн нэг нь Улсын Гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ юм. Манай эмнэлэг Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ковидын хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж, иргэдийг хүлээн авч байна.

Энэ хугацаанд 1800 орчим халдвартай иргэдийг хүлээн авч, эмчлээд байна. Нийт эмчлэгдэж байгаа тохиолдлын 18-20 хувь нь нэн хүнд хэлбэрийн хүмүүс байна. Хүнд болоод хүндэвтэр нь 60-аас дээш хувь нь эзэлж байна. Үүнээс харахад ковидын хүнд нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна. Нас баралт буурахгүй байгаа олон шалтгаан байна.

Нэгдүгээрт, Архаг суурь өвчтэй хүмүүсийн вакцины нэмэлт тунд хамрагдалт хангалтгүй байна.

Хоёрдугаарт, Олон нийтийн газар, олныг хамарсан арга хэмжээнүүдэд эрсдэл өндөртэй, суурь өвчтэй иргэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, эрүүл мэндийн хариуцлагыг өндөржүүлж оролцохгүй байгаагаас болж байна.

Иргэд эрүүл мэндийн байгууллагаар олноор явах, нэг хүн оношилгоо, шинжилгээнд хамрагдахад 4-5 хүн дагалдах, хөдөө орон нутгаас ирж үзүүлж буй иргэнийг 10-20 хүн дагах гэх мэт асуудлууд эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл үүсгэж, халдвар тархах эрсдэл үүсгэж байна. Эмнэлэг бол халдварын хамгийн эрсдэл өндөртэй орчин гэдгийг санах хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top