БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 12-нд Күньмин хотноо болсон “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн оролцогч талуудын 15 дугаар чуулганы дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцон үндсэн илтгэл тавилаа.
Ши Жиньпин илтгэлдээ, биологийн олон янз байдал нь дэлхийг амьтай байлгадаг, хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжих үндэс юм. Биологийн олон янз байдлыг хамгаалах нь эх дэлхийгээ хамгаалах, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг дэмжихэд тустай. Күньмин хотноо болж буй “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн оролцогч талуудын 15 дугаар чуулган нь ирээдүйд дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах зорилго, тодорхой замыг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой юм. Олон улс хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нэг сэтгэлээр нэг чиглэлд ажиллан дэлхий дээрх амьдралын хамтын нийгэмлэгийг бий болгох хэрэгтэй гэв.
Ши Жиньпин цааш онцлон тэмдэглэхдээ, хүн, байгаль эв зохицолтой зэрэгцэн орших ёстой. Бид байгалиа хүндэлж, байгалиа хамгаалж, байгалийн жамыг дагаж, хүн ба байгаль эв зохицолтой зэрэгцэн оршдог эх дэлхийг бүтээх ёстой. Цэнгэг ус, хөхөмдөг уулс бол алт, мөнгөн уул. Экологийн таатай орчин бол байгалийн болон эдийн засгийн баялаг бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөөц бололцоотой холбоотой. Бид ногоон хөгжлийн загвар бүрдүүлэлтээ эрчимжүүлж, эдийн засгийн хөгжил ба байгаль орчин хамгааллаа нэгэн зэрэг дэмжиж, эдийн засаг болон байгаль орчин хамтдаа урагшилдаг эх дэлхийг бүтээх хэрэгтэй. Covid-19 цар тахал дэлхий нийтийн хөгжлийг хар сүүдрээр бүрхээд байна. Эдийн засгийг сэргээх, байгаль орчныг хамгаалах чухал хос үүргийг биелүүлэхийн тулд бид эв нэгдлээ бэхжүүлж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, бүх улс орны ард түмэнд хөгжлийн үр өгөөж болон экологийн таатай нөхцөлийг илүү ихээр, илүү эрх тэгш хүргэж, дэлхийн бүх улс орон хамтдаа хөгждөг эх дэлхийг бүтээх хэрэгтэй.
Бид сорилт, хүсэл эрмэлзлээр дүүрэн эрин үед байна. Хамтын ирээдүйн төлөө бид хамтран урагшилж, хүн төрөлхтний өндөр чанартай хөгжлийн шинэ аяллыг эхлүүлэх хэрэгтэй. Үүний тулд, Нэгдүгээрт, Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг чиглэл болгож, хүн ба байгаль хоорондын харилцааг зохицуулах. Аж үйлдвэрийн соёл иргэншлээс үүдэлтэй зөрчилдөөнийг шийдэж, хүн төрөлхтний үйл ажиллагааг экологийн орчин зөвшөөрөх хэмжээнд хязгаарлаж, уул, гол мөрөн, ой мод, тариалангийн талбай, газар шороог цогцоор хамгаалан системтэй удирдах хэрэгтэй.
Хоёрдугаарт, ногоон шилжилт хийж дэлхийн тогтвортой хөгжилд туслах хэрэгтэй. Ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах эдийн засгийн тогтолцоог бий болгож, экологийн давуу талыг хөгжлийн давуу тал болгож, цэнгэг ус, ногоон уулсаар асар их үр өгөөжийг бий болгох хэрэгтэй. Олон улсын ногоон хамтын ажиллагааг бэхжүүлж, ногоон хөгжлийн үр шимийг хамтдаа хүртэх хэрэгтэй.
Гуравдугаарт, ард түмэн төвтэй нийгмийн шударга ёсыг дэмжих. Ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг дэмжиж, байгаль орчноо хамгаалах, эдийн засгаа хөгжүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг арилгах зэрэг тал бүрийн ялалтыг биелүүлж, бүх улс орны ард түмний ололт амжилт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, олон улсын засаглалын тогтолцооны шударга байдлыг олон улсын хууль, эрх зүйд үндэслэн хамгаалах. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын дүрэм журмыг үр дүнтэй мөрдөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Байгаль орчныг хамгаалах шинэ зорилт тавихдаа хүсэл зориг ба бодит тэнцвэрийг адил анхаарч дэлхийн байгаль орчны удирдлагын тогтолцоог илүү шударга байлгаж, зүйд нийцүүлэх хэрэгтэй.
Ши Жиньпин дарга хурлын үеэр мөн Хятад хэрэгжүүлэх цуврал чухал арга хэмжээг зарлалаа. Тухайлбал нэгдүгээрт, Хятад улс хөгжиж буй орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсийг дэмжихэд манлайлах зорилгоор 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт бүхий Күньминийн биологийн олон янз байдлын сан байгуулна. Хоёрдугаарт, Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнг албан ёсоор байгуулж, үндэсний ургамлын хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Гуравдугаарт, Хятад улс аж үйлдвэрийн болон эрчим хүчний бүтцийн зохицуулалтыг үргэлжлэн ахиулж, сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж, говь, цөлийн бүс нутагт салхин болон нарны фотоволтайк цахилгаан станцын томоохон бааз байгуулах төслийн төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болно гэв.
Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. Талууд байгаль орчин хамгааллын талаар нийтлэг эрх ашигтай бөгөөд ижил төстэй байр суурьтай. Ши Жиньпин дарга хүн, байгаль эв зохицолтой зэрэгцэн орших ёстойг онцолсон. Бид байгалиа хүндэлж, байгалиа хамгаалж, байгалийн жамыг дагаж, хүн ба байгаль эв зохицолтой зэрэгцэн оршдог эх дэлхийг бүтээх үзэл санааг бий болгох хэрэгтэй. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, хөгжлийн инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх шинэ үзэл санааг тууштай баримтлан хэрэгжүүлж үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол нь улс орон, хил хязгаар, үндэстэн угсаатан, шашин шүтлэг ялгахгүй, хүн төрөлхтний ирээдүйн оршин тогтнолд аюул учруулж байгаа ба хүн төрөлхтөн байгаль орчинтой зохистой харьцах ёстойг онцлон дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэхийн тулд Монгол Улс 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхээ зарласан. Хятад, Монгол хоёр улс экологи, байгаль орчныг хамгаалах, түүний удирдлагын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг. Талуудын удирдлага шороо, элсэн шуурганаас урьдчилан сэргийлэх, экологи, байгаль орчныг хамгаалах төслийн талаар олон удаа санал солилцон чухал тохиролцоонд хүрсэн. Сүүлийн жилүүдэд Монголын говийн баавгай мазаалайг хамгаалах төслийн талаар талууд үе шаттай үр дүнд хүрээд байна. Цаашид Хятадын тал эдийн засаг, байгаль орчин уялдаатай хөгждөг, бүх улс орон хамтдаа хөгждөг эх дэлхийг бүтээхээр Монголын талтай хамтдаа хичээхэд бэлэн байна.
Сэтгэгдэл ( 0 )