Нас барсан хүнээ 1600 болтол нь тооллоо, цаашид яах вэ!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Яг ингээд асуухаар хоёр тал болоод маргаад явчихдаг. Нэг хэсэг нь “Одоо цар тахалтай эвлэрч амьдрах цаг нь болсон. Бүх юмаа нээгээд эдийн засгаа бод” гэж байхад “Өвчин зовлонгийн үед эм тариа хангалттай байлгах арга байхгүй юу. Ядаж л дээрээсээ эхлээд шоу цэнгээн зохион байгуулахаа больчих л доо” гэдэг хүмүүс байна. Гэхдээ улс дотроо дээрээсээ доор хүртлээ ойлголцол нэг байж хичээхгүй бол дээрх хоёр төрлийн аль нь ч биеллээ олохгүйг өнгөрсөн цаг хугацаа харууллаа.

Хятадын Эрээн боомт хотод ганц тохиолдол илрэхэд л хамаг юмаа хааж орхив. Дагаад манай улсад наад зах нь хүнсний ногоо ховордсон нь хүн бүхэнд мэдрэгдсэн байх. Бярдвал бярдаад, төлвөл төлөөд эрх биш ногоо авчих чадалтай гэмээр алдартай халуун тогооны газрууд, Шангри-Ла төвийн ресторанууд хүртэл мах, гурил, төмснөөс өөр юмгүй болчихож байгаа биз дээ. Ийм байхад жижиг цайны газруудаас эхлээд ямар нөхцөлд орсон нь ойлгомжтой.

ЁСТОЙ “ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВТАЙГАА...” Л ҮЛДЛЭЭ

Эмнэлгийн хэрэгсэл тасалдаад эхэлсэн аймаар юм дуулдаж байна. Эмийн бөөний төвүүдэд нэг удаагийн тариур, дуслын систем, дусал тариа, антибиотекууд тасарсан байна. Ер нь байна аа, дэлхийн бүх орноос Монгол Улсад бараа материал орж ирдэг ганцхан суваг бий. Тэр нь Тянжины боомт. Тянжины боомтоос Эрээн рүү зөөвөрлөөд, тэндээс Замын-Үүдээр орж ирдэг. Солонгос бэлэн гоймон, Австрали үхрийн мах, Япон электрон бараа, Америк тахиа гээд бүгд багтана. Монголчууд дотооддоо мах, гурил л үйлдвэрлэдэг гэдгийг л санахад илүүдэхгүй. Углаашнаас эхлээд сайжруулсан түлш хүртэл бүх л дотоодын барааг хийхэд хэрэгцээтэй материалыг гадаадаас татдаг юм шүү дээ. Ийм болохоор эдийн засгаа сэргээмээр байвал эхлээд ковидтойгоо тууштайхан тэмц гээд байгаа юм. Хаа байсан дэлхийн нөгөө хагаст байгаа Европын өндөр хөгжилтэй хэдэн орон цар тахалтай эвлэрч амьдрах боллоо гэхээр өөрсдийгөө харьцуулаад байх ямар ч хэрэг байхгүй. Тэнд чинь өвчин зовлонгоос болоод үхэл хагацалтай тулгарахаа больчихоод байгаа.

Дэлхий байг гэхэд Азийн хэдэн орон дундаа хаана яваагаа бодох хэрэгтэй биз дээ. Монголчууд үхлээрээ Азидаа эхний 30 дотор “давхиж” буйг аль ч мэдээллийн системээс харж болно. Энд дурдагдаад байгаа улс орнууд багадаа 30 сая хүнтэй юм шүү дээ. Манай эдийн засагт чухал нөлөөтэй Япон улсад ковидын улмаас нас барж байгаа хүн уржигдрийн байдлаар хоногт тав бүртгэгджээ. Монголд тэр өдөр 17, түүнээс өмнөх бүтэн сарын хугацаанд өдөр бүр дунджаар 13-19 хүн нас барсан байна. Хятадад одоо ковидоор нас барж байгаа хүн алга. Өмнөд Солонгос 51.7 сая хүнтэй хэрнээ өвчлөл, үхлийн үзүүлэлт нь манайхтай бараг ижил л яваад байгаа шүү. Ийм байхад Япон, Солонгос, Хятад улсууд бидэнтэй харилцах дуртай байх уу. Одоо “Эрээнд ганц нэг хүн найтаахад Хятад хилээ хаалаа, нарийн ногоо, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн тасалдлаа” гээд бид дотооддоо янз бүрээр бичээд л байна. Угаасаа урд хөрш бидэнд муу болохоор ингэж байгаа юм гэвэл дэндүү гэнэн дүгнэлт болно. Учир мэдэх улсууд бол Хятад орон Монгол Улсад ийм байдлаар ирэх хаврыг дуустал хандана гээд байгаа.

Ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-д өвлийн олимп болох гэж байгаа. Энэ олимпыг эрсдэл багатай хийхийн тулд энэ орон ирэх хэдэн сарын турш ясандаа тултал чармайна. Ковидгүй Хятад улсад өвлийн олимп үзсэнээ дэлхий нийтээр дурсаг гэж тэр. Их гүрний амбиц тийм байдаг. Өнөө өвлийн олимпыг зохион байгуулах гол бүс нь ядаж байхад хойд нутгууд нь буюу манай урд хил дагуу байрлаж байгаа юм билээ. Хянган аймагт илүүтэй төвлөрөх бол өвлийн олимпийн гол хотхон нь Жанчхүүд гэж байгаа. Ердөө манай хилийн цаахна гэсэн үг. Олимп өнгөртөл зад барих газар нь Монгол Улс байх нь гарцаагүй.

Тэгвэл манай засаг төр ийм зэргийн аюулд ямар бэлтгэлтэй байгаа юм бол. Төрийн “томчууд”-ын хэвлэлд хийж байгаа ажил, хэвлэлд гаргаж буй мэдээг нь харахаар өнөө л газрын тосны үйлдвэр, байгалийн хийн хоолойн суваг гэсэн юм ярьж байдаг. Тэр газрын тосны үйлдвэр чинь 2024 онд ашиглалтад орох ёстой ч одоогийн байдлаар тун бүрхэг болчихсон гэдэг нь нүдэнд ил байна. Албаныхан нь УИХ-ын байнгын хорооны хуралд орж ирчихээд “За байз, яадаг бол доо. Энэтхэгүүдтэй ажиллах ч хэцүү юм аа. Ядаж манай хэдэн яам хоорондоо уялдаагүй, ажил хийж байгаа хүмүүсээ хүлээж авдаггүй” гэсэн тайлбар л тавьж байна лээ. Дээр нь ТЭЗҮ нь ч бэлэн болоогүй байгалийн хийн хоолойн асуудал бол хэдэн жилийн дараа л шаваа тавих ажил. Үүнийг одоо олон нийтийн анхаарлын төвд байлгах гээд хэрэггүй. Ажил хариуцсан, хийх ёстой хүмүүс нь бичиг цаасаа цэгцлээд чимээгүй явж байвал барав биз дээ. Монгол Улсын өнөө маргаашийн тулгамдсан асуудал өөр байгааг харахгүй байна гэж баймааргүй юм. Хэдхэн шинэ тохиолдлын төлөө улс орноороо эдийн засгаараа дэнчин тавиад байгаа Хятадаас юм сур аа.

Эдийн засгийн хувьд ийм байдаг байж. Гэтэл нөгөө талд эрүүл мэндийн асуудал бүр лөөлөө болчихсон байгаа. Зөвхөн эмч нар л тэмцдэг, өдөр хоног өнгөрүүлсэн явдал л болж байна. Бүгд өвдөхийг нь, үхэх нь үхэхийг хүлээгээд байгаа юм биш биз. Өвдөөд ирсэн хүмүүсийг эмч нар эмчлэх нь байх ёстой асуудал. Харин өвдөөд эмнэлэгтээ багтахгүй болтол дүүрчихээд, гэртээ халуурч бүлээрээд хэдэн мянгаараа хэвтэж байгааг хэн зохицуулах ёстой юм бэ. Насны найр, одонгийн угаалга, сонгууль, хурим тэр байтугай оршуулга энэ өвчнийг даамжруулсаар байгаа шүү. Улстөрчид нь “МАНАН мафи”, “Гадаадын хөл гар болсон жагсагчидтай тэмцэх” тухай л ярьж хүмүүсийн анхаарлыг төөрөгдүүлдэг болсон. УОК юу хийж байна вэ.

Цар тахлын голомт болчихоод байгаа нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж гэдэг нөхөр л гэхэд идсэн, уусан тухай баахан хэл аманд орчихсон байж байх жишээтэй. Гэтэл түүний орлогч Ж.Отгонболд “Нас баралтын тухайд, манай улсад дунджаас дээш насны иргэдийн нас баралтын хувь өндөр байгаа. Нас баралтын хувь тийм ч их нэмэгдээгүй. Гэхдээ нас баралтаас сэргийлэх гол зүйл нь тандалт, шуурхай хариу арга хэмжээний баг цаг алдалгүй өвчтөнийг эмнэлэгт хүргэх асуудал л байгаа. Нэг иргэний амь нас ч бидэнд үнэтэй. Бид цар тахалтай тэмцэхэд нэг иргэндээ Монгол Улс 111 сая төгрөг зарцуулсан байна гэсэн эдийн засгийн тооцоолол гарсан талаар өнгөрөгч байнгын хорооны хурлаар яригдсан” гээд хээвнэг мэдээлэл хийж байгаа харагдсан. 

Өдөрт 20 шахам хүн нас бараад байхад нэг их нэмэгдээгүй гэх үү. 111 сая төгрөг гэж юу донгосоод байгаа юм бэ. Хэдэн их наядаар нь зарлагадсан мөнгө хаашаа алга болсон нь эхнээсээ илрээд эхэлсэн шүү. Ковидоор нас барсан дотны хүнээ хөдөөлүүлчихээд ирж байгаа хүмүүс ийм ярианд уурлах нь аргагүй шүү дээ. Нас барсан хүмүүсээ архаг суурь өвчтэй байсан юмаа гээд зарлаад байх. Монголд архаг суурь өвчингүй хэн байгаа юм. 20 гаруйхан настай хүн нас барахад ч архаг суурь өвчтэй гээд зарлаж байна. Юундаа арьсаа хамгаалах гэж үхэлдээд байгаа хэрэг вэ. Ийм тоомжиргүй нөхцөлд миний чиний,  ээж аав өвчлөөд хорвоог орхих нөхцөл бүрэн бүрдчихсэн байна шүү дээ.

Жилийн өмнө бурхан шиг шүтэгдээд байсан Д.Нямхүү Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгээ арав гаруй жил удирдахдаа ямар болгосныг одоо л харцгааж, мөн чанарыг нь таньж байна. Дээр нь төр засгаас цар тахлын үед олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан албан тушаалтнуудаа ч толгойг нь илээд өнгөрсөөр байгаа. Сонгуулиар сонгож, итгэл өгсөн хүмүүс нь бид болохоос зарц барлаг нь биш гэдгийг мартаад байгаа бололтой. Ер нь тэгээд эцсийн дүндээ өвчинтэй тэмцэх нэрээр түр орлон гүйцэтгэгч дарга нартай, зарцуулалт нь ил тод биш их зарлагатай л үлдлээ. Үүний ард гурван сая хүнтэй орон дөрвөн сая ПСР шинжилгээ авч, 530 мянган хүн ковид туссан үр дүн гарах шив. Тийм болохоор цар тахлаар нас барсан иргэдээ Монгол Улс 1600 хүртэл нь тооллоо, цаашдаа яах вэ гэж асуугаад байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.74) 2021 оны 10 сарын 27

3dh tun geech yum garuut butsaad mash ih degdelt yysch bgag anhaar!bid buruu tiish l yavaad bn.gants mongold vacaas bolj yhej uvduj bgaa bish shyy!Vac gedeg zyild hamag yumnii Anglia bn

0  |  0
Зочин(112.72.15.78) 2021 оны 10 сарын 27

Ковидтой зэрэгцэн орших нь тодорхой болсон. Дэглэмээ чанд сахиж хүн бүр өөрийнхөө хамгаалалтыг сайн хангаж, ажиллаж амьдрах асуудал үлдсэн. Өөр цааш нь ямарч асуултг үгүй болсон

0  |  0
эмч(202.9.40.97) 2021 оны 10 сарын 28

үхэр монгол минь дэглэмээ барь маскаа зүү тэгвэл өвчлөл алга болно

1  |  0
Гана(202.126.90.108) 2021 оны 10 сарын 27

Монголдоо тариур үйлдвэрлэдэггүй юм уу эсвэл үйлдвэрлэж бна гээд урдаас зөөгөөд байсан байх нь уу

0  |  0
kkk(59.153.115.203) 2021 оны 10 сарын 27

tegej ih sanaa zovdiimuu,bi l lav medehguim bn

0  |  0
Top