Шотландын Глазго хотноо энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын дэлхийн удирдагчид оролцсон дээд хэмжээний уулзалт өндөрлөв. Хоёр хоног үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 120 улсын төр, засгийн тэргүүн нар уур амьсгалын сэдвээр байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр хэд хэдэн санаачилгыг танилцуулж, хамтарсан мэдэгдлүүд гаргав.
Тухайлбал, дэлхийн ойн сангийн 85 хувь ногддог 114 улс Ой, газар ашиглалтын тухай хамтарсан мэдэгдэл гаргав. Энэ хүрээнд 12 донор орон 2021-2025 оны хооронд нийт 12 тэрбум ам.долларыг ойн аж ахуйн санхүүжилтэд зориулж олгох үүрэг хүлэв. Энэхүү санхүүжилтийг хөгжиж буй орнуудад ойн түймэртэй тэмцэх, доройтсон газар нутгийн сэргээхэд мөн зориулах юм. Үүний сацуу, 11 улс Конго мөрний ай сав нутгийн ойг хамгаалахад зориулж 1.5 тэрбум ам.доллар гаргах үүрэг хүлээжээ. Дэлхийн 14 улс, төрийн бус байгууллагууд хамтран 2021-2025 оны хооронд нутгийн ард иргэдийн ой эзэмших эрхийг хамгаалах, тэдний ой, байгаль хамгаалагчийн үүргийг дэмжихэд зориулж дор хаяж 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Түүнчлэн, нийт 8.7 их наяд ам.долларын актив бүхий 30 гаруй санхүүгийн байгууллага ой устгахад чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаас татгалзах амлалт өглөө.
Бага хурлын үеэр метан хийн ялгарлыг бууруулахад зориулсан арга хэмжээг анх удаа зохион байгуулжээ. АНУ, Европын Холбооноос дэвшүүлсэн энэхүү санаачилгад 105 улс орон нэгдэж, 2030 он гэхэд метан хийн ялгарлыг 30 хувиар бууруулах үүрэг хүлээлээ.
Үүнээс гадна 40 гаруй улс орон дэвшилтэт ногоон технологи боловсруулах, нэвтрүүлэх тохиролцоонд хүрчээ. Энэ шийдвэрийг Их Британийн Засгийн газар Глазгогийн үсрэнгүй амжилт хэмээн тодорхойлов.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын оролцогчид ирэх өдрүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын гэрээний хэрэгжилтийн талаар тохиролцоонд хүрэх учиртай.