Ким Жөн Ун ард иргэдээ 2025 он хүртэл БҮСЭЭ ЧАНГАЛАХЫГ захижээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 07

Хойд Солонгос удаан хугацааны туршид хүнсний хомсдолд нэрвэгдээд байгаа бөгөөд энэ нь байгалийн гамшиг, олон улсын хориг арга хэмжээ, КОВИД-19 зэргээс үүдэлтэй билээ.

Нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор Хойд Солонгос хилээ нээхээс өөр аргагүйд хүрсэн тухай мэдээлэл ч байна. Өмнөд Солонгосын тагнуулын агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун ард иргэдээ ядаж 2025 он хүртэл бүсээ чангалахыг захижээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хүнд хэцүү цаг үе ирж буйг анхааруулж, намын удирдлагуудад ард түмнийхээ зовлонгоос чадахаараа хуваалцахыг уриалж байв. Тэгэхдээ айсуй хүндрэлийг 1990-ээд онд ЗХУ задарсны дараа БНАСАУ-д тусламж ирэхээ больсноос болж үүссэн их өлсгөлөнгийн үетэй зүйрлэсэн билээ. Тухайн үед чухам хэчнээн хүн Хойд Солонгост өлбөрч нас барсан тухай тодорхой тоо баримт байдаггүй ч судлаачид дунджаар гурван сая хүн үхсэн гэж тооцоолдог. Ким Жөн Ун БНАСАУ хүнд байдалд орсон тухай ам нээх нь тун ховор. Гэвч тэрбээр энэ удаад хүнсний хомсдол болсон, эцгээ залгамжилж байхдаа ард иргэдээ тавгандаа махтай, таазандаа цахилгаантай байлгаж, гэрэлт ирээдүйд хөтөлнө гэсэн эдийн засгийн амлалт, төлөвлөгөө нь талаар болсныг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Түүний хэлж байгаагаар энэ бүтэлгүйтэлд цар тахал хамгийн их буруутай гэжээ. Нөхцөл байдал маш ноцтой байгаа тул ард иргэд нь ирэх өвлийг давж чадах эсэх нь тодорхойгүй гэдгийг шинжээчид мөн онцолж байна. БНАСАУ хүнсний хомсдолоо шийдвэрлэх зорилгоор хар хун үржүүлж эхэлсэн талаар Засгийн газрын албан ёсны сонин Родонг Синмунд өнгөрсөн даваа гарагт мэдээлж байв. Тус сонинд "Хар хунгийн мах амттай бөгөөд эмийн чанартай" гэжээ. Өмнөд Хамгёнг мужийн намын нарийн бичгийн дарга Ри Жон Нам өнгөрсөн сарын 24-нд тус улсын зүүн эрэгт хар хун үржүүлэх төв нээсэн тухайгаа мөн мэдээлсэн байна.

Хун үржүүлэх төлөвлөгөөг тус улс 2019 онд санаачилж байсан тухай “NK News” сайт мэдээлжээ. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш Хойд Солонгост хүнсний хямрал улам газар авсан бөгөөд нэг килограмм гадил 45 ам.доллар хүрсэн тухай “NK News” онцолж байсан юм. Өнгөрсөн сарын эхээр НҮБ БНАСАУ-ын хүнсний асуудал аюулын түвшинд хүрсэн талаар мэдээлж байсан юм. Хар хунг дэлхий дахин төдийлөн өргөн хэрэглэдэггүй бөгөөд Францад 1300-аад онд, Их Британид Викториагийн үед, Өмнөд Америкт XVIII зууны үед хэрэглэж байв.

Ажиглагчдын мэдээлж байгаагаар Пхеньян ийнхүү хэцүү байдалд улам гүн орох тусам гадаад орнуудаас сураг тасарч, дотоодын үйл явдал нь өдөр ирэх тусам нууцлаг болсоор байгаа гэнэ. Түүнчлэн энэ маягаараа Пхеньян гадаад орнуудын санал болгосон тусламжуудад толгой сэгсэрсээр байвал гарах үр дагаврыг нь энгийн, гэмгүй иргэд амиараа төлөхөөс өөр аргагүй болно гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top