Манай монголчууд “Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг” хэмээн ярилцдаг. Энэ бол нэг удаагийн алдааг уучилж болно гэсэн ардын ухаанаас үүдэлтэй үг.
Удахгүй УИХ-ын чуулганаар орж ирэх Зөрчлийн хуулийн өөрчлөлтийн төсөлд “сануулах” гэдэг агуулга нэмэгдэж байгаа юм билээ.
Эхний удаа сануулаад өнгөрнө гэдэг санаа. Харин дараагийн удаа бол ямар ч өршөөлгүйгээр торгоно, баривчлана шүү гэсэн үг. Мэдээж, сануулж болох гэмт хэрэг бол тусдаа зүйл л дээ. Болж байна аа. Үнэхээр л бусдыг гэмтээж, бэртээгээгүй бол хэв журам зөрчсөн залууст Эрүүгийн хэрэг нээж, хорьж цагдаад яах юм.
Хэт хатуу хуулийн тогтолцоо залуусын амьдралыг эргэж буцахгүй хар нүхэнд хийчихсэн тохиолдол олон. Ямар сайндаа Зөрчлийн хуулийг бий болгож эрүүгийн шинжтэй зарим заалтыг шингээхээс өмнө Эрүүгийн хуулийг “Хар хууль” гэж ярьдаг байлаа. Эхний удаа сануулахын учир энэ.
Нөгөөтээгүүр гэмт үйлдлээ олон давтдаг, үүнийг амьдралынхаа хэмнэл, зуршил бүр цаашилбал ашиг орлого болгосон хүмүүст бол хууль хатуу байх учиртай. УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва нэгэн удаа Германы профессор найзтайгаа ярьж байгаад “Энэ авлига авсан, хүн хөнөөсөн хүмүүсийн нойр яаж хүрдэг байна даа” гэхэд өнөө профессор “Хэрэв аливаа зүйл зуршил болчихвол нойронд ямар ч асуудал байхгүй” гээд дайны үеийн цэргүүдийн тухай жишээ татсан гэдэг. Гэмт үйл зуршил болбол тухайн хүнд дарамт болдоггүй байх нь. Чухам ийм болтлоо зэрлэгшиж, бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насанд аюултай болчихсон хүнийг бол шийтгэхийн дээдээр шийтгэх учиртай.
Энэ ч учраас алдаа, зуршил хоёр алд дэлэм зөрүүтэй шүү хэмээн сануулж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )