Дуслын шингэн, тарианы нөөц тасалдах эрсдэл ариллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 06

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан  ЭМЯ-ны төлөөлөл,  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагуудын хамтаар “Айвико” тарилгын эмийн үйлдвэрт ажиллаж, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо. 

Цар тахлын нөхцөл байлдалтай холбоотойгоор урд хөрш БНХАУ-д ковидын халдвар гарч улмаар Эрээн хотын хилийн боомтоор нэвтрэн ачаа бараа тээвэрлэх автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байгаа. Үүний улмаас зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм тарилга үйлдвэрлэлийн түүхий эд материал бүтээгдэхүүнийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүсээд байсан. 

Монгол Улсын  Засгийн газар, Улсын онцгой комиссоос дээрх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн түүхий эд материалыг  тасалдуулалгүйгээр татан авах ажлыг үе шат дараатайгаар зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 29 тоннын 1.2 сая уут, сав баглааг БНХАУ-аас өчигдөр тусгай үүргийн онгоцоор татан авлаа. 

Шадар сайд  С.Амарсайхан “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ  “Цар тахлын халдвар тархсан хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд нэн шаардлагатай эм, тарилгын шингэнийг тасалдуулалгүй үйлдвэрлэж байгаад талархал илэрхийлээд  энэ удаад төрөөс дэмжлэг үзүүлэн тусгай үүргийн онгоц гаргаж, тус үйлдвэрт нэн шаардлагатай тарилгын шингэнийг савлах 1.2 сая уут, таглаа зэрэг зүйлсийг татан авч 1.5 сарын нөөцийг бүрдүүллээ. Тиймээс та бүхэн эм тарилгынхаа үнийг нэмэхгүй байх, цаашид галт тэргээр болон Замын-Үүдээс бусад хилийн боомтоор бүтээгдэхүүнээ татан авах төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, нөөцөө тасалдуулалгүй бүрдүүлэх, ЭМЯ, Эмийн агентлагт хүсэлтээ уламжилж тулгамдсан асуудлаа шийдвэрлээд ажиллах хэрэгтэй гэдгийг санууллаа. 

Дашрамд танилцуулахад “Айвико” тарилгын эмийн үйлдвэр нь 2004 онд байгуулагдсан. Үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж үйлдвэрийн хос шугам бүхий, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 50, нийт 64 нэрийн тарилгын эмийг үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхтэй, чанар аюулгүй байдлыг хангах үүднээс Европын фармакопейн шаардлага хангасан эмийн түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа манай улсын энэ чиглэлийн шилдэг үйлдвэрүүдийн нэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top