КОВИД-19 халдвар бодитой буурч байгаа эсэх талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.
-Өдөрт бүртгэгдэх Ковид-19 халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байна. Өчигдөр гэхэд 450 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Энэ тоо огцом буурсан нь шинжилгээний тоо буурав уу гэсэн эргэлзээг иргэдийн дунд төрүүлж байна?
-Амралтын өдрөөр шинжилгээ авах нь цөөрдөг. Иргэд ч шинжилгээ өгөх нь багасдаг. Үүнтэй холбоотой амралтын өдөр илэрсэн тохиолдол бусад хоногуудтай харьцуулахад бага байдаг. Энэ удаад ч гэсэн тохиолдлын тоо буурсан байна.
Сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн тохиолдлыг харахад буурах хандлагатай байгаа. Манай эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа Ор зохицуулах баг улаан ангилалд багтсан хүнд өвчтэй 500-600 хүнийг эмнэлэгт хэвтүүлдэг байсан. Одоо бол хүнд хүмүүсийн тоо 200-250 болж буурсаг. Энэ нь хүнд ангилалд байгаа, эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн тоо гурав дахин буурсан үзүүлэлт. Мөн нас баралт буурч байгаа. Энэ бүхнээс харахад, цар тахлын давлагаа хумигдах хандлагатай байна. Үүнд гол нөлөөлж байгаа зүйл нь вакцины нэмэлт тун юм. Гуравдугаарт, тунд хамрагдсан иргэдийн тоо 15 хувь болж нэмэгдэж байна. Үүний үр дүнд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, хүндрэл болон нас баралт ч буурч байна.
-Хугацаа нь дууссан вакцин хийж байна гэх яриа иргэдийн дунд байна. Үүнд та тайлбар өгнө үү?
-Файзер вакцины хувьд -60-90 хэмийн хүйтэнд зургаан сарын турш хадгалах хугацаатайгаар үйлдвэрлэгдэж байгаа. Вакцин үйлдвэрлэгдээд нэг жилийн хугацаа ч хүрээгүй байна. ДЭМБ-аар дамжуулан "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд улс орнуудад тараах үеэр үйлдвэрлэгчдийн зүгээс -60-90 хэмд буюу гүн хөлдөөгчид байгаа вакцины хугацааг гурван сараар нэмж сунгах боломжтой хэмээн мэдэгдсэн. Энэ хугацаанд бүтээгдэхүүний чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна гэсэн.
-Гуравдугаар тун хийлгэсэн хүн халдвараас хамгаалагдах хувь хэр өндөр байгаа вэ?
-Ковидын эсрэг вакцины гуравдугаар тун хийлгэсэн хүний тоо 450 мянга гаруй боллоо. Үүнээс вакцины нэмэлт тун хийлгээд 14 хоносон 400 мянга гаруй иргэн байна. ХӨСҮТ-д ковидтой холбоотой судалгаа тогтмол хийж байгаа.
Энэ судалгаанаас харахад, нэмэлт тун хийлгэсэн хүмүүсийн 0,5-1 хувь нь халдвар авсан байна. Халдвар авсан ч хөнгөн өвдөж байгаа. Гуравдугаар тунг халдвараас 99 хувь хамгаалж чадаж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Дэлхийн зарим улс оронд 5-11 настай хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Монгол Улс үүнд ямар бодлого баримтлах вэ?
-Бид 12-17 насны хүүхдүүдийн вакциныг эхэнд хийсэн улс орнуудын тоонд орж байгаа. Энэ утгаараа вакцинд хамрагдсан хүүхдийн өвчлөл бага байна. Харин дельта хувилбарын хувьд улс орнууд 0-12 насанд хүндрэл, нас баралт нэмэгдсэн учраас арга хэмжээ авч эхэлсэн. Үүний нэг нь АНУ юм. АНУ-д том хүний тунгийн 3/1 хэмжээгээр хийж байна.
-Дэлхийн зарим улс орнууд 5-11 настай хүүхдэд вакцин хийж эхэллээ. Монгол Улс энэ насны хүүхдүүдэд вакцин хийх үү?
-0-5 насны хүүхдэд вакцин хийх талаар АНУ маш олон судалгаа хийсний үндсэн дээр хийхээр болсон. Манай улс ч энэ талаар судалгаа хийж байгаа.
Халдвар авсан нийт иргэдийн 9,3 хувь нь энэ насны бүлгийн хүүхдүүд байна. Тэгэхээр бид үүнтэй холбоотойгоор зайлшгүй арга хэмжээ авах ёстой.
-Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүс шинэ жил тэмдэглэж болох уу. Зарим аж ахуйн нэгж шинэ жилээ тэмдэглээд эхэлчихсэн бололтой?
-Вакцины гуравдугаар тун КОВИД-19 халдвартай тэмцэх ажилд томоохон дэвшил гаргаж байгаа. Дельта давалгааны хүндрэл, нас баралт буурах магадлал байна. Үүний үр дүнд монголчууд хэвийн амьдралдаа шилжих боломж байна. Одоогоор хүн амын 14 хувь нь хамрагдсан байхад эхний үр дүн харагдаж байна. Иймд хүн амын 30 хувийг хамруулсан тохиолдолд илүү үр дүн харагдах байх гэж харж байна.
-Дөрөвдүгээр давалгаа, олон хүнийг хамарсан халдвар ирээдүйд тохиолдох уу. Та бүхэн ямар прогноз хийж байна вэ?
-Дельтагийн дараагийн хувилбар гарч ирэх эсэхийг маш олон эрдэмтэн ажиглаж байна. Сайн мэдээ нь гэвэл одоогоор дельта хувилбараас илүү халдварлах чадвартай хувилбар бүртгэгдээгүй байна. Цаашид ч халдварлах чадвартай хувилбар бүртгэгдэх магадлал бага гэдгийг олон улсын томоохон эрдэмтэд мэдэгдэж байгаа. Бид тодорхой хугацааны дараа томуу болж нутагших, хүндрэл нас баралтын хувьд одоогийн нөхцөл байдлаас өөрчлөгдөх болов уу гэж найдаж байгаа.
-Дөөвдүгээр тун хийлгэх шаардлага гарах уу. Одоо энэ асуултад хариулт өгөх боломж байна уу?
-Үүнд хариулт өгөхөд эрт байна. Зарим улсын эрдэмтэд дархлаа сэргээх тунг цаашид хийгээд явах юм байна гэж үзэж байгаа. Энэ асуудалд маш олон талын байр суурь байгаа. Дараагийн шийдвэрийг маш олон төрлийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн гаргах байх.
Сэтгэгдэл ( 4 )
Hyyhded hiih shaardlaggyee.
Uls ornuudiin,covidoos bolj endsen hyyhdiin statistik haryaa.herev urd jilyydiin ,haniad tomuunaas bolj enddeg toond hyrehgyi bol vac hyyhded hiih shaardlaggyi .tomchuudiig hamgaalahiin tuld hyyhdeer tahil urguh hereggyi shy!
Ard tymen gesen ene door bga ergyyd helehed,hyyhed deeree yu ch ban turshaad yzehees aihgyi bnu
5-11 насны хүүхдүүдээ тэгээд вакцинжуулаач дээ юунд нь тэгээд аажуураад суугаад бган