КОВИД-19 болон томуугийн “Твиндемик" аюул нүүрлэж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний ачаар өнгөрсөн жилийн өвөл томуугийн халдвар харьцангуй бага байсан. Харин энэ өвөл коронавирус болон томуугийн халдварын "твиндемик" аюул нүүрлэж магадгүй тухай  эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Томуу нь хамар, хоолой, тэр ч байтугай уушгинд халдварладаг вирусний гаралтай амьсгалын замын халдварт өвчин юм. КОВИД-19 болон томуугийн аль алинд нь өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг.

Томуугийн улирал ихэвчлэн арваннэгдүгээр сарын сүүлээр эхэлж, арванхоёрдугаар сард оргилдоо хүрч, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Харин өнгөрсөн жил томуугийн халдвар бага байсан нь  КОВИД-19-өөс үүдэлтэйгээр амны хаалт зүүж, хөл хорио тогтоосонтой холбоотой юм.

БНСУ-ын Эвха эмэгтэйчүүдийн их сургуулийн амьсгалын замын өвчний мэргэжилтэн Чон Юн-ми “Өвлийн хүйтэнд амьсгалын замын өвчлөл амархан тархдаг. Өнгөрсөн жил амны хаалт хэрэглэж, олон нийтийн арга хэмжээг хориглосон нь томуугийн халдвар буурахад нөлөөлсөн. Харин одоо “КОВИД-19-тэй хамт амьдрах" хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн үйл ажиллагаанууд сэргэж, олон хүн нэг дор цугларч, аялал, жуулчлал сэргэж эхэлснээр томуугийн халдвар дахин нэмэгдэхээр байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст томуугийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөжээ. Халлим их сургуулийн Анагаах ухааны төвийн халдварт өвчний профессор Жейкоб Ли "Эмнэлгийн систем нь зөвхөн тахал өвчнөөр өвчилсөн хүмүүсийг төдийгүй амьсгалын замын бусад өвчнөөр шаналж буй хүмүүсийг эмчлэхэд бэлэн байх ёстой. Хүмүүс ч хариуцлагатай байх ёстой" гэсэн байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад дэлхий даяар ханиад томуугийн халдвар өндөр байгаа нь судалгаанаас харагдаж байна. Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас (KDCA)  гаргасан долоо хоног тутмын мэдээллээр, аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт эмнэлэгт хандсан 1000 хүн тутмын 20-29 нь томуу төст шинж тэмдэгтэй байсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

БНСУ-ын Засгийн газраас  жил бүр томуугийн эсрэг вакцинжуулалтын аян өрнүүлдэг ч олон хүн хамрагддаггүй байна. Тус улс томуугийн эсрэг вакциныг жил бүр 13-аас доош насны хүүхэд, 65-аас дээш насны өндөр настан, жирэмсэн эхчүүдэд үнэ төлбөргүй хийдэг аж. Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус улсын 13 хүртэлх насны хүүхдийн 46 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдсан бол 65-аас дээш насныхны 65 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ.

Энэ тоо өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдрийнхтэй харьцуулахад 27 хувиар бага байгаа аж.  Түүнчлэн АНУ-ын  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр ирэх жилүүдэд томуу өвчний дэгдэлт хамгийн өндөр байх төлөвтэй байгаа  бөгөөд зөвхөн АНУ -д л гэхэд 140 мянган хүн томуу өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ба томуугийн вирусний хувьсах шинж чанараас шалтгаалан уг тоо өсөх магадлалтай гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top