Монгол Улс 5-11 насны хүүхдийг вакцинжуулах талаар зөвлөмж хүсжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг  өнөөдөр /2021.11.15/  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ерөнхий сайд АНУ-ын Засгийн газар КОВАКС-ын шугамаар манай улсад Пфайзер вакцины 1.088.100 тун хандивласанд талархал илэрхийллээ. АНУ-д 5-11 насны хүүхдийг ковидын эсрэг вакцинд хамруулах талаар АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв зөвшөөрөл өгсөн. Манай улс хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар зөвлөмж хүссэн захидлыг БиоНТек/Пфайзер компани руу хүргүүлсэн гэж Ерөнхий сайд хэллээ. Элчин сайд Майкл Клечески хүүхдийн вакцинжуулалтын асуудлаар судалж, Ерөнхий сайдад мэдээлэл өгөхөө илэрхийллээ.

Засгийн газар цахим засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Ерөнхий сайд Авлигын эсрэг үндэсний хороог ахалж ажиллаж, үр дүнд хүрэхийг зорьж байна. Авилгатай тэмцэх Ажлын хэсэг байгуулсан авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд энэ хүрээнд АНУ-тай ардчиллыг бэхжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мөн ярилцлаа. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, тээвэр логистик, эрчим хүч, бүтээмж, санхүүжилтийн эх үүсвэр зэрэг хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг Засгийн газар  анхаарч байгааг онцлоод Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилтуудын хүрээнд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top