Хүнийг шууд буруутгах биш түүний оронд өөрийгөө тавьж үзэх, асуудалд авах гээхийн ухаанаар хандах зэрэг төгс гэж болох дадал тийм ч түгээмэл тааралддаггүй нь харамсалтай. Магадгүй бидний олонход, адаглаад 40 хувийнх нь ухамсарт тийм дадал суусан бол өнөөдөр цөөнх хамгийн хүчтэй байж мэднэ.
Яагаад гэвэл, үргэлж олонхын зөв байдаггүй гэдгийг амьдрал хэдийн баталчихсан
Үүний адил бидний үнэн зөв гэж итгэсэн болгон төгс үр дүн авчирдаггүй. Учир нь бидний нийтлэг хандлага бусдыг өөрсөдтэйгөө ижил байхыг шаарддаг, хүссэндээ тааруулахыг далд ухамсраараа тулгадаг. Хэрэв хүссэнээр нь болохгүй бол шууд буруутгаж, өөртөө сөрөг дүр бүтээдэг. Жишээ нь, Монголын хаана ч очоод, нэг жижигхэн байгууллагын үүдээр шагайхад дарга, цэргийн харьцаанаас яг энэ зүйл харагддаг.
Ажилчдын олонх нь даргын сөрөг дүр болохыг хүсдэггүй учраас удирдлагадаа таалагдах үйл хөдлөл хийж, өөрөө ч хүсээгүй үгсээ урсгаж суудаг. Харин бусдаасаа арай өөрөөр сэтгэж, асуудлыг эрүүлээр харсан хэсэг нь олонход нүд үзүүрлэгдэх хандлага түгээмэл. Тэр нэг хэсэг нөхөд бусдаас өөр байсныхаа төлөөсөнд хавчигдаж, гадуурхагдах бол энгийн үзэгдэл. Эцэст нь тэр байгууллагад эрүүл хэлэлцүүлэг устаж, удирдлагын түвшинд аливаа асуудалд зөвхөн нэг талаас хандаж эхэлдэг. Хуучнаа магтан, магтсаар хөгжих бус хойшоо алхаж буйгаа өөрсдөө ч анзаардаггүй. Олонх буюу өөрсдийгөө туйлын үнэн зөв гэж итгэсэн нөхөд өөрийнхөө ч, өрөөлийн ч хөгжлийг ингэж хойш нь татдаг юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )