Шүүхээс Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр ТОРГОЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2021.12.02/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”,

-Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”,
-Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”,
-Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон...” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцлээ.
 
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд нэр бүхий яллагдагч нараас холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хяналтын прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг,
3. Шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялын саналыг,
4. Шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус санал болгосныг нэр бүхий шүүгдэгч нарт хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулж болно...” гэж заасан.
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг хянана...” гэж,
4.1-т Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх,
4.2-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.3-т Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх,
4.6-т Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянана гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан.
Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ зөвхөн прокурорын саналын хүрээнд прокурорын санал болгосон ял, албадлагын арга хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч Д.Хаянхярваад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна...” гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хүнийг дээд тал нь 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлт зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хаянхярваа нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж,
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 сая төгрөгийн торгуулийн ял...”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...Нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, Зорчих эрх хязгаарлах ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 30 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
3. Шүүгдэгч Ш.Доржрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
4. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.
Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг,
Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Мөн Иргэний хариуцагч Б.С-с 92.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч “Эрдэнэс Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Хэргийг сануулбал, АТГ-ынхан өнгөрсөн сарын 18-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд "Эрдэнэс монгол" компанийн захирал Д.Хаянхярваагийн  албан өрөөнд нь нэгжлэг хийж, 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан билээ. УИХ-ын гишүүн асан, дээрх компанийн гүйцэтгэх захирал болсон Д.Хаянхярваа бусдыг шантаажилж, их хэмжээний хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өчигдөр хавтаст хэргийг нь НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн байдаг. Улмаар хэргийн шалгалтын явцад Д.Хаянхярваа нар нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн юм.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.88.178) 2021 оны 12 сарын 03

Үхэр монголчуудыг доромжлож байвал таарна. Арчаагүй ард түмэн өлсөөд ядуу амьдарж байхдаа таарсан заяагүй гуйлгачингууд.

0  |  0
Зочин(203.91.115.40) 2021 оны 12 сарын 03

УИХ ын гишүүд хууль гаргахдаа тухайн хуулиудад өөрсдийнхөө эрсдлийг тооцож гаргаж байсан хуулиуд нь хэрэг болоол бх шивдээ. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол монгол улс үнэхээр сүйрэх нь дээ. Торгуулийн шийтгэлийг тухайнүеийн Мөнгөний ханштай холбогдуулж ял оноодог бх хэрэгтэй юм. Тухайлбал тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэх мэт, тэгэхгүй бол мөнгө чанга байхын хэмжээг мөнгөний ханш унасан үеийн торгууль бол зүгээр гарсантай адил юм. Тэр бүү хэл өөрсдөө ийм хэрэг хийхээ мэдээд хялбаршуулсан ял гэдгийг хүртэл баталсан бх юмаа.

0  |  0
Салаавч(202.9.46.11) 2021 оны 12 сарын 03

Энэ улс ийм болохоор л хог шороо ялзрал улам нэмэгдээд ядуураад байгаам даа гай шүү нэрээ Хятад бүх ах дүүгийн хөрөнгө хураагаад эхнэртэй буудчихсан байгаа

1  |  1
Иргэг(103.10.23.122) 2021 оны 12 сарын 02

Өмхий МАН! Монголд шударга ёс булшлагдсаны жишээ

0  |  0
ир(66.181.184.230) 2021 оны 12 сарын 02

монгол улс сөнөж устах дөрөж бна үр хүүхдээ шударга нийгэм гадагш нь амьдруулцгаая монголчуудаа

0  |  0
ир(66.181.184.230) 2021 оны 12 сарын 03

маш ашигтай хууль бна авилгал тэрбумаар аваад 40 сөяаар торгуулна муу шүүгчид өөрсдөө авилгалчид

0  |  1
Зочин(66.181.186.63) 2021 оны 12 сарын 02

Авилгачид ялгүй өдрийн хоолныхоо мөнгөөр торнуулсон болоод мултарч бна да

0  |  0
Уншигч(192.82.78.177) 2021 оны 12 сарын 02

Хулгай луйвар хийгээд байж дээ монголчууд минь.энэ хаана ч байхгүй сайхан хууль байна.бүгдээрээ тэрбум,тэрбумаар нь хулгайлая.хуулийн дагуу үнэн хулгай хийсээн гээд торгуулаад болчихно.сайхан сайхан хулгай,авилга хийгээд байцгаая.

1  |  0
Иргэн(192.82.74.10) 2021 оны 12 сарын 05

Энэ чинь харин ашигтай бизнес юм биш үү.\nСая долларын хахууль аваад л дөчин сая төгрөгийн торгууль.

0  |  1
АРД(103.229.122.155) 2021 оны 12 сарын 02

У.Хүрэлсүх, Оюунэрдэнэ 2 оос хөнгөлөлттөй шийтгэж өгөхийг хүссэний дагуу 40 саяар торгуулаад өнгөрч байгаа юм байна ийм жишиг гарчээ удахгүй дараагийн амь гуйг ч нь мэдээж 12 кг алттай сумын дарга хөнгөлөлттөй шийтгэлээ гуйх байлгүй... к к к

0  |  0
Шударга хүн(202.126.88.156) 2021 оны 12 сарын 02

1 сая $ авдаг 40 саяаар торгуулдаг шударга ёс мөн үү

0  |  0
Irgen(150.129.143.141) 2021 оны 12 сарын 02

Muu dun ablaa.

0  |  0
Irgen(202.126.90.159) 2021 оны 12 сарын 02

Tur zasag iim sul doroi baih gej dee...

0  |  0
Zochin(88.123.12.143) 2021 оны 12 сарын 02

Uher uud suurchee

0  |  0
Н(66.181.161.78) 2021 оны 12 сарын 02

энэ улс бүрэн дампуурчээ

0  |  0
Top