Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул яруу найрагч Б.Баасансүрэн хэмээх эрхэм аглаг буйдхан нутагтаа анир чимээгүй аж төрж байна. Гэхдээ тэр шүлэг бүтээлээрээ чимээтэй яваа билээ. Тэрбээр 2000-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж 2013 онд "Хөх бясалгал", 2019 онд "Халиун морьтын гэгээ" шүлгийн түүврээ тус тус хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Б.Баасансүрэн хот хүрээгээр хаа нэг галигуулдаг боловч идээшихгүй нутгаадаа яаран жолоо сунгадаг нэгэн.
"Эхний цаснаас
Зэлний гадас л цухуйна.
Ээ намаржааны хөг алдарчээ" хэмээн дуу алдах түүний шүлгүүд өөрийн гэсэн хөгтэй. Монгол ахуйн эгэл атлаа эгэлгүй өнгө төрхийг шүлэгтээ буулгаж түүний цаадахь гүн ухааныг ийнхүү шагладаг билээ.
Арын сайхан хангай нутгийн Эрдэнэмандал сумандаа мал ахуйгаа адгуулан амьдарч байхдаа л тэр аз жаргал, амар амгаланг мэдэрдэг билээ. Тэрбээр морь уяж олон түрүү, айргийн эзэн хээр азарга нь түүнийг Сумын алдарт уяач цолыг өргүүлжээ. Өдгөө зээрд мориныхоо шандсыг сорин наадам хүлээн гэгэлздэг болжээ. Түүний шүлгүүд дотогшоо анирдсан өөрийн гэсэн ертөнцтэй. Эр хүний сэтгэлээс ямархан гуниглан халгин үерлэдэг бол...
"Гэргий бид хоёр
Гэр зэлнийхээ хооронд алхсаар
Намрын өдрүүдийг эвхнэм" Хүрэл нүүдэлчдийн хөх шүлэгчийн цаг хугацааны хэмжээс адуу, зэл, намрын гуниг агаад аав, хөдөө, өвлийн зүүд ажгуу. Тэрбээр Эрдэнэмандалынхаа уулс дунд ид шидтэй шүлгүүддээ ийнхүү халамцан сууж, шинэхэн номоо зэхэн буй.
***
ХАДЛАНГИЙН ӨДРҮҮД
Хадуурын ширвэлтэнд
Ханаран унах өдрүүд...
Цэцэг ногоо болж ургасан
Цэх шулуун өдрүүд налан унана.
Хаврын ногоотой золгуулах
Халуун хошуутай малын амь болно
Аяа хадлангийн өдрүүд
Аглаг шилийн даяин өдрүүд
Аяа хөөрхий чанигш өдрүүд
Аялгуу унасан гэгээн өдрүүд
Ай бас бүсгүй хүн шиг өдрүүд
Аньсагаа нээмгүй гүн өдрүүд
Хонхон цэцэгс ээмгээ жингэнүүлэн
Холын одод луу дэгдэн гүйлдэнэ.
Жиндүү зүүд, чивчирсэн уяатай
Жир бус шөнүүд хангирсхийн одно.
Бугын дуу хөвч нэвт уянгалан
Будан мананд, дуугаа унаган шувууд одно.
Ээ зэнгийн хоосон шөнүүд
Элдэв дүрт, иш үзүүргүй шөнүүд
Гэргийнхээ өврийг үгүйлэх шөнүүд
Гэнэнхэн үрээ тэврэх, бүлээн шөнүүд
Өө бас бороотой, хяруутай шөнүүд
Өвлийн чимээ үүрээр хайрах, шөнүүд
Жирийтэл овоолсон хөх бухлууд
Жилийн хатууг давах, итгэл найдвар
Өвс тоосоо базаах, шаргуу хадланчид
Өдрөөс өдөрт хөнгөрөн, эвээ олж
Зангирсан булчин, залбирсан сэтгэлтэйгээ
Зам татуулан бууж, их ажлын ард гарна.
Цагаан өвс, хөх тогоруудын гунганаа
Цайдам бэлээр шарман салхи хэсүүчилнэ.
Ижийнхээ алхааг сая л анзаарахуй
Ихээ ойрын гуниг, хайраар буйлна.
Буйлан, буйлах сэтгэлээс буйд анир
Бургилж ихээр урсах ай хөөрхий хүн гэдэг амьтан...
Аяа хадлангийн өдрүүд
Аглаг шилийн даяан өдрүүд
Ээ зэнгийн хоосон шөнүүд
Элдэв дүрт, иш үзүүргүй шөнүүд
Ай бас алдуул морь шиг өдрүүд
Амь тавьж буй эмзэг өдрүүд...
Анисан нүдээ нээмгүй гүн өдрүүд
Аавыгаа санах, тэнгэрийн босго өдрүүд ээ...
***
Нэг тэмүүлэл унтарч
Нэгэн хэсэгтээ л тайтгарал бэдрэв.
Нэг од харвахад, нэг од тодордог шиг
Нэлээд хугацааны дараа, дахиад л тэмүүлнэ.
Унтравч асах, улаан гал минь
Гомдовч уучлах, голт зүрх минь
Шөнийн хөндийг ширтэн зогсход
Гэрийн үүдээр аргалын утаа явгална.
Сартай шөнө унь ширтэх шиг
Нартай өдөр нүдээ аних шиг
Санаа алдуулах, гүн дотогшоо ертөнцөд
Эрчилсэн хуйгаар тоглон, эрээн луу унаж ниснэм.
***
ХҮЛЭЭХҮЙ
Нарс мододын
Нар сүлжсэн сүүдэрт
Цус сорогчдтой алалдан алдаж
Цугаараа наадам хүлээж сууна.
Морьдын нүд цээжээр
Модлог ургамалд орогногч
Сүрэг шумуул мэс засал хийх шиг
Шавалдан улаан ая урсгана.
Орчин цагийн нүргээн
Орон хотын хувиралд
Хэмжээ алдсан дуучин шиг
Муухан инээмсэглэх аядан сууна.
Цугаараа наадам хүлээхүй
Цуурай улам ойртсоор
Сонсохыг хүссэн үгс бус
Сондгой санаа, солгой яриа сонсогдоно.
Майхан сахин ганцаар үлдэж
Дээр үеийн дэлгэр наадмаа
Маргааш мэт мэтгэн санахуй яа
Дэндүү сайхан нь гээгдэж хоцорчээ.
Дэмий дуран барьж
Тавилан өөд хараа сунгав.
Утаа манан дунд
Уралдах морьдын төвөргөөн
Гүүглэн одох хүүхдийн дуу
Гүрэн улсаас минь хулжиж байна.
***
Бүрхэг өдрийн
Анхилган салхинд
Модод шуугисаар
Уртын дууг
Найрал дуучид шиг
Хоолой салган түрнэ.
Том хөх уулын
Өндөр моднуудад
Тэмдэгт аялгуугаа
Өртөөлөн илгээнэ.
Шар ширэнгэний
Шалчигар модод
Шалзад баахан шаргаас
өөр дуу мэддэггүй байх гэж
Тэр хөх уулын модод
Тэмээн жингийн цуваа шиг
Цуврал үүлэнд зулайгаа норгон
Тээршаан байж өгүүлэв.
Харин энэ үгсийг нь
Хавын модод эгдүүцэн нулимж
Бүгд л адилхан мөчиртэй,
бөгстэй, мөөмтэй болохоор
Онцгойрох хүслүүд л
Оройгоос нь хатааж эхэлдэг гэнэм.
***
БИ
Би-гээсээ зайлсхийх гэж
Оролдох бүрт тодрох
Аминчхан хүслүүд
Өөрийгээ өргөсөн нислэгүүд
Бусдыг эс хүндэлсэн харц
Тусыг мартсан сэтгэл минь үнэртэнэ.
"би" би бишээ мэдрэх гэж
Бишгүй л сэтгэлээ цагдав.
Бусадтай зэрэг бодогдох
Ижил хүрэлцэхүй хийгээд
Өөр өөр хүртэхүйг
Нэгэн нүдэнд багтаасан
Харцны урсгалуудад
Цаг хугацаа үрэгдэнэ.
Би тэгэхээр
"би" биш юм бол
Хэн байж таарах юм бэ?
Асуулт асуугчаасаа
Ангид оршдоггүй гэж үү...
Харанхуй тэнгэрийн хөшгийг
Хага ярах хас сарны туяа шиг
Сэтгэл гийх сэрэхүйн хязгаарт
Өвдөлтөө туучин орчихыг минь
Өөр нэгэн инээвхийлэн ширтсэнийг
Ширхэг өдөө гээсэн шувуу аятай
Огт гуниггүй аялгуу гэж яаж мэдэрхэв.
Уулсын цомнолыг салхины бүжгээр дэглэж
Улаан дэрсний толгойд цасны аньсгаар нэвтрэн
Утга балархай жимээр тэнгэрийн зүг чимээлэвч
Уй баярт гансрах зүрхний хугацал нимгэрнэ.
Ирж, одох алсын харгуйд санааширан
Ижилхэн араншиндаа уйдамхай зангаа нуух
Бидний бүтээсэн энэ орчлон ёс юм шиг
Битүү, хатуу цалгиа гарамтай шүү дээ.
"амьдрал" тойргийг сэт татах
Агуу хүчийг олохгүйгээс хойш
Нинж энэ ахуйг нүд ирмэх төдийд
Нясалж орхимоор ч юу ч өөрчлөгдөхгүй.
Эвдрэл сүйрэл, энэрэл хайр цөм оршсон
Энэ биеэр эргэлдэн урсах шуналт халуун цус
Эцсийн амьсгал, эхний дэвэлт итгэмээргүй хөнгөн орчихуй
Эмтэрч мэдрэх, эрслэн босох бүгд минийх
Би тэгэхээр
Тоолшгүй цагийн хүрднээс дахин өөрийгээ олохоор
Тоймгүй олон удаа үйлээ эдэлсэн зовлонт юм уу
Огторгуй, сансар, нар, сарнаас сарниж нийлсэн
Ой дуртгалаа толь шиг арчих гэрлийн хуйлрал ч юм уу
Одоо яг таны өмнө хэн байсан ч, он жилүүд улирч баларлаа ч
Уйланхай, инээмтгий, урагдаж дуусахгүй би л үлддэг шүү дээ.
***
Жихүүн намрын сүүлч өдрүүд
Чихэлдсэн зайр шиг ар араасаа түгжрэн
Өвөлтэй уралдсан хийдэл, зүйдэл
Өлмий дор гишгэгдэн салхинд хийснэ.
Барьцалдаж хөлдсөн нимгэн мөс
Баруун солгойгүй туучиж асан дурсамж
Хөл тавихын төдийд цөмрөх нь илт...
Голын цаана үзэгдэх хүршгүй бүхэнтэй
эвлэрч ядхад тулсан үнэн инээмсэглэнэ.
Хазаар өвс хатиралдан ирээд
Эрэг нөмөрлөн элдвийг хөөрөлдөнө.
Энэ голын цаана авч одох салхин
Хойд зүгээс уулгалан, хэцийн татлага
Хийлийн утсыг зөнгөөр нь доргионо.
Тун удалгүй анир гүм хөглөрөвч
Туувар үүлсийн, туурайн чимээтэй
Туж будрах шинэ цасны тэгш хэмнэл
Зөн билгийн хөх харгуйг дуулан, дуулан тэмүүлхэд
Зүрх минь өдөлсөн жигүүрээ санагалзан, санагалзан чагнадаг аа.
Цан цохисон хялгасан бигнүүрт
Цасан ширхэгүүд энэрхүйгээ шингээж
Цавчим байцад улих ганц хөгшин чоно
Цатгалан цавиндаа хоншоороо шургуулж
Цавидар будан татуулан сүрэглэн давхилдсаар...
2
Урин хаврын түрүүч өдрүүд
Уйлагнасан хүүхэд шиг нойр сэрвэлзүүлнэ.
Туниа муутай төлийн үхэх амьдрах эгзэгийг
Тунгийн халбаганд багтах хэдхэн дусал сүү шийднэ.
Цасны манан шимэх цэгээн зэрэглээ
Төлжиж буй булчинлаг уулсыг өндөлзүүлнэ.
Нохойны хэл шиг урт улаан салхи
Нойрмог мододын хуурай хэвлийг долоосоор
Үүр цүүрээр гөлөглөн сар шиг дуу алдхад
Үнэгний зүүдэнд анч тайга дүүлэн орно.
Яргуй эргүүлдэх согтуу ямаад
Яг одоо ишигээ мартан, шүдээ хавирна.
Нүцгэн ягаан өдрүүдийг хувцсалхаар
Нүдэнд тэмтрэгдэх төдий ногоон туяа татна.
Аяншиж ядарсан хүрэл нүүдэлчдийн
Арьс, яс болсон морьд нуруугаа амрааж
Арын ууланд цайрах борооны уруул
Амрагийнхаа биен дээгүүр сэрэл, мэдрэмж асгана.
***
Эмгэнтийн ам руу
Алтан бөмбөг далдирч
Сахлаг шар өвсөнд
Сар хоногложээ.
Сартхаава ёсыг бодож
Хонхоо дуугаргав.
Түгэх дуу нь чанидад хүрээд
Түүн лугаа үүр гэгээрчээ.
Харанхуйн хөшиг аяар ярагдаж
Хамаг юмс тодрон гийхүй еэ
Ногоон хагтай саарал чулууд
Номын дуу сонсон бодолд автжээ.
Гүн шөнийн яралзуур одод
Гүвээ даван анир алдрав.
Хонгор салхинд орхимжны үзүүр
Холд одхоор намилзиж байна.
Идэрхэн эр жодгороо эвхэж
Илдний ир мэт сэтгэлдээ
Шинэхэн нарны туяаг ойлолгон
Шилийн цаагуур гялсхийн одмуй.
Бууринаас нь өндийж буй өвс
Бусад руугаа нэгийг шивнэх авч
Ангалзсан амнаас нь алтан бөмбөлөг хөөрч
Агаар тэнгэрт сая, сая зул асмуй.
***
Цас ямар чимээгүй
Хавар яасан эзлэгдшгүй
Толгой өндийлгэн чагнав.
Хачин аа чив чимээгүй
Шар шуурганы дараах
Улаан зулга уулс
Шав шув хөхөх
Үндэс юугаа сонсов уу
Дахин сонорловч
Тэр гэхийн тэмдэг алга
Хэт аниргүйд үржих мэт
Хэн нэгэнтэй зөрөлдөнө.
Зэрвэсхэн үзэгдэх түүнээс
Зам асуухаар эргэтэл
Харанхуй баргаан дунд
Хаа нэгтээх санаа алдалт
Хавирган цаанаас
Лүг лүг, чаг чаг
Хачин аа цаг хугацааг нэвтлэн
Хаврын ногоотой би хөтөлцөж гүйнэ
Сэтгэгдэл ( 4 )
Гоё шүлгүүд байнаа, илүү их амжилт хүсье
Гоё шүлгүүд байнаа, илүү их амжилт хүсье
Монголчууд бид чинь угаас, уг нь нүүдэлчид шүү дээ. Урмаар тэтгэсэн Сүглэгмаадаа баярлалаа.
Дүүдээ ажил хөдөлмөр, уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе өө