АНУ-д хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

2021 оны 12 сарын 13

Баасан гарагийн шөнө дэгдэж, бямба гарагийн өглөө хүртэл үргэлжилсэн гэнэтийн хүчтэй хар салхины улмаас АНУ-д амиа алдсан хүний тоо 100 дөхөөд байна. Зөвхөн Кентакки мужид гэхэд 70 гаруй хүний амь үрэгдсэн талаар тус мужийн захиргаанаас мэдээлжээ.

Амиа алдсан хүний  тоо цаашид нэмэгдэж, 100 давах магадлалтайг мужийн захирагч Энди Бешир онцолсон байна. Кентакки мужийн түүхэнд ийм хүчтэй хар салхи ховор тохиолдож байжээ. Орон нутгийн цагаар баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө 30 гаруй хүчтэй хар салхи нэгэн зэрэг Арканзас, Иллинойс, Миссури, Теннесси, Миссисипи болон Кентакки зэрэг зургаан мужийн нутгийг дайран өнгөрсөн байна.

АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Арканзас мужаас Кентакки муж хүртэлх 400 километр гаруй газар нутаг хар салхины гамшигт хамгийн ихээр өртөж, үлэмж хэмжээний хохирол амссан бөгөөд  250 милийн хурдтай  эргүүлэгт Кентакки муж өртсөн байх магадлалтай гэнэ.  Хамгийн их сүйрсэн газруудын нэг бол Кентакки мужийн баруун өмнөд хэсэгт орших Майфилд хот юм. Майфилд лааны үйлдвэр хар салхинд бүрэн сүйрсэн бөгөөд дотор нь 110 хүн байснаас ердөө 40-ийг нь л аварсан байна.

Кентакки мужийн хувьд энэ нь түүхэнд тохиосон хамгийн олон хүний амь насыг авч одсоноос гадна ихээхэн хохирол дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна. Цагаан ордны зүгээс гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүний амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад шаардагдах бүх хүчин чармайлтыг гаргахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн гамшгийн бүсүүдэд Үндэсний гвардын алба хаагчдыг илгээж аврах, эрэн хайх болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар холбогдох албаны хүмүүсийн хамт гамшигт өртсөн мужуудад ирээд байгаа аж. Иллинойс мужийн Эдвардсвилл хотын  Гал түймэртэй тэмцэх газрын дарга Жеймс Уайтфорд Амазон компанийн агуулах нурсны улмаас зургаан хүн амиа алдсан бөгөөд амь үрэгдсэн хүний тоо цаашид ч өсөх магадлалтайг мөн онцолсон байна. Бямба гарагийн үдээс хойш гэхэд Кентакки мужид бараг 99 мянга, Теннесси мужид 71 мянган айл, өрх цахилгаангүй байжээ. Түүнчлэн Кентакки муж даяар хүмүүсийг цусаа хандивлах уриалга өрнөж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top