Энэ долоо хоног цахимаар хичээллээд дунд сургуулийн сурагчид хоёр сар орчим амрах шийдвэр гарсан. Энэ нь цар тахалтэй цаг үе, улирлын томуу нэмэгддэг хүйтний улиралд хүүхдүүдийг өвлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой шийдвэр. Харин урт хугацааны ийм амралтын үеэр хүүхдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг өсөх магадлал ихэсдэг гэдгийг мэргэжлийн байгууллагуудын судалгаа харуулдаг.
Хөл хориотой байсан өнгөрсөн жилд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ахуйн хүрээний осолд өртөж гэмтэх, улмаар амь насаа алдах нь ихэссэн байдаг. Сурагчдын урт хугацааны амралтын үеэр боломжтой нь хүүхдүүдээ хөдөө явуулж, агаар салхинд элдэв өвчнөөс хол байлгадаг ч боломжгүй нь түүнээсээ олон.
Тиймээс л цоожтой хаалганы цаана өдөржин “хоригдож” суудаг. Үүнээс л элдэв төрлийн осол гэмтэлд өртөх аюул эхэлдэг байна. “Хөл хорионы үед дунд болон ахлах ангийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь их ганцаардаж, таван сурагч тутмын нэг нь их уйтгарлаж, уйдаж байна” хэмээн судалгаанд оролцсон хүүхдүүд хариулжээ. Үүнээс харахад л хүүхдүүд урт хугацаанд гэртээ байхдаа сэтгэл санаагаар хямрах, сэтгэл гутралд орох нь өндөр байдаг гэнэ.
Бүтэн хоёр жилийн хугацаанд хөл хориотой байсан хүүхдүүд бцаад урт хугацаанд амарч, гэртээ байх нь буцаад сэтгэл зүй нь хямарч мэднэ. Тиймээс л эцэг эхчүүд нь аль болох хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, боломж гарвал агаар салхинд гаргаж, анхаарал халамж тавих нь хэрэгтэй биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )