Загасанд явах бол аюулгүй байдлаа анхаараарай

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

Сүүлийн жилүүдэд залуус загасанд явах нь элбэгшжээ. Олон хүн сонирхож эхэлж байгаа нь тийм ч муу зүйл биш. Ер нь уламжлал ёсноосоо болдогсон уу манайхан дунд лусын амьтныг ихээр нь барих гээд байдаг хорхойтой хүн ховор. Тэсэлж дэлбэлдэг, тор ашигладаг байдал ч багассан. Товчхондоо загасчин олшрох хэрээр нэг нэгэндээ шаардлага тавьж, соёлоо хуваалцаж илүү спорт чиглэлд нь хөгжүүлж байна.

Гол, нуур хөлдсөн энэ үед өвлийн загасчлалд яваад ирсэн хүмүүсийн зураг, бичлэг тодорхой хүрээллийг багтаасан цахим хуудсуудад ороод эхэллээ. Удахгүй шинэ жилийн хэд хоногийн амралт ч тохиох гэж байна. Үүнээс үүдээс аль нэг нуур, голыг сонгоод найз нөхдөөрөө явахаар зэхэж байгаа хүн ч цөөнгүй бололтой.

Мэдээж, хүн бүр туршлагатай хамтрагчтай явна гэж итгэхэд хэцүү шүү дээ. Тийм болохоор цахим хуудсуудад юу хэрэгтэй байдаг вэ гэсэн асуулт бичсэн хүмүүс ч харагдаж байна лээ.

Зарим хүн “Нарантуулын наймаачид дээр очвол бүх юмыг чинь бэлдээд өгнө” гэж займчсан байхад “Авдар архи авахаа мартав аа” гэсэн ойворгон өгүүлбэр ч харагдаж байв.

Иймээс өвлийн загасчлалд явах гэж байгаа залууст сануулахад хамгийн гол нь аюулгүй байдал байдаг юм шүү. Нэн тэргүүнд машин техникийн бүрэн бүтэн байдал чухал. Монгол орны уудам дэлгэр нутагт, машин нь эвдрээд өвөл хээр хононо гэдэг бараг л үхэл амьдралын тухай асуудал болно.

Очоод загасчлах газартай ойр хоноглох айл, амралт байвал зүгээр. Үгүй бол өвлийн майхан бэлдээрэй. Машиндаа хонож байгаад угаартах, хувцас хунар муутай яваад осгох, нүүр, гар, хөлөө жаварт хайруулах гээд аюул бий. Бас мөсөн дээр ганцаараа явахгүй байх нь зөв. Мод, хад цухуйсан газар ойртоогүй нь дээр. Энэ зэргийн бэлтгэл хангаад уурга, өгөөш, өрөм, цүүцээ бодно шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top