2021 оны онцлох 21 үйл явдал

2022 оны 01 сарын 03

АЛТАН ОХИН М.АНХЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг дархлан үлдээсэн билээ. Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.

У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд болов. Уг сонгуулиар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823326 иргэний санал авсан юм. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246968 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72832 сонгогчийн санал авсан байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг билээ.

У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД БОЛОВ

2021 оны нэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцров. Түүнийг огцруулахад чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 95.2 хувь дэмжсэн байдаг. Огцрох болсон шалтгаан нь Монгол Улсад цар тахлын халдвар дэгдэхэд нэгдүгээр төрөх эмнэлгээс ковид туссан жирэмсэн эмэгтэйг тусгаарлах байранд шилжүүлэхдээ зүй бус харилцсан эмч нарын үйлдлээс улбаатай юм. Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий сайдаар томилов. Тухайн өдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувийн саналаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон байдаг. Л.Оюун-Эрдэнэ нь Монголын шинэ залуу улстөрчдийг манлайлагчдын нэг бөгөөд 2015 онд АНУ-ын Харвардын их сургууль төгссөн.

ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ 420 ТЭРБУМ ТӨГРӨГ

 

Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар  Автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийн ажлын шийдвэрлэсэн юм. Энэ дагуу жил бүр дээрх хөрөнгийг шийдвэрлэснээр  нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 13 хувийг эзлэх аж. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөжээ.

Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Дөрөвдүгээрт, Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгооро 30 байршилд автозамын инженерчлэл хийх юм байна. Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлнэ. Уг систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдох аж.  Зургаадугаарт, орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэхээр болжээ. Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлэхээр болсон байна. Наймдугаарт, Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулахаар төлөвлөжээ. Есдүгээрт, иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавина. Энэ ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн аж.

ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ монголчуудын 12 жилийн хэрүүлд цэг тавьж байх шиг байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар “Рио тинто”, “Тукойз хилл ресурс” тэргүүтэй дэлхийн уул уурхайн акулуудтай хэлэлцээ хийж, Оюутолгойн гэрээ зурагдсан цагаас хойш 12 жилийн дараа ард түмний эрхийг хагуулав.

ҮНИЙН ӨСӨЛТ

Үнийн өсөлт хадгаламжийн хүүгээс давсан жил тохиолоо. Өнгөрсөн онд хадгаламжийн хүү есөн хувь байсан бол инфляц 11 хувьд хүр, мөнгө үнэгүйдсэн. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.5 хувь, өмнөх оны эцсээс 11.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

КОЙНЫ ХАЛУУРАЛ

Цахим мөнгө буюу криптовалютын халуурал өнгөрсөн онд зонхиллоо. Хүмүүс хохироогүй ч энэ арилжаанд монголчууд 1.2 их наяд төгрөг хийсэн гэдэг албан бус мэдээлэл бий  Цахим мөнгөний шинэ урсгалыг зохицуулах, иргэдийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар оны өмнө батлууллаа.

ХИЛ ГААЛИЙН ХҮНДРЭЛ

БНХАУ хилээ хааснаар Монгол Улс хэрэглээний уут ч үгүй болов. Монгол Улсын Засгийн газар сүүлдээ БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн гэдэг тосгоны захирагчаас гадаад худалдааны зөвшөөрлөө авдаг болсон. Эрх баригчдын зүгээс Эрээн-Замын-Үүдийн боомт нээсэн талаар удаа дараа мэдэгдсэн ч худлаа болж таарсан. Ийнхүү монголчуудын хэрэгцээгээ хангадаг боомт хаасан шиг экспортын боомтууд ч энэ жилийн хамгийн том бөглөрөл байсан.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

УИХ-аар энэ асуудлыг батлахаар болсон. МАН-ын Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх зууныг эхлүүлэх “Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого”-ыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэх болсноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар их хурлаар олон нийтэд зарласан. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн хөгжлийн үндсэн чиглэл нь “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн Засгийн газрын тэргүүн албан ёсоор мэдэгдсэн байдаг. Мөн “Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна.

ХАЛАМЖ

Эрх баригч намын 2020-2021 оны хооронд сонгуулийн хөзөр нь халамж байсан. Тухайн үед эрх баригч нам, хамаатан садан гэлгүй ялгалгүй бүгдийг өргөсөн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Хүрэлсүх “Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч,  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана" гэв.

ЦАР ТАХАЛ

Дэлхийг бүрхсэн КОВИД цар тахлын хөлд монголчууд нэрвэгдэж, үүний улмаас өчигдрийн байдлаар 2000 орчим хүн нас барав. Хэд хэдэн удаа хот нийтээр хөл хорио тогтоосны дараа нийслэлийн дүүргүүдэд хэсэгчилсэн хөл хорионууд мөн тавигдсан. Гуравдугаар сараас орон нутагт халдвар дэгдэж, 18 аймгийн 189 суманд хэсэгчилсэн урт, богино хугацааны хөл хорио тавихад хүрэв. Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн хатуу хөл хорио тавдугаар сарын 8 хүртэл үргэлжилсэн. Цар тахлаас хамгаалах шалгарсан арга бол вакцинжуулалт гэдэгтэй дэлхий нийтээр санал нэгдэж, Монгол Улс БНЭУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар 150 мянган тун AstraZeneca компанийн “Covishield”, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Синофарм компанийн Verocell вакцины 300 мянган тунг хүлээн авч, хоёрдугаар сарын 23-наас ковид-19 цар тахлын халдварын эсрэг дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлсэн.

МАХНЫ НӨӨЦӨД НӨЛӨӨЛСӨН МАЛЫН ӨВЧИН

Манай улсын хувьд энэ жил экспортод гаргах нь бүү хэл идэшний махгүй болж мэдэх хэмжээний малын өвчлөлтэй жил болж байна. Улсын хэмжээнд шүлхий өвчин гэхэд энэ сарын 15-ны байдлын дүн мэдээгээр 16 аймгийн 79 сум, 144 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж, зургаан аймгийн найман сум, 18 голомтод хязгаарлалтын дэглэмтэй байна гэжээ. Шүлхий өвчний тархалтыг бууруулах зорилгоор голомтын болон хязгаарлалтын бүсийн 16.2 сая толгой малыг вакцинд хамруулж, 10.0 сая тун вакциныг зарцуулсан байна. Мөн Сүхбаатар, Дорнод, Дорноговь зэрэг аймгуудад үхрийн арьс товруутах өвчин, зарим аймгуудад хонины цэцэг өвчин ч гарсан. Энэ нь ирэх оны махны нөөц бэлтгэл болон махны экспортод хамгийн ихээр нөлөөлөл үзүүлж буй асуудал болоод байгаа юм.

НӨҮНААДАМ, НӨҮДАБЛЬСТАНДАРТ

Энэ хөдөлгөөнийг зөвхөн Э.Одбаяр, Д.Монголхүү нараар төсөөлж болохгүй. Тэд эрх баригчдад төрийн хууль ямар зөөлөн нялцгай нялуун үйлчилдэг. Харин эгэл ардад төрийн төмөр нударга хэрхэн тусдаг болохыг биеэрээ гэрчилсэн. Тиймээс Э.Одбаяр, Д.Монголхүү энэ оны үг хэлэх эрх чөлөөний хамгаалагчаар тодруулахаасөөр аргагүй.

 

ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ

20 жилийн турш яригдсан уг бүтээн байгуулалт дууссанаар Монгол Улс далайд гарцтай болсон гэж тооцов. Жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох перрон талбай ашиглалтад орсон нь энэ юм. Япон улсын хөнгөлөлттэй зээлээр баригдсан энэхүү Олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Япон улстай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувийг эзэмших гэрээтэй.

ТАВАН ЖИЛИЙН ДАРАА БОЛСОН ОЛИМПОД ТАВАН МЕДАЛЬ АВАВ

Япон улсын нийслэл Токио хотноо 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулсан “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, харин медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан юм.

Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Иран гаралтай Саид Моллай хүртсэн бол олимпын хүрэл медалийг  жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар тус тус хүртэж Төрийн далбаагаа Токиогийн тэнгэрт мандуулсан. Монголын баг тамирчид олимпын наадамд оролцож эхэлсэн 57 жилийн түүхэндээ нийт 15 зуны олимп болж байсан бөгөөд үүнээс хоёр олимпын /Токио-1964”, “Сидней-2000”/ наадмаас медальгүй ирж байжээ. Харин 1984 оны Лос-Анжелест болсон олимпын наадамд хоёр системийн зөрчлөөс үүдэн оролцоогүй юм. Токиогийн олимпын XXXII наадмаас 16 хоногийн дараа болсон “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд манай улсын баг тамирчидаас пауэрлифтингийн төрөлд 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын хоёр дахь аварга болж монголчуудаа баярлуулсан. Энэ удаагийн олимп болон паралимпын наадам дэлхийн улс орнуудад тархсан “Ковид-19” цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилж 5 жилийн завсарлагатай болсоноороо онцлогтой.

НААДАМ ХИЙГЭЭГҮЙ Ч ДОПИНГ ӨНЖСӨНГҮЙ

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улс анх удаа энэ жил наадмаа хийлгүй өнжлөө. Гэсэн хэдий ч монгол бөхчүүдийн дунд допинг хэрэглэсэн асуудал гарч, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан МЗХ-ны 100 жилийг ойг тохиолдуулан зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээгээр улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нар допинг хэрэглэсэн нь тодорхой болсон юм. Улмаар улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасахаар шийдвэрлэсэн юм. Ийнхүү түүхэндээ анх удаа наадам хийлгүй өнжсөн ч үндэсний бөхөд допингийн асуудал өнжсөнгүй. 

ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАН ГАРГАЛАА

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа буюу энэ оны 11 дүгээр сард татан гаргаж, эрэгт байрлууллаа. Энэхүү ажиллагаанд ОБЕГ, БХЯ, ЗХЖШ зэрэг байгууллагуудын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэй оролцсон юм. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн дэлхийн жишиг болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан аргачлал, технологийн дагуу усны гүнд анх удаа зохион байгуулсан нь энэ юм. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцны урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м, жин нь 309 тонн бөгөөд нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байжээ. Онгоц татан гаргах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын албаны усчин аврагчид нийт 500 гаруй удаа далайд шумбасан байна.

АРД ИРГЭДЭЭ НЭМЭЛТ ТУНГААР ДАРХЛААЖУУЛЖ БАЙНА

Монголд цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг наймдугаар сарын 30-наас эхлүүлсэн билээ. Дархлаа дэмжих бүүстэр тунд одоогийн байдлаар нийт иргэдийн 850 мянган иргэн буюу 26 хувь нь хамрагдсан байна. Энэхүү тун нь дельта хувилбар болон омикрон хувилбараас сэргийлэх гол хүч гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм.

“МӨСӨН ӨРГӨӨ” ОРДОНТОЙ БОЛЛОО

Энэ оны есдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”- нээлтээ хийсэн. “Мөсөн өргөө” нь Монголын анхны битүү дээвэртэй ордон бөгөөд 2600 хүний суудалтай, олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй бөгөөд 12.7 мянган м.кв талбайтай юм. Тус өргөө нь Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтжээ.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН ДУУЧИН АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Дэлхийн шилдэг баритон, Соёлын элч дуучин Э.Амартүвшин арваннэгдүгээр сарын 24-нд Ардын жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртсэн билээ. Дуучин Э.Амартүвшин дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж, дэлхийн шилдэг баритон гэдгээ баталсаар байна. Тэрбээр олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагнал хүртсэн билээ. Энэ хүндтэй шагналыг энэ сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм.

Ф.ДОСТОЕВСКИЙН “ГЭМ ЗЭМ” РОМАН МОНГОЛД “ГЭМ ЗЭМ” ЖҮЖИГ БОЛЖ ТАВИГДАВ

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжиг толилуулсан. Жүжгийн нээлт арваннэгдүгээр сарын 25-нд болж тасралтгүй 18 өдрийн турш тайзнаа тоглогдож үзэгчдийн таашаалыг хүртсэн билээ.  “Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, М.Батболд найруулан тайзнаа амилуулсан бол гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглосон билээ.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top