ХӨЛБӨМБӨГ: Арслан, заан, фараон буюу Африк багуудын хоч нэр

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Энэ сарын 9-нөөс хоёрдугаар сарын 6 хүртэл Камерунд Африкийн Цом хөлбөмбөгийн тэмцээн явагдаж байна. Европын том багуудад тоглодог дэлхийн хэмжээний африк одод төрөлх эх орныхоо төлөө тулалдахаар энд иржээ. Африкийн шигшээ баг болгон өөрийн гэсэн өвөрмөц хоч, дуудлага нэртэй бөгөөд нэрээ ихэд эрхэмлэн дээдэлдэг юм.

 

НОМХОРШГҮЙ АРСЛАНГУУД

Камеруны шигшээ багийг “Номхоршгүй арслангууд” гэж нэрлэдэг. Энэ улсад арслан маш их тул хөдөө тосгоны малчид үе үе дайралтад өртөнө. 1972 оноос өмнө Камеруны шигшээ зүгээр л “Арслан” нэртэй байсан ч Ерөнхийлөгч Ахмаду Ахиджо “Номхоршгүй” гэдэг тодотгол нэмж өгсөн юм. Үнэхээр ч номхрохоо байсны дараа Камеруны шигшээ баг маш амжилттай тоглож эхэлсэн билээ. Тэд Африкийн Цомд таван удаа түрүүлж байсан. Эмэгтэй шигшээ багаа Номхоршгүй эрслэнгүүд, өсвөрийн шигшээ багаа Номхоршгүй гүег гэж нэрлэдэг.

 

Хөх аварга загас

Арлын орон Кабо-Верде Африк тивээс 600 км зайд Атлантын далайд оршдог тул “Хөх аварга загас” нэрийг сонгожээ. Энэ загас хэдий далайн хамгийн аймшигтай араатан ч   Кабо-Вердегийн шигшээ баг Африкийн Цомын тэмцээний шөвгийн наймаас дээш явж үзээгүй.

 

Азарганууд

Буркина-Фасо улсын сүлдэн дээр хоёр цагаан азарга бий. Төрийн хамгийн том шагнал нь Азарганы одон. Ингэхээр хөлбөмбөгийн шигшээ баг нь Азарганууд байхаас өөр арга байхгүй. Яагаад энэ улсын иргэд хүлэг моринд хайртай болсныг дурдахаас өмнө эртний нэгэн домгийг өгүүлье. Буркина-Фасо улсын гүнж ширэнгэн ойд төөрөөд ухаалаг мориныхоо ачаар анчны гэр олж, амь аврагддаг. Гүнж хүлэгтээ зориулан, хүүдээ Уэдраого нэр хайрласан нь Азарга гэсэн утгатай үг байв. Азарганууд таван жилийн өмнө тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн нь хамгийн том амжилт нь.

 

Уулын янгир

Этиопын шигшээ баг “Абиссин нурууны янгир ямаанууд” гэсэн урт нэртэй. Яагаад ийм нэртэй болсон нь ч тодорхой. Этиопчууд олон зуун жилийн турш янгир ямааны мах идэж, арьс үсээр нь хувцас хийж иржээ. Ер нь бол янгирны ачаар амьд мэнд явж байгаадаа талархсан сэтгэлээр багаа нэрлэжээ гэж ойлговол зохистой. Харамсалтай нь одоо янгир маш цөөхөн үлдсэн. Бараг амьтны хүрээлэнд л харж болохоор болсон ч Засгийн газраас янгир ямааг хамгаалах олон арга хэмжээ эхлүүлээд байгаа. Янгирын шигшээ баг түүхэндээ нэг удаа Африкийн Цомд түрүүлж үзсэн ч XXI зуун гарсаар тивийн хамгийн сул багуудын нэг болон хувирсан юм.

 

ТЕРАНГАГИЙН АРСЛАНГУУД

Сенегалын шигшээ баг Терангагийн арслангууд нэрээр талбайд гардаг. Арслан бол Сенегалын бэлгэ тэмдэг бөгөөд сүлдэн дээр нь заларсан байдаг. Гэвч Африкийн олон орон арсланг “шүтэн биширдэг” тул бусад орноос ялгагдахын тулд Теранга гэж тодотгож өгсөн. Теранга гэдэг нь Сенегалын эртний нэршил юм. Сенегал буюу Баруун африк арслан устаж алга болох аюулд учраад байгаа амьтан. Сенегалд ердөө мянган арслан үлдсэн бол амьтны хүрээлэнд 13-хан байдаг байна. Сенегалын шигшээ баг Африкийн өнөө цагийн хамгийн хүчирхэг багийн нэг бөгөөд энэ жил түрүүлэх өндөр магадлалтай багт тооцогдож байна.

 

Үндэстний Заанууд

Гвиней улсын хөлбөмбөгийн шигшээ багийн нэрээс хар тивийн хүч чадал бүрэн мэдрэгддэг. Тэд “Үндэстний заанууд” хочтой. Жил бүрийн шинэ жилээр нийслэл Конакри хотын төв гудамжинд зааны жагсаал явагддаг. Гвинейд заан бол хүч чадал, эд баялгийг илэрхийлдэг амьтан. Хачирхалтай нь энэ улс дөнгөж 250 заантай бол Ботсван улс 130 мянган заан тоолуулжээ. Заанууд баг 1976 онд Африкийн Цомын тэмцээнд үзүүрлэснээсээ хойш том амжилт гаргаагүй байгаа.

 

Дайчид

Зимбабвегийн хөлбөмбөгчид өөрсдийгөө товч, тодорхой, бахархалтайгаар “Дайчид” гэж нэрлэдэг. XIX зууны сүүлээр тус улсын шон, ндебеле омгийн дайчид Их Британийн булаан эзлэгчдийн эсрэг баатарлагаар тулалдсан юм. Гэвч хэчнээн эрэлхэг байлаа гээд нум сумтай дайчид Английн галт зэвсгэнд ялагдсан. Ингээд тэд ширэнгэн ойд партизаны дайн өрнүүлсээр 1980 онд тусгаар тогтнолоо олж авч чадсан юм. Дайчид тав дахь удаагаа Африкийн Цомд оролцож байгаа ч хэсгээсээ нэг ч удаа гарч байгаагүй.

 

ДҮРЭЛЗСЭН ЦОГ ДӨЛ

Малавигийн хөлбөмбөгчдийг Цог дөл гэж нэрлэдэг нь анх сонсоход уйтгартай гэмээр. Гэхдээ Малави улсын түүхийг сөхөхөд ингэж нэрлэх нь аргагүй гэж бодно. Малави улсын аж амьдрал, соёл уламжлалд Малави хэмээх нуур чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нуур дэлхийд хэмжээгээр 9, гүнээрээ гуравт жагсдаг. Дэлхийн цэвэр усны нөөцийн 7 хувь нь энэ нуурт оногдоно. Малави гэдэг нь банту хэлээр Цог дөл гэсэн утгатай бөгөөд нуурын усан дээр нар мандах, жаргах үед галын дөл бадарч байгаа мэт харагддаг байна. Малави хөлбөмбөгчид Африкийн Цомд гурав дахь удаагаа оролцож байна. Хэсгээсээ гарах нь тэдний гол зорилго. 

 

Цөлийн үнэгнүүд

Алжир улсын газар нутгийн 80 хувийг дэлхийн хамгийн том цөл болох Сахар эзэлдэг, мөн энэ улсад л цөлийн үнэг үлдэж хоцорсон байдгаас ийм нэртэй болжээ. Өнгөрсөн зуунд Африкийн шилдгүүдийн нэгт тооцогдож байсан энэ улсын баг 2019, 1990 онд тивийн аварга болсон.

 

Фараонууд

Дэлхийн түүхэнд тод мөр үлдээсэн Египет улс монголчууд Чингисийн үеэ байнга дурсдагтай адил Фараоны үеэрээ ихэд бахархдаг. Мэдээж хөлбөмбөгийн шигшээ багаа Фараон гэж нэрлэсэн. Эмэгтэй багаа Клеопатра гэдэг гэж байгаа. Африкийн 7 удаагийн аварга энэ баг өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч болох Салахтай учир энэ жил түрүүлэхийн төлөө л өрсөлдөнө.

 

АТЛАССЫН АРСЛАНГУУД

Марокко улсын сүлдэн дээр бамбай түшиж байгаа хоёр арслангийн дүрс бий. Бамбай дээр Атлассын нуруунд нар мандаж байгааг дүрсэлжээ. Атласс бол Эртний Грекийн домогт гардаг хүчирхэг титан Атласын нэрээр алдаршсан уул нуруу. Мароккогийн шигшээ баг энэ уулын нэрээр нэрлэгдсэн. 1976 оны Африкийн аварга.

 

Заанууд

Африкчуудын амьтны нэрээр багаа нэрлэдэг заншлыг ивуарчууд ч дагасан. Кот-д’Ивуар улсыг Зааны ясан эрэг гэж өмнө нь нэрлэдэг байлаа. Хөл бөмбөгийн баг нь зүгээр л “Заанууд”. Багийн логон дээр ногоон дэвсгэр дээр хошуугаараа бөмбөг тогтоосон цагаан заан байдаг.

 

Супер бүргэдүүд

Африкийн хамгийн хүчирхэг багийн нэг Нигерийн шигшээ тун “даруухан” буюу “ Супер бүргэдүүд” нэртэй. Анх “Ногоон бүргэдүүд” хочтой байсан ч 1988 онд Африкийн Цомын финалд Камеруны багийг ялах шахсаны дараа ногооноо супер болгон өөрчилжээ. Африкийн 3 удаагийн аварга. Тамирчид нь техник, ур чадвар өндөр тул заримдаа “Африкийн бразилчууд” гэж нэрлэх нь бий. Эмэгтэй шигшээ баг нь “Супер шонхрууд”.

 

ХАР ОДОД

Хар тивийн андуудаасаа ялгаатай нь Ганагийн баг махчин амьтан, ургамал, уул нуруу сонгоогүй. Тэднийг ердөө л “Хар одод” гэдэг. Гана улсын далбааг хар од чимдэг. Шигшээ баг нь хар однуудтай, цагаан  өнгийн өмсгөлтэй.

 

Залуус

Өмнөд Африк улс 2010 онд анх ДАШТ хүлээн авахаасаа өмнө хөлбөмбөгийн талаар бараг мэдээлэлгүй байлаа. Шигшээ багийг нь ч дэлхий мэддэггүй байсан юм. Харин 2010 оноос хойш тус багийн Bafana Bafana нэрийг хөл бөмбөг сонирхогчид мэддэг болсон. Энэ нь ердөө хөвгүүд  гэсэн утгатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top