Их сургуулиудын дунд орос хэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 16

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах телевизийн орос хэл, танин мэдэхүйн анхны том уралдаант нэвтрүүлэг, түүний зохион байгуулалтын талаарх асуудлуудыг  Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан баг хэлэлцлээ.

ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Русский Дом-ийн захирал Амгалан Базархандаев нь телевизийн салбарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан уран бүтээлч. Монголд үйл ажиллагаа явуулж байсан орос хэл дээрх АИСТ-МОНГОЛИЯ телевиз нь түүний удирдаж байсан Баруун Сибирийн хамгийн том телевизийн компанийн Ази дахь салбар байсан билээ. Тэр үед А.Р.Базархандаевын БНХАУ-ын төв телевизийн нэг болох CCTV, Олон улсын хамтын ажиллагааны удирдах газартай хамтран бүтээсэн "Стань победителем" ( "Ялагчаар тодор") хэмээх нэртэй Бүх Хятадын орос хэл дээрх уралдаант нэвтрүүлэг нь хамгийн их өрсөлдөөнт шоу болж чадсан. Тус уралдаант шоунд Хятадын тэргүүлэх 114 их, дээд сургуулийн 500 гаруй оюутан залуус оролцсон гэдэг.

Тэгвэл, мөнхийн хөрш Монгол, Оросын соёлын харилцаа, тэр тусмаа телевизийн салбарт шинэ өнгө авчрах оюутан залуусын оролцох шинэ шоунд Монголын тэргүүлэх 60 гаруй их, дээд сургуудиудыг тун удахгүй урих нь ээ.

Телевизийн уралдаант нэвтрүүлэгт оролцох багуудын сонгон шалгаруулалт ирэх сараас эхлэх төлөвтэй байгаа бөгөөд ОХУ-ын телевизийн олонд танигдсан хөтлөгч, шүүгчид, сургагч багш нар уг контентыг бүтээхэд багаараа хүрэлцэн ирж ажиллахаар болжээ.

Мөн сонирхуулахад, энэ нэвтрүүлэг Оросын төвийн хэд хэдэн телевизээр цацагдах учраас Монголын их, дээд сургуулиудад сүүлийн үед Оросоос ирж суралцаж буй ОХУ, Буриад, Тува, Халимагийн оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Ингэснээр Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын зүгээс Монгол Улсад орос хэл судлалыг дэмжиж, Оросын соёлыг түгээн дэлгэрүүлээд зогсохгүй соёлын солилцоог залуучууд дунд хоёр орны хэл, соёлыг танин мэдэх замаар түгээх ач холбогдолтой нэвтрүүлэг тун удахгүй хийгдэх нь.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.6) 2022 оны 01 сарын 16

Зөв шүү

0  |  0
Top