Байден ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэж Путиныг сүрдүүлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 22

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины  асуудлаар ямар нэгэн нүүдэл хийх ч  бүрэн хэмжээний дайн хийхийг хүсэхгүй байгаа  хэмээн Төрийн тэргүүний албан тушаалд ажилласныхаа нэг жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан  хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.  

Тэрбээр Оросын түрэмгийллийн аюулын талаар асуусан асуултад  "Миний таамаглаж байгаагаар тэр ямар нэгэн нүүдэл хийнэ. Ямар нэг зүйл хийх ёстой" гэжээ. Украины хилийн ойролцоо ОХУ-ын  100 мянга орчим цэрэг байгаа гэсэн тооцоо бий.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки лхагва гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ "Хэрэв Оросын аль нэг цэргийн хүчин Украины хилээр нэвтэрвэл Нэгдсэн Улс шуурхай, хатуу  хариу арга хэмжээ авах болно. ОХУ Украиныг хэзээ ч НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй.  Өнгөрсөн долоо хоногт өрнөдийн орнууд болон ОХУ яриа хэлэлцээ  хийсэн ч төдийлөн амжилтад хүрч чадаагүй.  Учир нь барууныхан Москвагийн зарим шаардлагуудыг хүлээн зөвшөөрөөгүй” гэжээ.

 

ПУТИН БАРУУНЫГ СОРИНО

 

Байденаас  "Путин  барууныхныг сорино гэж бодож байна уу” гэж асуухад Цагаан ордны тэргүүн  “Тийм ээ, би тэгнэ гэж бодож байна. Хэрэв тэр хөдөлвөл бид урьд өмнө байгаагүй хатуу хориг арга хэмжээ авна гэдгийг тэр тооцоолохгүй байна” гэжээ. Түүнчлэн АНУ Оростой хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа бөгөөд ноён Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх боломж байсаар байна гэдгийг тэрбээр онцолсон  байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Украинд айлчилж, Берлинд Европын холбоотнуудтай хэлэлцээ хийснийхээ дараа ОХУ маш богино хугацаанд Украин руу довтолж магадгүй хэмээгээд ийм зүйл болвол ОХУ-ын эсрэг  хатуу хориг арга хэмжээ авахыг дахин сануулжээ. 

Байден мөн НАТО-гийн дөрвөн гишүүн улстай хиллэдэг Украинд дайн дэгдвэл байдал хурцадна гэдгийг анхааруулав. Тэрбээр "Путин дэлхий дахинд ноёрхох хэмжэээний тийм ч сайн байр суурьтай биш гэдгээ ойлгох ёстой. Оросууд Украин руу өргөн цар хүрээтэйгээр түрэмгийлэх нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших   олон улсад тохиолдсон хамгийн томоохон сөрөг үр дагаварыг дагуулах болно” гэжээ. 

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Оросын цэргүүд Украины хил орчим олноор байрлаж байгаа талаарх мэдээлэл гарах болсон. Үүнийг Оросын тал цэргийн сургуулилалт хэмээн нэрлээд "Өөрийн нутаг дэвсгэр дээр цэргээ шилжүүлэх бүрэн эрхтэй" гэж удаа дараа мэдэгдэж байв.   Харин барууны хэвлэлүүдээр ОХУ Украины хилийн орчимд цэргээ татан төвлөрүүлэх болсон нь Украин руу довтлохоор төлөвлөж байгаагийн илрэл гэсэн мэдээлэл гарч, АНУ тэргүүтэй хэд хэдэн  орон  олон талт яриа хэлэлцээр хийж байлаа. АНУ болон ОХУ-ын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр ч энэ сэдэв хөндөгдөж байв.

 

БАЙДЕН ЦАГААН ОРДНЫ ТЭРГҮҮН БОЛСНООСОО ХОЙШ ЗУРГААН САЯ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ

 

Тэрбээр Цагаан ордны тэргүүнээр ажилласан нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хийсэн ажлын тайлангаа танилцуулсан байна.  Байден нэг жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-нд албан тушаалаа авахдаа, хуваагдсан үндэстнийг нэгтгэж, тахал өвчнийг хянахыг хичээж ажиллана гэж мэдэгдэж байсан юм.

Жозеф Байдены засаг захиргаа коронавирусний эсрэг 500 сая тун вакцин нийлүүлжээ. Нийт хүн амын 75 хувь нь дор хаяж нэг удаа вакцинд хамрагдсан байна. Ерөнхийлөгч дэд бүтцийн тухай хуулийн төслөө батлуулж байгааг тайлангийнхаа үеэр мөн онцолжээ. Нэг их наяд долларыг зам, гүүр, дамжин өнгөрөх системийг сэргээн босгоход зориулна. Гэвч түүний олон төлөвлөгөө Конгрессод гацаад байгаа юм. Ерөнхийлөгч Жозеф Байден зургаан сая ажлын байр шинээр бий болгосон нь Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан эхний жилийн хамгийн өндөр эерэг үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top