ОЛОН ӨНГӨ: Насны онцлог уу, нартын жам уу

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Олны танил нэгэн дуучин бүсгүй цахим хаягтаа ээжтэйгээ маргалдсан тухайгаа нийтэлжээ. Ээжийнхээ тухай "Нас биед хүрсэн эмэгтэй хүнд амьдрал заах гэлээ, өөрийнхөөрөө байлгах гэлээ, үглэж яншлаа" гэх зэргээр сэтгэлээ онгойлгожээ. Энэ нийтлэлийн дор маш олон хүн сэтгэгдлээ бичсэн байв.

"Газар дээр чамайг төрүүлж өсгөсөн эхийгээ ингэж болохгүй арилсан дотортой хүн бэ" гэж зүхэх нэгэн байхад харин ч өөгшүүлж дөгөөж бичсэн хүмүүс бүр ч олон байв.

Нийтлэг байдлыг нь анзаараад байхад аав, ээжүүд хүүхдийнхээ амьдралд хэтэрхий хутгалддаг юм шиг ээ. Тэгж болохгүй, ингэх ёстой гэж алхам бүрийг нь зааж зааварлах гэсэн эцэг, эхчүүд олон байдаг бололтой. Зарим аав, ээжүүд ачийг минь хариулсангүй ачлалгүй хүүхэд хэмээн үр хүүхдээ буруутган яллах, хариу тус нэхэх зэргээр гомдоллон бухимддаг ч байх юм.

“Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг үг энэ бүхнээс үүссэн ч юм шиг. Улаан нялзрай байхаас нь уулын чинээ болтол нь өсгөж өндийлгөж өдий зэрэгтэй хүн болгосон юм чинь үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсэлгүй л яах вэ. Гэтэл манайханд үр хүүхдээ бие даалгаж сургах, өөрийнх нь хүсэл зорилгоор нь явуулах тал дээр жаахан дутмаг юм уу даа гэж анзаарагдав. 

Хүүхдээ өөрийнхөөрөө явах гэхээр “чи эхийнхээ үгнээс зөрсөндөө алдана даа” гэдэг үгээрээ алдах үүд хаалгыг нь нээгээд ч  байгаа юм шиг. Үг гэдэг өөрөө хүчтэй болохоор эцэг эхчүүд маань үр хүүхдэдээ дандаа сайн сайхныг ерөөж, магтаж, урамшуулж баймаар. Хүн л юм чинь алдана. Алдаан дээр нь дөрөөлж ам асууж, аашилж загнах биш учирлаж, гаргалгааг нь зөв хэлж өгөх юм бол энэ нь огтхон ч үглэж буй сэтгэгдэл төрүүлэхгүй.

Сэтгэл зүйчдийн хэлснээр хүмүүс 50-60 насандаа сэтгэл зүйн өөрчлөлтөд орж бухимдаж эхэлдэг гэнэ лээ. Энэ л өөрчлөлтөө ухаарч таниад аль болох тайван, хүлээцтэй, ухаантай байж үр хүүхдэдээ хатуурхах биш найзын журмаар ойлголцож харьцаж байх нь зүйтэй аж. Ялангуяа энэ насныхан хадам аав, ээж болдог учраас шинэхэн бэр, хүргэндээ насны онцлогоо гаргаад нартын жам гээд суух хэрэгггүй л болов уу. Үр хүүхэд нь ч аав, ээжийгээ өргөж тэтгээд, чихийг нь халууцуулахгүй явахад хэн хэн нь л сэтгэл тэнүүн амьдарна шүү дээ. Нөгөө талаар цахим орчин дахь энэхүү давлагаа залуу хүүхдүүдийг эцэг, эхийнхээ өөдөөс нь турхирсан цадиггүй эрин бий болгох вий гэсэн айдас төрүүлэв. Хүний эрх, эрх чөлөө, хувийн орон зай гэж их ярих болсон энэ нийгэмд хүн ахтай, дээл захтай гэдэг эртний сайхан уламжлал улам улам алдагдаж байгаа юм биш биз. Бид эцэг эхийнхээ өөдөөс үг сөрөх нь бүү хэл муухай ч харж үзээгүй даруулгатай хүмүүжлээр хүмүүжсэн. Аав, ээжүүд маань элгэмсүү зөөлөн сэтгэлээр энхрийлж хайрлаж өсгөсөн. Тийм болохоор нэг бодлын өөрийнхөө үүссэн эх үүсгэл, үүтгэсэн эд эсээ муучилж байгаа хүмүүсийн сэтгэлийг хараад хөндүүр мэдрэмж төрснөө нуух юун. Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор нийгэмд чимээгүй оршсоор буй энэ сэдвийг гаргаж ирснээр нь тэрхүү дуучин бүсгүйд талархах ч хүмүүс олон байлаа. Энэ бүхнээс дүгнэхэд хэн хэн нь л үг хэл, үйлдэл мөрөө цэнэж, хянаж ухаантай, уужуу байх хэрэгтэй юм даа. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top