SMH: "Рио Тинто" Монголын Засгийн газартай хэлэлцээрт хүрсэн нь ялалт л гэсэн үг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Австралийн “The Sydney Morning Herald” сонинд нийтлэгдсэн  Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Рио Тинто Оюу Толгойн 9.7 тэрбум ам.долларын өртөгтэй зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхээр Монголын Засгийн газартай  гэрээ байгууллаа. Энэхүү хэлэлцээр нь өнгөрсөн долоо хоногт Серби Рио Тинтогийн лити олборлох төслийн зөвшөөрлийг цуцалж, Гвиней, АНУ тэргүүтэй бусад улс орнууд дахь төслүүд нь эсэргүүцэлтэй тулгараад буй  Англи-Австралийн уул уурхайн аварга компанийн хувьд эерэг мэдээ болж байна.

Вакцин хийлгээгүйн улмаас  Австралийн нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болсон теннисчин Монголынх биш байсанд л Рио Тинто хамгийн их талархаж байгаа болов уу.  Өнгөрсөн долоо хоногт Сербийн теннисчин  Новак Жоковичийг Австралиас албадан гаргаснаас хэдхэн хоногийн дараа тус улсын  Засгийн газар Рио Тинтогийн 3.3 тэрбум ам.долларын өртөг бүхий литийн төслийн лицензийг цуцалсан.

Австралийн Засгийн газрын алдартай теннисчин болон уул уурхайн баялагтай нь харилцаж буй байдал сербүүдийн дургүйцлийг төрүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу.  Рио Тинтогийн дипломат бодлого эсвэл өгөөмөр буулт Сербитэй харилцах одоогийн харилцааг аврахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. 

Тиймээс Рио Тинтогийн  гүйцэтгэх захирал Якоб Стаушолм Монголтой эвлэрэхийн тулд бүхий л чадвараа тэр тусмаа  дипломат чадвар болон тайлан балансаа ашигласан гэхэд хилсдэхгүй байх. Төслийн монголчуудад үзүүлэх эдийн засгийн үр өгөөж алдагдаж байна гэсэн болгоомжлол  газар авах үеэр Стаушолм уг  асуудлаар Монголын Засгийн газартай хэлэлцэхээр  хэд хэдэн удаа Монголд айлчилсан. Учир нь Рио нэг бол мөнгөний буугаар галлах эсвэл олон жилийн турш зогсонги байдалд орох эрсдэлд ороод байв.

Ямартай ч  Рио Тинто  Монголын Засгийн газарт олгосон 2.4 тэрбум ам.долларын зээлээсээ татгалзаж, уг төслийн эрчим хүчийг Монгол Улс нийлүүлнэ гэсэн шаардлагыг  хүлээн зөвшөөрснөөр  хэлэлцээрт хүрээд байгаа юм. Уул уурхайн төслийн тухай Риогийн 2009 оны анхны гэрээнд цахилгаан эрчим хүчээр хангах нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих тухай тусгасан байдаг.

Харин шинэчлэгдсэн буюу Дубайн гэрээнд уг станцын талаар дурдаагүй  бөгөөд үүнийгээ Риогийн зүгээс сэргээгдэх, тэр тусмаа салхины эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангахаар төлөвлөж байгаа хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ Монголын Засгийн газрын зүгээс Хятадтай эрчим хүчний хангамжийн гэрээгээ богино хугацаанд үргэлжлүүлэх боломжийг Рио Тинтод олгосон. Стаушолм эдгээр концессууд нь Оюу Толгойгоос ирээдүйд олох ашгийн хувьд юу ч биш гэдгийг онцолсон.

Тэрбээр мөн “Энэ бол  томоохон тайвшрал, маш том дэвшил. Бид Монголын Засгийн газартай хэлэлцээрт хүрч чадсандаа баяртай байгаа бөгөөд  харилцаагаа бүрэн сэргээж чадсан гэж үзэж байна” гэжээ.

Оюу Толгойн гүний уурхайн төсөл цаг хугацаа, зардлын алдагдал, геологийн асуудалтай тулгарч, Риогийн үе үеийн удирдлагуудын толгойг гашилгаж байсан юм. Ердөө жилийн өмнө л Монголын Засгийн газраас гүний уурхайн төслийг цуцална хэмээн сүрдүүлж байв.  Харин мягмар гарагийн өглөө гэхэд Рио-д ажиллаад нэг жилийг үдэж буй  Стаушолм Оюу Толгойн ордыг зорьж, Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тууз хайчлах ёслолд оролцоод зогсож байна.

Австрали дахь уугуул иргэд болох  аборигенчуудын эртний түүхийг хадгалсан соёлын дурсгалыг агуулсан Пилбарагийн агуй Рио Тинтогийн олборлолтоос болж өнгөрсөн тавдугаар сард нурсан юм байна. Рио Тинто улмаар нутгийн иргэд эсэргүүцсээр байхад Жуукан дахь ижил ач холбогдолтой агуйг дэлбэлж устгасан. Үүнтэй холбоотойгоор ажлаа хүлээлгэж өгсөн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жактай харьцуулахад илүү дипломат, ажиллах  хэв маягийн хувьд ч  эрс ялгаатай Стаушолмын хувьд Оюу Толгойн хэлэлцээр анхны томоохон ялалт болж байна.

Хэд хэдэн томоохон төсөл нь бүтэлгүйтээд буй  Рио Тинтогийн хувьд Монголын Засгийн газартай хэлэлцээрт хүрсэн нь ялалт л гэсэн үг. Дэлхийд алдартай зэс, алтны томоохон ордуудын нэг болох Оюу Толгойн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг. Харин   Рио Тинто үлдсэн 66 хувийг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн 51 хувийн хувьцаагаараа дамжуулан уурхайн үйл ажиллагааг хариуцдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top