БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн төрийн хүндэтгэлийн зочид буудал Дяоюйтайд ОУОХ-ны Ерөнхийлөгч Бахтай уулзав.
Ши Жиньпин: Өнөөдөр Хятадын билгийн тооллын бага цагаан сар, хэдхэн хоногийн дараа уламжлалт цагаан сар болно. Энэ жил таныг бидэнтэй хамт цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхийг урьж байна гэжээ.
Ши Жиньпин: Зургаан жил гаруй бэлдсэний эцэст Бээжингийн өвлийн олимпийн бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, тун удалгүй товлосон ёсоор амжилттай зохион байгуулагдах болно. Бид амлалтаа биелүүлж, хэмнэлтэй, аюулгүй, гайхалтай олимпийн наадмыг дэлхий дахинд харуулах болно. Энэ нь цар тахлын дэгдэлтээс хойш товлосон хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй дэлхийн спортын анхны цогц арга хэмжээ байж, "илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй, илүү эв нэгдэлтэй" гэсэн олимпийн шинэ урианы амжилттай бодит үр дүн болох юм гэжээ.
Ши Жиньпин: Хятад улс Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулахыг Хятадын ард түмэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч дэмжсэн юм. Энэхүү өвлийн олимпод 90 орчим улс орон болон бүс нутгаас 3000 шахам тамирчин оролцох ба хамгийн олон спортын төрөл болон алтан медальтай өвлийн олимп болно. Энэ нь илүү олон тамирчдад хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог. Бид тамирчдыг эрхэмлэж, ордон талбай, байгууламж зэрэг техник хангамж, программ хангамжийн баталгааг сайтар биелүүлж, цогц үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. Тэмцээнд оролцогчид болон үйлчилгээний ажилтнууд, тэрчлэн Хятадын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа гэжээ.
Бах: Хятадын ард түмэнд хятад хэлээр шинэ жилийн мэнд хүргэж, бар жилийн өлзийтэй мэнд дэвшүүлэв. Бах хэлэхдээ, Хятадын холбогдох салбар болон Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтаар, Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил маш сайн амжилттай болсон байна. Гайхамшигт сайхан ордон талбай, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээ, тогтвортой үйл ажиллагааны дэвшилтэт үзэл баримтлал нь үнэхээр гайхалтай юм гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )