Байден Путиний эсрэг хувийн хориг арга хэмжээ авна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хэрэв Орос Украин руу довтолж, Украины удирдагчийг Сирийн Башар Асад, Ливийн Муаммар Каддафи нартай ижил түвшинд оруулбал Ерөнхийлөгч Владимир Путинд хувийн хориг арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. 

Орос Украинтай хиллэдэг хилийнхээ ойролцоо цэргээ нэмэгдүүлж байгаатай холбогдуулан НАТО зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж, зүүн Европын улс орнуудад байрлуулсан цэргийн хүчээ зузаатгасаар байгаа юм. Харин ОХУ-ын зүгээс Украиныг НАТО-д гишүүнээр элсэхийг эсэргүүцэж байгаа билээ. Украины асуудлаарх олон удаагийн яриа хэлэлцээ амжилтад хүрээгүй тул Байден мягмар гарагт Путинд биечлэн хориг арга хэмжээ авч магадгүй гэж анхааруулаад байна. 

Хэрвээ ОХУ Украины  хилийн ойролцоо байрлуулсан  100 мянгаа цэргээ тус бүс нутаг руу нэвтрүүлбэл Дэлхийн II  дайнаас хойших хамгийн том халдлага болж, дэлхийг өөрчлөх болно гэж Байден мэдэгдсэн билээ. 

АНУ  гадаадын удирдагчдын эсрэг шууд хориг арга хэмжээ авах нь ховор боловч шинэ зүйл биш юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Сирийн удирдагч Башар Асад, Ливийн Муаммар Каддафи нарын эсрэг АНУ-ын Засгийн газар хувийн хориг арга хэмжээ авч байсан.  Өнгөрсөн мягмар гарагт цэргийн техник, зэвсэг ачсан АНУ-ын цэргийн нисэх онгоц Киевт газардсан нь Украины батлан хамгаалах салбарт үзүүлж буй  200 сая ам.долларын багц тусламжийн гурав дахь хэсэг юм. 

Харин АНУ-ын энэ үйлдлийг Москва Украины асуудлаарх хурцадмал байдлыг улам дордуулж байна гэж буруутгаж байгаа юм. Цагаан ордны тэргүүн  мягмар гарагт зүүн Европ  руу  АНУ-ын цэргийн хүчинг  ойрын хугацаанд илгээж магадгүй гэж мэдэгдсэн ч НАТО-гийн гишүүн биш Украин руу АНУ-ын зэвсэгт хүчинг оруулах боломжгүй юм. 

Харин  Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби  “Бид Украины батлан хамгаалах салбарт тусламж үзүүлсээр байна. Ингэснээр тэд өөрсдийгөө хамгаалж чадна. Сүүлийн хэдэн өдрийн дотор бид тусламжийн гурван ачаа илгээсэн бөгөөд дахин ачаа илгээхээр бэлтгэж байна" гэжээ.

Кирбигийн хэлснээр, Европ руу 8500 цэрэг илгээх хугацааг хараахан товлоогүй байгаа аж. Тэрбээр мөн "Цэргүүдээ Европ руу илгээхээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Гэвч явуулах тушаал гараагүй, үйл ажиллагаанд шилжээгүй. Тиймээс яг хэзээ явуулахыг хэлж мэдэхгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний үйл ажиллагаанаас их зүйл шалтгаална" гэжээ. 

АНУ 8500 орчим цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан бөгөөд шаардлагатай бол Европ руу яаралтай илгээнэ гэж Пентагон өмнө нь мэдэгдэж байсан билээ. Одоогийн байдлаар НАТО Эстони, Литва, Латви, Польш зэрэг улсад танк, агаарын довтолгооноос хамгаалах пуужин болон 4000 орчим цэрэг байрлуулаад байгаа ажээ. 

Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд АНУ дэлхийн эрчим хүч үйлдвэрлэгч томоохон улс орнууд болон компаниудтай хамтран Орос Украин руу дайрвал байгалийн хийн асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцаж эхлээд байна. Учир нь, Европын холбооны байгалийн хийн нийлүүлэлтийн гуравны нэг орчим нь Оросоос хамааралтай. Хэрэв Орос байгалийн хийн импортоо зогсоовол Европын орнуудын эрчим хүчний хямрал улам хурцдах болно.

Оросыг Украин руу довтлоход тусалбал Беларусийн эсрэг хурдан бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авах болно гэдгээ Вашингтон мөн  анхааруулсан билээ.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Хэрэв  Беларусь  нутаг дэвсгэрээ Украины эсрэг довтлоход ашиглахыг зөвшөөрвөл АНУ болон манай холбоотнууд хурдан бөгөөд шийдэмгий хариу өгөх болно гэдгийг ойлгуулсан" гэжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(61.102.147.37) 2022 оны 02 сарын 01

Ineedtei hugshin yank...putineer oroldoj bgaad aluulahndee..

0  |  0
Top