Цагаан өвлийн ногоон олимп "БЭЭЖИН-2022"

Админ | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүү

43 жилийн хичээл зүтгэл, 7 жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа Бээжин-2022 өвлийн XXIV олимпийн наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт олимпийн бамбар бадамлан асахад ердөө 7 хоногийн хугацаа үлдлээ.

2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд өмнөд хөрш БНХАУ-д болох хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон  олимпод урьдчилсан байдлаар 91 орны 2890 гаруй тамирчид  долоон спортын (биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга) 15 төрөлд 109 цогц медалийн төрлөө өрсөлдөх юм.

2015 оны долоодугаар сарын 31-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод болсон ОУОХ-ны 128-р чуулганаар 2022 оны XXIV өвлийн олипмийг зохион байгуулах хотоор Бээжин хот тодорсныг албан ёсоор зарласан юм. Олимп зохион байгуулах эрхийн төлөө 6 хотын дунд өрсөлдөөн өрнөж сүүлийн шатанд 44:40 гэсэн саналын харьцаагаар Казакстаны Алмата хотыг ялж Бээжин хот шалгарсан юм.

Улмаар 2015 оны 12 сарын 15-нд Бээжин-2022 XXIV өвлийн олипмийн зохион байгуулах хороо албан ёсоор байгуулагдсанаар бэлтгэл ажил тасралтгүй өрнөж сүүлийн 2 жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд сорилтыг амжилттай давж спортын их гэр бүлийн анд нөхдөө хүлээн авахад бэлэн болжээ.
 

  • Бээжин-2022 өвлийн олимпийн лого: Өвөл(冬) гэсэн ханз үсгийн загварт үндэслэсэн
  • Бээжин-2022 өвлийн олимпийн уриа үг: ИРЭЭДҮЙН ЗҮГ ХАМТДАА
  • Бээжин-2022 өвлийн олимпийн бэлгэдэл амьтан: Дүнь Дүнь хэмээх нэртэй хулсны баавгай
  • Бээжин-2022 өвлийн олимпийн бамбар: Нисэх (飞)гэсэн нэртэй, навчны хэлбэрт үндэслэсэн
  • Бээжин-2022 өвлийн олимпийн сүлд дуу: Ирээдүйн зүг хамтдаа


- ОРОЛЦОГЧИД - 
 



Энэ удаагийн олимпид одоогоор 91 орны тамирчид оролцох эрхээ хангаад байгаа бөгөөд Гайти, Саудын Араб улсууд анх удаа өвлийн олимпийн наадамд оролцох гэж байгаа бол Пенчан-2018 онд оролцсон улсуудаас БНАСАУ оролцохгүй бол Бээжин-2022 онд оролцох эрхээ авч хараахан чадаагүй 4 улс байгаа нь Өмнөд Африк, Сингапур, Того, Тонго болно.

Дэлхийн олон улс орны тамирчдад 12 төрлийн үйлчилгээнд туслан зөвлөх үүрэг гүйцэтгэхээр 27000 сайн дурынхан олимпийн тосгон болон спортын ордонд бэлэн болоод байгаа ажээ.



“Бээжин-2022” өвлийн олимпийн уулын цана, бобслей, скелетоны төрлүүд Бээжингийн Яньчинд дүүрэгт, харин Бээжингээс 180 км зайд орших Хэбэй мужийн Жанчхүү буюу түүхнээ Чуулалт хаалга, Хаалган хот гэж нэрлэгдэж ирсэн Жанжякоү хотод гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд Олимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээн болохоор төлөвлөгджээ.

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпийн гол цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-т болох бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимпийг зохион байгуулах анхны хот болох юм. “Бээжин-2008” зуны олимпийн усан спортын гол ордон болсон “Water Cube”-ийг  “ICE Cube”болгон өөрчлөн ашиглахаар бэлджээ.

Олимпийн уралдаан тэмцээнийг дээр дурдсан 3 бүсийн 12 ордон цогцолборуудад 16 хоногийн турш эв нэгдэл спортын их цэнгэл үргэлжлэх болно.

2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпийн төсөв харьцангүй бага буюу 3,9 тэрбум доллар орчим гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаад байна. Учир нь уралдаан тэмцээн болох ихэнх спортын ордон, цэнгэлдэх хүрээллэн, дэд бүтэцийн байгууламж нь өмнө нь ашигласан болон хуучин байгууламжаа  шинэчлэн зассан бөгөөд шинээр 4 спотын уралдаан тэмцээний байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга болон бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам юм.



Энэ удаагийн өвлийн олимп нь цар тахлын амаргүй үед, тэр тусмаа Омикрон хувилбарын давлагаа ид дэгдэж буй цаг үед зохиогдох болохоор маш хатуу, нарийн чанд дэглэмд нээлт хаалт, уралдаан тэмцээнүүд болон бусад албан ёсны соёлын арга хэмжээнүүд явагдана гэдгийг БНХАУ-ын Олимпийн наадмын зохион байгуулах хорооны зүгээс нилээд эртнээс анхааруулан сануулсаар байна

Одоогоор цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг олимпийн тосгонд оруулахгүй, зөвхөн урьдчлан тасалбар худалдан авсан Хятадын дотоодын үзэгчдийг халдвар хамгааллын маш нарийн тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд үзэгчээр оруулах бэлтгэл ажил бүрэн хийгдэж дуусаад байна.

- НЭЭЛТИЙН ЁСЛОЛ -

Бээжин-2022 өвлийн XXIV наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Хятадын алдарт найруулагч Жан И-Мө ажиллаж бөгөөд тэрээр мөн Бээжин-2008 зуны XXIX наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар ажиллаж Хятадын олон мянган жилийн түүх соёлын дээжээс даян дэлхийн олон зуун сая үзэгчдэд тун амжилттай толилуулж чадсан юм.

Авьяаслаг найруулагчийн удирдлагааар 3000 гаруй урлаг соёлынхон 100 минутад нээлтийн  ёслолыг төгс гүйцэтгэхээр 2019 оны 3-р сараас эхлэн бэлтгэж нээлтийн дохио эхлэх мөчийг хүлээж байна.

Бээжин-2022 нээлтийн ёслолын агуулга, философи нь Бээжин-2008 -аас нэлээд ялгарах бөгөөд “БИ-ээс БИД”, “Түүхийг өгүүлэхээс Ирээдүйг зорих” гэсэн байдлаар өөрчлөгдөж байгааг  найруулагч онцлож байна.

Олимпийн бамбарыг дэлхийн 25 улс орны харьяалал бүхий 14-86 насны төлөөлөл болсон 1200 хүн дамжуулан гүйсээр 2-р сарын 4 нд Олимпийн нээлтийн үдэш уудам тэнгэрт бадамлан асах бөгөөд харин хэн гэдэг гүн хүндэтгэл хүлээсэн эрхэм тамирчин бамбарыг хэрхэн асаахийг Хятадын ард түмэн төдийгүй даян дэлхийн спорт сонирхогчид, нийт үзэгчид хүлээх л үлдэж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top