Хайр бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв. Ертөнц дахинд хайр сэтгэл гэж үгүй сэн бол амьдрал юутай утгагүй билээ. Хүн хайраар тэтгэгдэж, хайраар ургаж цэцэглэдэг. Гэгээн хайрын Валентины өдөрт зориулж “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, яруу найрагчдын шүлгийг та бүхэнд толилуулж байна.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр
ХАНЬДАА
Зүдрэхдээ дуулдаг бүсгүй зовлонг чинь аргадсаар
Зөөлөн дулаан хэвлийд тань ургасан уул боллоо би
Зүүдэлж хоносон үдшүүдийн гэгээ бүхнийг уусгаж
Зүрхэн талаас чинь гэтэж мандсан сар боллоо би
Санаж жаргасан өдрүүдийн шаналан бүгдийг цуглуулж
Сэтгэлд чинь мандсан шингэдэггүй наран боллоо би
Аргадаж зэмлэсэн араншинд чинь сөгдсөөр
Амьдрал алгадаж эргэсэн дөрвөн цаг боллоо би
Тунирхлын гэгээн хацрыг чинь аргадан дагасаар
Талын зүрх амилуулж урссан мөрөн боллоо би
Орчлонгийн хүйтэн бүлээнийг аав шигээ учирлах гэж
Одод түгсэн саргүй шөнийг тэнгэр боллоо би
Чамайг би ижийгээсээ эхтэй сүүн цагаан булаг байг гэхдээ
Сүнс сүүдрийг чинь төөрөлдүүлж ижий болголоо
Чамайг би жаргал туулсан ижий бурхан байг гэхдээ
Саран наран зөрөлдөж мандсан эх дэлхий боллоо би
ЧИНИЙ ХОРВООД
Эмзэглэл дүүрэн чиний хорвоод
Энэ дэлхийн өвс ногоо ургаад
Энгэрийг чинь тэмтэрсэн гараас
Эх газрын цэцэг үнэртэж байна
Санаашрал дүүрэн чиний хорвоод
Салхины чимээ амьсгалаа дарах аниргүйд
Санахдаа бичдэг шүлэгнээс
Сүү үнэртэн жаргаж байна
Бодол баахан чиний хорвоод
Буйд газрын цасан будраад
Биесээ түшээд суусан өдрүүдийн
Бүлээн амьсгал цээж тэмтэрнэ
Сэтгэлийн догдлолтой чиний хорвоод
Сүүдэр ч үгүй гэгээн талд
Санахдаа дуулдаг дуунаас
Сэвлэг нь үнэртэн уясаж байна
Сүүний цагаанаар сэтгэлээ сүлээд
Сэвлэгтэй үнэртэй орчлонг дуулъя
Цээжиндээ тээсэн амьсгалын илчээр
Цэцгийн үнэртэй хорвоог туулъя
НАЙРАГЧИЙН ГОЁЛ
Тэнгэр хээлэн эмжих солонгийг
Төөрөн байж үнсдэг хүзүүнд чинь зүүе
Тэнэмэл зэргэлээ бүдэчсэн талын цэцэгсийг
Тэвэрч эрхэлдэг цээжинд чинь анхилуулъя
Миний амраг бусдаас эрхэмсэг яваг ээ
Ялгуун сартай орчлонгийн дээвэр дор
Яруу найрагчийн зүрх сэтгэлээр гоёж яваг ээ
Хүлгийн туураар шаргих эрдэнийн чулууг
Халган байж атгадаг хуруунд чинь зүүе
Буурал хялгана намисуулах
Боржигон талын цэнхэр салхиар
Гэзэг шанхыг чинь самнаж гоёъё
Миний амраг гоёмсог яваг ээ
Мандах нартай орчлонгийн туурга дунд
Монгол найрагчийн онгодоор чимж яваг ээ
ДӨРӨВДҮГЭЭР САР
Дэрэн дээр асгах чиний үсэнд
Дорно тэнгэрийн одод унтана
Тэгээд чинийхээ зүсийг үнэрлэхэд
Тэнгэрийн цэнхэрлиг үнэртэнэ
Зүүдэлж нойрсох амрагийн уруул дээр
Зүрхэн сарны гэрэл асгана
Зүрхэлж чамайгаа үнсэхэд
Зүүдэт тэнгэрийн цэнхэрлиг амтагдана
Дөрвөн сар дуусахад
Долоохон хоног үлджээ
Дүүрэн жаргал сэтгэлдээ тээгээд
Дахиад л би дөрвөн сарыг хүлээж амьдарна
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Дарханхөвсгөл
САВЛУУР
Хайрт минь хоёулаа охиддоо
Савлуур хийж өгье
Сэтгэлээ суудал болгож
Итгэлээрээ олсыг орлуулж
Газраас тасран тэнгэрт хөөрч
Гариг эрхэст ойртох шиг санагдах
Ганган бус ч бат бөх
Савлуур хийж өгье
Чи тэндээс
Би эндээс тэднийгээ дэмнэж
Чи охидынхоо нүүрэнд тодрох МИШЭЭЛ-ийг харж баясаад л
Би харин тэднийхээ инээдийг чимээгүйхэн сонсоод л
Ажин түжин орчлонгийн
АНИР үргээх охидынхоо
Аз жаргалаар зүрхээ тэжээн
Амьдраад л байя, хайрт минь
ШУВУУ
Жигүүрээ дэлгэн нисч буй тэр жаахан шувууг хар даа
Жирийн зүйл ийм сайхан байдгийг чи минь угаас мэднэ дээ
Нарыг хайчлан дэвэхдээ түүний унагаасан
Тал нарыг чи минь бүтэн л гэж харна даа
Чиний сэтгэл яагаад өчүүхэн ч хир буртаггүй ийм дүүрэн юм бэ
Минийх харин яагаад орчлонгийн түмэн зовлонгийн өмнөөс
сэмжин болтлоо цоорчихсон юм бэ
Биднийх гэхдээ нийлэхээрээ тэнгэр шиг заадалгүй бүтэн болж чадаад
Бусдад магтан дуулж, үзүүлмээр хачин гоёмсог болдог юм бэ
Өнөөх жаахан шувуу эргээд нислээ хайрт минь
Өө, унагаасан нараа аваад эвлүүлж байна шүү дээ, хонгор минь
Хүүхэд харсан ч шоолохоор гэнэн итгэмтгий сэтгэлийг минь
Хайрлан дуулдаг чиний минь алган дээр буух нь дээ янз нь
* * *
Одоо би таван зүрхтэй
Олон болох тусмаа илүү хайрлах хүчтэй
Охидынхоо төлөө цохилох атгахан махнаас
Орчлонг ч эргүүлж дийлэх хүчит гол урсаастай
Энэ л уснаас тэд минь амь юугаа тэжээж
Эргээ даван халих хүчит гол болно оо
Эргэж урсдаг ус байхгүй ч
Эгэлхэн харцнаас нь би амьдрах итгэлээ олно оо
Амрагхан түүнээ хайрласаар олон болсон зүрхээ
Амьдралаар нэг тарааж хорвоог бүхэлд нь энэрүүлмүй
Бурханд алдарсан итгэлийг нь
Буцааж хүмүүст ингэж өгмүй
Одоо би таван зүрхтэй
Олон болох тусмаа илүү хайрлах хүчтэй
МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Сүглэгмаа
ХАЙР ГЭЖ...
Хайр гэж хагацаж салахын нэр
Харанхуй хавцал руу өөрөө үсрэхийн нэр
Эрх ямба, эд агуурсыг умартуулж
Энэлэн шаналанд инээн хөлбөрөхийн нэр
Ширгэсэн цөөрмийг нулимсаараа дүүргэж
Шинэхэн зовлонд шунан шунгахын нэр
Үзэсгэлэнт модод шиг навчаа нэг нэгээр нь өгч
Өөрөө шанд нь үгүйрч үлдэхийн нэр
Хайр гэж чимээгүй хашхирч сурахыг хэлнэ
Хачин өнгөөр ертөнцийг харж мэдрэхийг хэлнэ
Басамжлал, атаархал дундуур бадарчин эсвэл хаан шиг алхаж
Баярын хундага шиг жингэнэж байснаа хормын төдийд хага бутарч
Балчиг дундаас бадамлянхуа шиг дэлгэрснээ хорон үгэнд хуга тастуулж
Бачууртлаа өширхөж, галзууртлаа санаж
Бялууртлаа тэврэлдэж, уйдталаа хамт байхыг хэлнэ
Хайр гэж хутганы ирэн дээгүүр бүжихтэй адил
Хамгийн нарийхан олсон дээгүүр хамтдаа алхахтай ижил
Хараамаар тэнэг үйлдлүүдийг түүнийхээ төлөө хийж
Хачирхмаар оньсого шиг араншинг түүнийхээ харцнаас уншиж
Харамсмаар удаан өвдөж, өвдсөндөө дэмийрэн халуурч
Халагламаар гэмийг нь цагаатгаж, гэсгээлийг нь сэмхэн үүрч
Хууль цаазгүй, худал хуурмаггүй далавчит бурханы өмнө
Хамгийн эцэст нь хамтдаа жаргалтайгаар үхэхийн нэр
ШАНАЛАНГИЙН ЦАГААН БОРОО
Шаналангийн цагаан бороо энгэр нэвчээд байгаа
Шал хөндүүр намрын аньсага чийгтэй уйг ээ
Шанхаа илбэнгээ ганцхан үгийг чинь ичингүйрч хүлээсэн
Шаргал боронз өдрүүдийн навчсын хэлгүй айг ээ
Уушгины чинь ховдлоос нэг л үг намайг онож ниссэн бол
Улигт горь найдлага далавчаа хумин санаашрахгүй байлаа
Учирлаж аргадаагүй харцны чинь жаварт жиндэн
Удаан удаан эмтэрсээр зүрх дагжин чичрэхгүй байлаа
Ай, чи өдийд намартай үгсэж намайг алсад төөрүүлчихээд
Алиахан хонгор аашаа андуу хорвоод цацалж байгаа даа
Эцсийн үгээ ч чамд зориулах уужралыг мэдээ нь үгүй
Энхрий уруулынхаа хээг эндүү орчлонд тамгалж яваа даа
ЧИ БОЛ
Чи бол
Үүр цайтал дэргэд минь энхрийлэн ширтэж
Үзэсгэлэн гоо гэдэг нойрсон буй эмэгтэй юм хэмээн
Өөртөө шивнэгч дуугүйхэн инээмсэглэлт
Өнө холын даяанчлалаас нам гүмхэн залбирагч
Гоё шилэн хорготой өндөр өсгийтөд нүд унаган
Гоо сайхан гэдэг гоолиг турьхан хөл юм хэмээн
Хэтэвчиндээ тунхаглах үгээгүй өглөгч
Хэзээд намайг дагагч үл мэдэг гэрлэн бүрхүүл
Чи бол
Энгэр тэмтчих хүүхдийн гар
Итгэл тээгч бяцхан хөвүүн
Сэтгэл рүү минь өнгийгч гяндангийн хуяг
Сэмээрхэн нэгжих эрүүгийн байцаагч
Далийг минь ургуулж өдийг минь засагч хаан салхи
Даашинзыг минь өмсгөж, дараа нь тайчигч хүлцэнгүй боол
Чи бол
Харанхуйд бамбар асаан гэрэлтүүлэгч
Хавцлын ирмэг дээрээс гараас минь шүүрэх аврагч
Энгэсэг сүрчгээс ангид унаган үнэрийг минь ганцаар ялгагч
Ээмэг зүүлт сэлтээс холхи охин төрхийг минь шунан шинжигч
Чи бол
Орчлонгийн аягийг мэдэхгүй хөөрөн будрах гэнэхэн цас
Охидын аашийг танихгүй хөгжилдөн жиргэх тэнэгхэн болжмор
Эмзэг нандиин нулимсны үл харагдах нэргүй дусал
Энхэр ариухан цэцэгсийн мянган амины чимээгүй хашхираан
Чи бол
Амьсгалах агаар, хорт бодис, халуун лав
Амин дэм, хар тамхи, ирт мэс
Хамгийн сайхан, хамгийн муухай байхад минь ч чи
Халуунаар тэвэрч “Хайртай” гэдэг үгэндээ багтдаг эгшиг авиа.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )