Шинжлэх ухаанаар цангасан ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД

2022 оны 03 сарын 07

БНМАУ-ын болон ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сансарт нисэж байсан түүхтэй. Энэ бол монгол хүн анх удаа сансарт ниссэн түүхэн үйл явдал болсон өдөр юм. Бага ангийн сурагч болсон цагаас эхлээд л Монголын анхны сансрын нисгэгчийн талаарх яриа, бичлэг, мэдээллийг хүүхэд бүхэн сурах бичгээсээ уншдаг. Магадгүй энэ үеэс хүүхдүүд сансрын нисгэгч, сансар огторгуй, уудам орон зай, од эрхэс гэх мэт байгалийн шинжлэх ухаантай танилцдаг биз ээ. Харин орчин үеийн хүүхдүүд цахим орчноос тэр бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой. Гэвч гарт баригдаж, нүдний өмнө үзэгдэхгүй бол хэчнээн сонслоо ч сонирхол татахгүй байх нь бий. Тийм учраас музей гэдэг зүйл оршин байдаг биз ээ.

Энэ удаа Астропарк буюу Сансар, од эрхсийн ордныг сурвалжиллаа. 


Шинжлэх ухаан бол латин хэлний Scientia гэх үгнээс үүсэлтэй мэдлэг гэх утгатай үг. Бусад улс орон шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Лаборатори, музей, үзүүлэн бүхий байгууламж, бүр сургуулийн ангиа хүртэл зөвхөн шинжлэх ухаанд зориулан тохижуулах нь бий.

Харин манай улсын хувьд шинжлэх ухаан, тэр дундаа Сансар, од эрхсийн ордонг 2014 оны зургаадугаар сарын 01-ний өдөр нээж байсан. Том биш ч гэлээ шинжлэх ухаанд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэхэд хилсдэхгүй.

Уг байгууламжийг барьсан явдал сайндаа орохоос биш муудаа лав орохгүй. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын музейн чанх хойно байрлах Сансар, од эрхсийн ордон хоёрдугаар сарын 16-наас хойш үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ. Цар тахлын улмаас хоёр жилийн турш хаалгаа барьсан тус газрыг зорих хүмүүс татрахгүй байв.

Энэхүү байгууламж нь 60-70 хүний багтаамжтай учраас урьдчилж цаг аван үйлчлүүлдэг ажээ. Нэг удаадаа 15-20 хүнийг хүлээн авч, музейтэй танилцуулдаг байна. Тус музей нь сансар, нар, сар, кино болон од эрхэс танхим гэсэн үндсэн гурван танхимтай ажээ. Тус гурван танхимаар зочлох дараалал байдаг аж.

 

ПЛАНЕТАРИ ТӨХӨӨРӨМЖӨӨР ОДДЫГ АЖИГЛАХ БОЛОМЖТОЙ

 

Эхлээд од эрхэс танхимаар үйлчлүүлэв. Тус танхимын голд планетари байрлана. Планетари бол хагас бөмбөрцгөн дээврийн дотор гадаргуу дээр од, гараг, нар, сар, бусад тэнгэрийн эрхсүүдийн дүрсийг тэдгээрийн гэрэлтэлт, байрлал хөдөлгөөнийг тооцон проекцлон гаргадаг төхөөрөмж, проектор юм. Планетари нь дэлхийн аль ч цэгээс өнгөрсөн, одоо, ирээдүй аль ч хугацаанд тэнгэрийн зургийг харах боломж олгодог.

Японы эрдэмтэн Сакай Ёшихитогийн бэлэглэсэн “Минолта MS-8” планетарийн тусгай багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар одот тэнгэрээр аялан одод ба оддын ордууд, сүүн замтай танилцана.

Мөн одот тэнгэрийн хоногийн эргэлт, хөдөлгөөний тухай, дэлхий дээр яагаад өдөр шөнө солигддог тухай, нарны аймгийн бусад гаригууд, сүүлт од, бага гаригуудын тухай мэдлэгийг олж авна. Хойш налах сандал дээр суун, хагас бөмбөрцгөн дээврийг ширтэн, од эрхсийн талаар тайлбарлах тайлбарлагчийн яриаг сонсох үед одод хоорондоо холбогдон, ордны дүрс үүсгэх нь ихэд сонирхолтой байлаа. Энэ танхимаар үйлчлүүлэх хүмүүс 80 гаруй төрлийн орд байдгийг сонсоод гайхширч байв.

Оддын талаарх яриаг сонссоны дараа үйлчлүүлэгч Э.Мөнхжин “Би 11 настай. Энэ музейн хамгийн сонирхолтой хэсэг нь од эрхсийн танхим юм. Толгойн дээр өдөр, шөнө солигдож, оддыг хооронд нь холбож буй нь их гоё харагддаг. Яг л одод ойртсон мэт. Би тэднийг илүү ойроос харж чаддаг” гэв.

Харин түүний ах Э.Батжин “Би 14 настай. Шинжлэх ухаанд их дуртай. Манай сургуульд хичээлийг ингэж ордог бол их гоё юм байна хэмээн бодсон. Физик, газарзүйн багш нар маань тэдэнтэй адил хичээлээ ороосой. Сургууль ч бас ийм төхөөрөмжтэй эсвэл музей шиг байдаг бол энэ хичээлүүдэд найзууд маань ч сайжрах байх гэж бодсон. Дараагийн удаа найзуудаараа ирж үзнэ” гэсэн юм.

 

ХӨЛГИЙН БУУГЧ АППАРАТ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ НЬ БАЙСАН ГЭВ

 

Хоёрдугаар танхим бол сансар танхим буюу сансрын музей юм. Орчлонгийн бүтэц, үүсэл, галактикууд, нар ба нарны аймгийн тухай тайлбар бүхий зурагт самбаруудыг байршуулсан байв. Мөн дэлхийн сансар судлалын түүх, ололт амжилт, хүн төрөлхтөн сансрыг хэрхэн эзэмшиж эхэлсэн, сансрын хөлөг, пуужинг хэрхэн зохион бүтээж эхэлсэн зэргийг харуулсан плакат, пуужингийн макет загваруудыг байрлуулсан байлаа.

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлыг харуулсан үзүүлэн, тэр үеийн баримт материалуудыг ч тавьжээ. Мөн Монгол улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл зэргийг байрлуулсан нь тэрхүү газраар үйлчлүүлэгчдэд ихэд сонирхолтой байх шиг. 

Тус газраар үйлчлүүлэх М.Мишээлт гэх хүүтэй цөөн хором ярилцсан юм. М.Мишээлт “Би есөн настай. Энэхүү музейд анх удаа ирж байна. Би шинжлэх ухаанд их дуртай. Аав маань пуужин, онгоцын талаар тайлбарлаж өгдөг. Нарны аймаг, од эрхсийн талаар ч ярьж өгнө. Сансар огторгуй, пуужингийн талаарх танин мэдэхүйн ном их уншдаг. Тесла, аполло хөлгийн талаарх киног ч их үзсэн. Энэ музейн хамгийн сонирхолтой хэсэг нь онгоцны макетууд болон хөлгийн буугч аппарат байсан. Цаашдаа энэ талаар илүү их унших сонирхолтой байгаа” гэв.

Харин зургаан настай Б.Марал-Эрдэнэ охин хөлгийн буугч аппаратнаас ихэд айсан талаараа ярилаа. Тэрбээр “Би зургаан настай. Өмнө нь ийм газар ирж байгаагүй. Энэ газар их гоё санагдлаа. Гэхдээ би нэг зүйлээс их айсан. Сансрын нисгэгчийн суудаг хөлөг нь их аймаар санагдлаа. Би дотор талыг нь хараад айсан” гэв.

 

ШИНЖЛЭХ УХААНЫ МУЗЕЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН СОНИРХЛЫГ Ч БАС ТАТДАГ

 

Сүүлийн танхим бол нар, сар, кино танхим юм. Тус танхимд одон орон геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнуудын бэлтгэсэн орчлон ертөнц, од гарагийн тухай шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц,  баримтат кино үзүүлэх танхим юм.

Дэлгэцээр анимейшн хэлбэрээр ямар ч насны хүн үзсэн ихэд ойлгомжтой байдлаар бүтээсэн дүрс бичлэгийг үзүүлж байв. Тэрхүү бичлэгийг үзсэнээр нэмэлт мэдээллүүд авах боломжтой ажээ. Хүүхдээ дагуулан явах эцэг эхчүүдэд ч тус кинонууд ихэд сонирхолтой байсан талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.

Иргэн Б.Гэрэлт-Од “Эхнэр бид хоёр хүүдээ энэ музейг үзүүлэхээр зорьж ирсэн. Бид өөрсдөө ч их зүйлийг мэдэж авлаа. Магадгүй энэ төрлийн үзвэр, үйлчилгээний газрууд ихэсвэл хүүхдүүдэд ихэд сонирхолтой байх бололтой. Тэдний хичээл, мэдлэгт ч нөлөөлөх байх. Хүүхдээ дагуулан ирэх эцэг эхчүүд ч сонирхон үйлчлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Харин тус танхимд кино үзэж байсан есөн настай Б.Гэрэлт-Эрдэнэ болон Г.Мөнхжин нартай ярилцсан юм. Б.Гэрэлт-Эрдэнэ “Энэ музейд анх удаа ирж байна. Эхэндээ их сонин, муухай санагдсан. Гэхдээ музей үзээд явж байхад гоё санагдаж эхэлсэн л дээ. Бас аймаар санагдсан зүйл байгаа. Хөлгийн буугч аппарат нь их аймаар санагдсан. Өмнө нь сансрын нисгэгч, од эрхэс, пуужингийн талаар уншиж байгаагүй. Музей үзсэнээр нар сартай холбоотой олон зүйлийг мэдэж авлаа” гэв. Харин Г.Мөнхжин “Найзуудаараа музей үзэж байгаа. Энэ музейд өмнө нь ирж байгаагүй. Энэ музей их гоё юм байна. Өмнө нь гараг эрхэс, сансрын нисгэгчийн талаар сургуульдаа байсан номноос маш их уншиж байсан. Гэхдээ ирээд харах нь уншсанаасаа илүү гоё байлаа” гэсэн юм.

 

ЖИЛДЭЭ 10 МЯНГААС ИХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ АЖЭЭ

 

Манай сурвалжлах багийг очих үеэр 20 орчим хүүхэд тус музейтэй танилцан аялж явсан юм. Энэ бол сүүлийн үзвэрийн цаг байсан ажээ. Тус музей нь өдөрт зургаан удаагийн цаг товлолтоор үйлчлүүлэгчээ авдаг байна. Учир нь музейн гурван танхимаар ороход нийт нэг цагийг зарцуулдаг ажээ. Эл ордноор аялах тасалбар нь 3000 төгрөгийн үнэтэй. Мөн урьдчилан 11480292 утсаар холбогдож цагаа товлон үйлчлүүлдэг байна. Цагаа товлохын учир нь өмнө нь дурдсанчлан байгууламжийн багтаамжаас шалтгаалдаг аж.

Сансар, од эрхсийн ордны талаар эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргал “Астропарк цар тахлаас улбаалан хоёр жил үйл ажиллагаагаа явуулаагүй. Гэвч энэ хугацаанд зүгээр суусан гэсэн үг биш. Бид энэ хугацаанд үзмэрээ баяжуулан ажилласан. Гэрэлтүүлэг, макет, үзмэр бүхий шилэн хорго гэх мэт зүйлсийг нэмсэн. Астропарк маань үйл ажиллагаагаа эхлүүлсэн эхний долоо хоногтоо 300 орчим үйлчлүүлэгч хүлээн авлаа. Өмнө нь жилийн турш 10 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг байсан. Магадгүй энэ эрчээрээ ажиллавал өмнөхөөсөө их үйлчлүүлэгч хүлээн авдаг болох биз ээ. Цаашдаа хийхээр төлөвлөсөн зүйл их байна. Учир нь үйлчлүүлэгчдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байдаг” гэсэн юм.

Астропарк нь нийт есөн ажилтайн аж. Учир нь нэг хүн гурван хүний ажлыг хийдэг байна. Үүнд, судалгааны ажил, тайлбарлагчаас гадна макетаа угсардаг ажээ.Тус байгууллага нь бусад музейн жишгээр төлбөрийн хураамжаа үнэлээгүй ажээ.

Тодруулбал, гурван танхимаа тус бүр 1000 төгрөгөөр үнэлсэн аж. Астропаркийн үзмэрийн олонхыг нь Ж.Гүррагчаа гуайд үлдсэн зүйлсээр тохижуулсан ажээ. Шагнал авч байсан дүрэмт хувцас, өөрт нь хадгалагдсан нисгэгчийн хувцас, шагнал, сонин гэх мэт зүйлсээр тохижуулсан байлаа. Мөн бусад музейтэй харьцуулахад тус музей үйлчлүүлэгчдээ дэлгэцээр тайлбарлахыг чухалчилдаг учраас баримтат кино үзүүлдэг ажээ. Ингэснээр хүүхэд гэлтгүй хүмүүсийг сэдэлжүүлэхийг чухалчилдаг юм. Мөн 10-16 цагийн хооронд үйлчлүүлэгчдээ угтдаг байна.

Сансар, од эрхсийн ордноор бага насны хүүхдүүд их зочлох болсон нь шинжлэх ухаан сонирхох бага насны хүүхэд ихэссэнтэй холбоотой ажээ. Багачуудын хувьд шинжлэх ухааны хичээлийг энэ мэт үзүүлэн, тайлбар, дүрстэйгээр ордог байвал их сонирхолтой байна гэдгийг онцлон ярьж байлаа. Магадгүй ахлах сургуулиуд ядаж нэг ч атугай ангийг энэ мэт тохижуулвал цаашдаа манай улсад шинжлэх ухаан хөгжихөд бага ч атугай хувь нэмэр болох юм.

Шинжлэх ухаанч сонирхлыг нь өдөөсөн болоод ч тэр үү, Астропаркийн гол үйлчлүүлэгчдийг бага насныхан бүрдүүлж буй нь сайшаалтай юм. Цаашдаа ч хүүхдүүдийн энэхүү сонирхлыг унтраахгүйгээр улам бадамлуулж чадах эсэх нь томчууд биднээс, тэр дундаа боловсролын салбараас шалтгаална. Улс хөгжихийн гол суурь нь хүний хөгжил, боловсрол, мэдлэг байдаг. Олон улсын жишгээр өрсөлдөхийг хүсвэл шинжлэх ухааны салбараа өөд нь татах хэрэгтэй. Үрийг усалсаар цэцэг ургуулдгийн адил хүүхдийн сонирхлыг бага дээр нь услах шаардлагатай байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top