Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль 2019 оноос ногоон халаалтын системд шилжсэн байдаг. Ногоон халаалт гэдэг нь гүний насосоор халаах үйл явцыг хэлэх бөгөөд дунджаар 120 метрийн гүнд байх нийт 24 цооногоос бүрддэг байна. Өмнө нь түүхий нүүрс, галлагаагаар халаалтаа шийддэг байсан тус сургууль ногоон халаалтад шилжсэнээр халаалтын сарын зардал нь 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болж буурч, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ буурсан эерэг үр дүн гарчээ.
Энэ талаар Ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэнгээс тодруулахад “Манай сургууль энэ хичээлийн жилд 3300 гаруй хүүхэдтэй, хоёр хичээлийн байртай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хичээлийн I байр маань Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр баригдсан. Харин хичээлийн II байр нь шинээр баригдаад удаагүй байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны буцалтгүй зээлээр баригдаж, 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Манай сургуулийн дулаан хангамжийг БОАЖЯ-ны захиалгаар газрын гүний дулаанаар шийдсэн. Газрын гүний дулаан нь уурын зуух ажиллуулахаас санхүүгийн хувьд эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг өнгөрөгч хугацаанд харж, мэдэрлээ” гэж ярилаа.
Өмнө нь түүхий нүүрс, галлагаагаар халаалтаа шийддэг байсан тус сургууль ногоон халаалтад шилжсэнээр халаалтын сарын зардал нь 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болж буурч, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ буурсан эерэг үр дүн гарчээ.
Харин “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт”-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон “Монгол Улсын хувьд хүйтний улиралд барилгуудыг дулаан хангамжаар хангахад гол эх үүсвэр нь түүхий нүүрс байдаг. Түүхий нүүрс хэрэглэх нь агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс үүнийг хэрхэн хэмнэлттэй горимд шилжүүлэх вэ гэх судалгааг манай байгууллага хийж, энэ сургуульд гүний халаалт тавьсан. 122 дугаар сургуулийг сонгосон шалтгаан нь Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт байдаг, төвийн дулаан хангамжинд холбогдоогүй, нүүрс түлж халаалтын асуудлаа шийдэж байсантай холбоотой. Үр дүн нь өнөөдөр харагдаж байна. Тус сургуулийн 3315 м.кв барилгын доторх агаарын температурыг 17-21 градус байлгахад 174 кВт газрын гүний дулааны насос бүхий халаалтын систем ажиллаж байгаа” гэж ярилаа.
Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 0 )