Сургуульд халдлага хийсэн өсвөр настны эцэг, эхэд 10-15 жилийн хорих ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

 

Оклэндийн тойргийн шүүх 2021 онд АНУ-ын Мичиган мужийн Оксфордын ахлах сургуульд гал нээж, дөрвөн сурагчийн аминд хүрсэн Итан Крамблийн эцэг, эхэд шууд бусаар хүн амины хэрэг үйлдсэн хэргээр 10-15 жилийн хорих ял оноожээ. Жеймс, Женнифер Крамбли нар хүүхэд нь халдлага хийсний дараахан саатуулагдаж, хоёр жил хоригдож байгаа юм. Тэд хүүхдийнхээ хийсэн хүн амины хэргийн төлөө эрүүгийн ял авсан анхны тохиолдол болж байна.

Шүүх хурлын үеэр Женнифер Крамбли 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр халдлагын улмаас амиа алдсан Хана, Тэйт, Мэдисин, Жастин нарын гэр бүлд харамсаж буйгаа илэрхийлсэн бол Жеймс Крамбли “түүнд /хүүд нь/ юу тохиогоод байгаа, юм болох гэж байгааг мэдэж байсан бол маш олон зүйлийг өөрчлөх байсан” гэжээ.

Итан Крамбли /тухайн үед 15 настай байсан/ сургуульдаа эцгийнхээ хэдхэн хоногийн өмнө худалдаж авсан Sig Sauer хагас автомат буугаар гал нээсний улмаас дөрвөн сурагч амиа алдаж, зургаан сурагч, нэг багш шархадсан. Өнгөрсөн онд Итанд бүх насаар нь хорих ял оноосон юм. Халдлага болохоос нэг өдрийн өмнө багш нарын нэг нь Итаныг интернэтээр сум хаанаас авах тухай хайлт хийж байсныг мэджээ. Багш энэ талаар түүний эхэд мэдэгдсэн ч тэрээр үл тоомсорлож, хүүдээ “Би чамд уурлаагүй. Өөрийгөө барьж өгөхгүй байхаар хөдлөх ёстой” гэсэн мессеж бичсэн байна. Тэр өдөр Итан дэвтэртээ сургуулийн сурагчид хэрхэн тарчилж байгааг харахыг хүсэж байгаа, амьдралаа шоронд өнгөрүүлэх байх гэж бичсэн байжээ. Тэр мөн дүрс бичлэг хийж, хэрхэн халдлага үйлдэх гэж байгаа тухай ярьсан байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны сургуулийн захиргаанаас түүний эцэг эхтэй дахин холбогдож, Итаны зурсан зурагтай холбогдуулан дуудсан байна. Тэр автомат буу, сум, шархадсан хүн зурж, “Бодлоо зогсоож чадахгүй байна. Надад туслаач” хэмээн бичсэн байжээ. Гэвч Женнифер, Жеймс Крамбли нар хүүгээ гэртээ авч явсангүй. Хэн ч түүний цүнхийг шалгасангүй. Хэдхэн цагийн дараа тэр гэм зэмгүй хүүхдүүд рүү гал нээнэ. Халдлага гарахаас хэдэн хоногийн өмнө тус сургуульд энэ талаар шуугьж эхэлсэн тул зарим сурагчид тэр өдөр сургуульдаа яваагүй тухай “Detroit Free Press” хэвлэлд мэдээлжээ. Сургуулийн захиргаанаас үүнд ач холбогдол өгч, арга хэмжээ аваагүй төдийгүй сургуульд халдлага үйлдэх гэж байгаа тухай цуу яриа батлагдаагүй хэмээн эцэг, эхчүүдэд мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top