Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Жүн Сүк төсвийн мөнгөөр хувцас, хэрэглэл худалдан авсан гэх шүүмжлэлд өртөж эхэллээ.
Айлчлалд явахдаа олон төрлийн хувцас сольж өмсдөг нь түүнийг яг л жуулчин шиг харагдуулдаг хэмээн олон нийт шүүмжилж байгаа бөгөөд үүндээ төсвийн мөнгөнөөс ашигладаг байж болзошгүй хэмээх хардлага дагах болжээ.
Өмгөөлөгч Шин Пён энэ тухай анх өөрийн фэйсбүүк хуудаснаа гуравдугаар сарын 25-ны өдөр анх нийтэлсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний бүрэн эрхийн хугацаа дуусахад төсвийн мөнгөөр авсан хувцаснуудаа улсад эргүүлэн тушаахыг уриалсан аж.
Үүний дараа хэсэг иргэд хатагтай Кимийг улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган, цагдаагийн газарт гомдол гаргажээ.
Хатагтай Кимийн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо зүүсэн энгэрийн зүүлт 200 сая вонын үнэтэй байсан нь цуурхлыг дэврээхэд чухал нөлөө үзүүлжээ.
Шүүхээс Ерөнхийлөгчийн гаргасан зарлагын тухай мэдээллийг ил болгохыг өнгөрөгч хоёрдугаар сард шаардаж эхэлсэн юм. Гэсэн ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар энэхүү мэдээллийг задруулах боломжгүй болсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө асуудлыг шийдвэрлэхгүй бол дээрх мэдээлэл 15 жилийн турш нууц хэвээр хадгалагдан үлдэх дүрэмтэй ажээ.
Сэтгэгдэл ( 0 )