Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний “Девонпорт” баазаас үл мэдэгдэх этгээдүүд хэдэн долоо хоногийн турш дизель түлш хулгайлж байжээ. Түлшийг тус баазад засварт орсон “Bulwark” десантын хөлөг онгоцны генераторуудыг цэнэглэхээр хадгалж байсан тухай “The Sun” сонин мэдээлжээ.
Нийт 326.7 мянган ам.долларын түлшний хулгайг “Девонпорт” баазын нутаг дэвсгэрээс гарч буй шатахуун тээвэрлэгч машинуудыг шалгах үеэр илрүүлжээ.
Хатан хааны тэнгисийн цэргийн хүчний удирдлагууд хэргийг шалгаж эхэлсэн байна. Тус сонины мэдээллээр, хулгайлагдсан түлшний дийлэнхийг хар зах дээр борлуулсан аж. Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс үүдэн тус улсад шатахууны үнэ огцом өсөөд байгаа юм.
Их Британийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэргийн талаар тус яам мэдээлэл авсан тухай мэдэгдсэн бол Нийтийн танхимын гишүүн Люк Поллард энэ хэрэг явдал Нэгдсэн Вант Улсын хамгийн чанд харуул, хамгаалалттай баазын аюулгүй байдлын талаар асуудал тавихад хүргэж байна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )