Нью Йоркийн метронд гал нээсний улмаас 29 хүн шархадлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

АНУ-ын Нью Йорк хотын Бруклин дүүргийн метронд үл мэдэгдэх этгээд гал нээсний улмаас шархадсан хүний тоо 29 болжээ.

“NY1” сувгийн мэдээллээр, мягмар өглөө Бруклин дүүрэг дэх метроны “36th Street” буудал дээр үл мэдэгдэх этгээд гал нээжээ. Цагдаагийн шеф Кишант Сюэлийн мэдээлснээр, хэрэгт хар арьстай эрэгтэйг сэжиглэн, эрэн сурвалжилж байна. Барилгачдын ногоон хантаазтай, хийн баг зүүсэн эрэгтэй барьж явсан канистрын тагийг нээхэд утаа гарсан байна. Үүний дараа тэрбээр зорчигчид руу буудаж эхэлжээ.

Хотын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Жеймс Эссиг гэмт этгээдтэй холбоотой мэдээллийн төлөө 50 мянган ам.долларын шагнал олгоно гэж мэдэгджээ. Хэргийг Холбооны мөрдөх товчоо, Нью Йоркийн цагдаагийн газрын терроризмтой тэмцэх хэлтэс хамтран шалгаж байна.

Хууль хүчнийхэн хэргийн газраас найман км зайд гэмт этгээдийн унаж байсан байж болзошгүй фургон машин олжээ. Аризона мужийн дугаартай фургоныг Филиделфиа хотод түрээсэлсэн 62 настай эрэгтэйг эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top