Био хийн эрчим хүчийг цахилгаанд хувиргадаг нян нээв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Нидерландын Радбудын их сургуулийн биологичид байгаль орчноос метан хийн молекулыг шингээж, чөлөөт электрон ялгаруулах чадвартай цэнгэг усны метанотроф бактерийн шинэ төрлийг нээжээ.

Энэ микроб байгалийн хий дээр ажилладаг цахилгаан станцын шинэ үеийг боловсруулахад хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна.

Радбудын их сургуулийн судлаач Корнелиа Велтег тэргүүтэй эрдэмтдийн баг цэнгэг устай нуур, цөөрөмд амьдардаг нянг судлах явцад шинэ төрлийн нян нээжээ. Тэд эхэндээ хүчилтөрөгчгүй амьдрах, бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай азотын янз бүрийн нэгдлийг үйлдвэрлэх чадвартай бактерийн төрлийг судалж байжээ. Олон жилийн турш ийм төрлийн судалгаа хийх явцад ийм чадвартай хэд хэдэн төрлийн микроб, тэр дундаа “ANME-2d” нэг эст организмыг илрүүлсэн байна. “ANME-2d” организм азотын хүчилгүй нуур, цөөрөмд олноор илэрсэн байна.

Биологичид “ANME-2d” цэвэр төрлийг ургуулж, тусгай био реактор хийн тухайн орчин дахь цахилгаан химийн шинж чанарын өөрчлөлтийг ажиглажээ. Үүний үр дүнд нэг эст организм метан хийг шингээж, олон тооны чөлөөт электрон ялгаруулдаг болохыг тогтоосон байна. “ANME-2d” организм метан хийн молекул дахь химийн холбооны энергийн 31 хувийг цахилгаан болгож хувиргажээ. Гэхдээ үүнийг эрдэмтэд өндөр үзүүлэлт гэж үзэхгүй байна.

Биологичид дараа дараагийн туршилтаар цахилгаан эрчим хүчний биологийн эдгээр эх үүсвэрийн ашигт үйлийн коэффициентыг ихээхэн нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Ингэснээр био хийгээр ажилладаг дулаан, цахилгааны станцын хийн тогоо, турбин зэргийг орлуулах боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top